Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ

    Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газрын дарга Ян Фишер нар 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотноо уулзаж, хоёр талын харилцааны асуудлаар хэлэлцээ хийв.    
Талууд 20 жилийн өмнө хуучин социалист орнуудад өрнөсөн ардчилсан өөрчлөлт, шинэчлэлт нь Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын түүхэн хувь заяанд чухал үүрэг гүйцэтгэн хөгжил рүү хөтөлсөн өргөн, таатай боломжийг бий болгосныг тэмдэглэв.
         Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс нь нийтлэг үнэт зүйлс, ардчилал, чөлөөт эдийн засагт тулгуурласан иж бүрэн хамтын ажиллагааны харилцааг хөгжүүлж байна. Талууд иж бүрэн түншлэлийн хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, шинжлэх ухаан, батлан хамгаалах, байгаль орчин, хөдөлмөр болон шилжин суурьшилтын чиглэлээр эрчимжүүлэх, өргөжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа нотлов.
Түүнчлэн, талууд Хамтарсан хороо нь хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал механизм болохыг тэмдэглэв. Талууд худалдаа, хөрөнгө оруулалтын эрх зүйн таатай орчин бүрдүүлэхэд хамтран ажиллахаар тохиров.
         Монголын тал хоёр талын батлан хамгаалах салбарын холбогдох газрууд хоорондын харилцааг сэргээх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Талууд боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарын хамтын ажиллагаа, түүний дотор Монгол оюутнуудыг Бүгд Найрамдах Чех Улсын их, дээд сургуулиудад мэргэжил эзэмшүүлэх асуудлын ач холбогдлыг онцлон тэмдэглэв.
    Талууд НҮБ болон бусад олон улсын байгууллагын хүрээнд явуулж буй идэвхтэй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээ илэрхийлэв.
    Талууд Монгол Улс, Европын Холбооны хооронд байгуулах Түншлэл, хамтын ажиллагааны Хэлэлцээрийг эцэслэн байгуулахын ач холбогдлыг тэмдэглэв. Монголын тал Бүгд Найрамдах Чех Улс Европын Зөвлөлийг 2009 онд тэргүүлж байх хугацаанд Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газрын зүгээс үзүүлсэн дэмжлэг, түүний дотор Бүгд Найрамдах Чех Улс Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээг албан ёсоор эхлүүлэх явцыг урагшлуулахад чухал түлхэц үзүүлснийг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлэв.
               Монголын тал Монгол Улсын Засгийн газраас тавиад буй дэлхийд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Европын Холбооны нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт даган мөрдөгдөж буй зарчим, стандарт, хэм хэмжээг өөрийн оронд нутагшуулахаар ажиллаж байгаагаа мэдэгдэв. Мөн талууд дээрх чиглэлд хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тохиролцов. Чехийн тал Европын Холбооны зарчим, стандарт, хэм хэмжээг нутагшуулахад Монгол Улсад бүхий л талын дэмжлэг үзүүлэх, туслах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.
    Монголын тал Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газарт хөгжлийн хамтын ажиллагаа үзүүлж, тэргүүлэх орныхоо нэгд Монгол Улсыг багтааж, тусламж үзүүлж ирсэнд гүн талархал илэрхийлэв. Чехийн тал Монгол Улсын ардчилсан нийгэм, чөлөөт эдийн засаг руу хийсэн шилжилтийн явцдаа олсон амжилтыг нь үнэлж байгаагаа илэрхийлэв.
Талууд Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газрын дарга Я.Фишерийн 2010 оны 5 дугаар сарын 19-нөөс 20-ны өдрүүдэд Монгол Улсад хийсэн айлчлал нь хоёр орны ард түмний харилцааг бэхжүүлэх, өндөр дээд хэмжээнд харилцан айлчлал, яриа хэлэлцээг тогтмолжуулахад чухал ач холбогдолтой болсныг тэмдэглэв.

Улаанбаатар хот, 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдөр

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.