Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтад оруулав

Төрийн ордонд байрлаж байсан Өрлөг жанжин Х.Чойбалсангийн бунханыг 2006 онд нүүлгэн шилжүүлэх үед булшнаас гарсан хувцасны металл чимэглэл болох голдоо соёмботой алтан шармал бүсний арал, цэрэг шинелийн 2 ширхэг алтан шармал жижиг товч, кителийн 7 ширхэг алтан шармал том товч, ханцуйны бадмаараг шигтгээтэй монетон тээглүүр товч зэргийг түүхийн хувьд үнэ цэнэтэй гэж БСШУЯ-ны дэргэдэх Түүх, соёлын дурсгалт зүйлд зэрэглэл, үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөл үзсэн байна.
Мөн зоос цуглуулагч Б.Нямаагаас худалдан авч Төрийн түүхийн музейн сан хөмрөгт хадгалж байгаа XIII-XIY зууны үеийн Монголын Эзэнт гүрэн болон түүний салбар хараат улсуудын их, бага 75 хааны нийт 255 ширхэг алт, мөнгө, зэс зоосыг дэлхийд маш ховор, түүх, соёл, шинжлэх ухааны ач холбогдолтой гэж үзэв.
Монголбанкны Эрдэнэсийн санд хадгалагдаж байгаа 8 дугаар Богд Жавзундамба хутагтын алт, мөнгө, хаш тамга, тамганы хайрцаг, алтан чимэглэлтэй хэт хутга, эрхи, алтан өргөмжлөл, Эх дагины мөнгөн тамга зэрэг 15 ширхэг зүйл, ШУА-ийн Палеонтологийн төвд хадгалагдаж байгаа тарбозавр, галлимимус, адазавр зэрэг динозаврын чулуужсан араг яс, бөөнөөрөө олдсон зулзага, өндөгний үүр зэрэг 25 ширхэг олдвор, ШУА-ийн Археологийн хүрээлэнд байгаа 5 ширхэг олдвор, Хүннү болон пазырыкийн үеийн олдворууд, XIII-XIY зууны язгууртны хэрэглэж байсан эрэгтэй малгай, гутал, зүүсгэл, модон самны хугархай, хавтага, малгайн бүч, эмээлийн мод, богтаг малгай зэрэг нь түүхийн үнэ цэнэтэй зүйл гэж мэргэжлийн зөвлөл үзсэн байна.
Дээрх зүйлсийг Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтад оруулахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэв. 
Жагсаалтад бүгд 304 үзмэр, эд өлгийн зүйл, олдвор нэмэгдэж, манай улсын түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйл 593 болоод байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.