Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ХАРИУЦЛАГА, бас ДАХИН ХАРИУЦЛАГА

Бизнесийн орчинд реформын шинжтэй өөрчлөлт хийнэ гэсэн хүлээлт дагуулж буй Ерөнхий сайд төрийн албан тушаалтнуудад ажилдаа хариуцлагатай байхыг сануулж, жинтэйхэн цочроо өгч эхэллээ.

Тэдний хүнд суртал, хариуцлагаа үл ухамсарладаг байдлаас болоод бизнесийнхэн төдийгүй жирийн иргэдэд хүндрэлтэй олон асуудал тулгардаг. Тиймээс албан тушаалтнуудтай ийнхүү хариуцлага тооцож, төрийн ташуурын амтыг мэдрүүлэх цаг болоод байсан юм. Ерөнхий сайд С.Батболдыг намуун зөөлөн, зарим нэг нь дэндүү либерал ч хэмээн дүгнэдэг.

 

Гэтэл ийнхүү эрс шийдмэг алхам хийж, улс төрийн бялуу хуваалт болсон газар, агентлагийн дарга, албан тушаалтнуудад хариуцлага тооцож эхэлсэнд “Браво” хэмээн алга ташин талархаж байна. Хуулийг даган биелүүлээгүй Стандартчилал, хэмжил зvйн газрын дарга Г.Гантөмөрийг албан тушаалаас нь чөлөөлж, хэд хэдэн албан тушаалтанд хариуцлага тооцохыг үүрэг болгоод байгаа.

Үүнээс Монголын төдийгүй олон улсын хэмжээнд анхаарал татахуйц нэгэн шийдвэр гарсан нь саяхан батлагдсан Цөмийн энергийн тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой байв. Энэ хуулийг хэрэгжүүлэх талаар холбогдох арга хэмжээг хангалттай авч чадаагүй гэх шалтгаанаар Цөмийн энергийн газрын даргад хариуцлага тооцохыг үүрэг болголоо. Ураны нөөцөөрөө дэлхийд айрагддаг манай орны хувьд энэ баялгийг төрийн тусгай “хамгаалалт” дор ашиглахаар төлөвлөж буй. Гэвч ураны салбарт хамаа замбараагүй олгогдсон тусгай зөвшөөрөл, түүнийг тойрсон маргааныг цэгцлэхэд Монголын төрийг төлөөлөх бүрэн эрхтэй Цөмийн энергийн газрын дарга хэт болгоомжилж, аядуу байр сууринаас хандсан нь ийнхүү банга хүртэхэд хүргэсэн бололтой.

Мөн өнгөрсөн долоо хоногт ханиадаар өвчилсөн бага насны хүүхдүүдийг багтааж шингээж чадахгүйд хүрсэн “хуаран” эмнэлэг, хүйн халдвар, эхчүүд төрөх байргүй байгаа зэрэг тулгамдсан олон асуудал шил шилээ даран тулгарсан. Үүнийг эрүүл мэндийн салбарын урагшгүй удирдлагуудын үйл ажиллагаатай холбоотой гэж үзэн хариуцлага тооцохыг Эрүүл мэндийн сайд, Нийслэлийн засаг дарга нарт үүрэг болгосон. Ерөнхий сайд албан тушаалтнуудын үүрэг хариуцлагыг энэ мэт сайжруулсны дараа эрүүл мэндийн салбарыг цогцоор нь шинэчлэнэ гэсэн мэдээлэл ч байна. Үүнтэй зэрэгцээд МАХН-д хариуцлагын асуудал удирдлагын түвшинд хөндөгдөж, Сонгинохайрхан дүүргийн МАХН-ын хорооны дарга болон тус дүүргийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын асуудлыг төв намынх нь Удирдах зөвлөлөөр хэлэлцэн, хариуцлага тооцлоо.

Сүүлийн хэдэн жилд иргэдийн шаард лагыг намын Удирдах зөвлөлөөр хэлэл цэн ийнхүү шийдэж байсан тохиолдол гараагүй. Харин одоо эрх баригч МАХН улс төрийн болон засаглалынхаа хэмжээнд хариуцлага тооцож эхэлсэн нь олны анхаарлыг татахаас аргагүй юм. Зоримог гэмээр энэ мэт шийдвэрүүд зөвхөн дарга нарт төдийгүй төрийн жирийн албан хаагчдад ч бас дохио болно. Дарга нарт хариуцлага тооцоод эхэлбэл шат шатны албан хаагчдын хариуцлага сайжирч, төрийн хүнд суртал хөнгөрч, иргэддээ хүрч чаддаг болно гэсэн итгэл олон нийтэд төрж эхэллээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.