Төв Америкийн нутгийг дайран өнгөрсөн Агата хар салхи их хэмжээний хохирол учруулсан байна. Номхон далайгаас эх газар луу шуурсан хүчтэй салхинд туугдан ирсэн аадар борооны улмаас Гватемал, Сальвадор, Гондураст үер бууж, 100 гаруй хүн амь насаа алджээ. Гватемалд хар салхи, үерээс гадна галт уулын үнс олгойдож байдлыг улам хүндрүүлсэн байна. Тус улсад үргэлжлэн орж байгаа ширүүн борооны улмаас үерийн ус зарим газарт гурван метрт хүрч, амь үрэгдсэн хүмүүсийн тоо албан ёсны мэдээгээр 63 болсон гэж ВВС мэдээлэв. Тус улсын Ерөнхийлөгч Альваро Колом “Өнгөрсөн 60 жилд үзэгдээгүй устай бороо орлоо. Олон газар усаар хашигдаад байгаа ч бид агаараар тусламжийн барааг хүргэсээр байна. Зам харилцаа олон газарт юу ч үгүй сүйрсэн” гэж хэвлэлийн хурал дээр мэдэгдэв. Байгалийн гамшигт нэрвэгдээд байгаа Гватемал, Сальвадор, Гондурас улсын Засгийн газрууд онц байдал зарлаж, яаралтай тусламж хүссэн байна. “Гватемалд 70.000 хүнийг нүүлгэн шилжүүлээд байна” гэж Ройтерс дамжууллаа.
О.ТОГОО







0 Сэтгэгдэл