Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хамтарсан засгийг орхих эсэхээ АН шийднэ

Ардчилсан намын эрх барих дээд байгууллага-Үндэсний зөвлөлдөх хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдана. Энэ хурлын хөтөлбөрийг үндсэнд нь илчилж өгсөн нэгэн хурал өчигдөр болж, Нийслэлийн АН-ын зөвлөлдөх хорооныхон зөвлөлдөх ч гэж бараг л “гөвшилцөж” өнжив. Нийслэлийн АН-ын зөвлөлдөх хорооны ээлжит аравдугаар хурал уриа лоозон, туг хиур агссан Хан-Уул дүүргийнхний эсэргүүцлээр эхэллээ. Тэд “Нийслэлийн АН С.Эрдэнийн хувийн өмч биш”, “Намаараа олон жил тоглосон С.Эрдэнэ суудлаа тавьж өг” хэмээн шаардаж буйгаа илэрхийлэв.

Энэ санаа бас Баянзүрхийнхнээс цухалзаж байлаа. Орон нутгийн удаа дараагийн сонгуульд АН ялагдал хүлээсэн хийгээд 2008 оны сонгуульд ялсан цор ганц дүүрэг Хан-Уулын намын хороог хагалан бутаргасны хариуц лагыг тэд С.Эрдэнэтэй холбон тайлбарлалаа. АН дахь “Алтангадас”, “Нэг ардчилал” фракцынхан С.Эрдэнийг Нийслэлийн намын даргаас огцруулах байр сууриа ажил хэрэг болгож эс чадсанаар эл хурал өндөрлөсөн. Тэрбээр хурлын тэргүүлэгчийнхээ хувьд өөрийг нь огцруулах эсэхийг нууцаар биш, илээр санал хурааж шийдвэрлэх хувилбарыг дэмжүүлж дөнгөснөөр суудалдаа үлдлээ гэсэн хэл үг танхимд олонтаа сонсогдов. Хэрэв С.Эрдэнэ огцорсон бол түүний оронд Ш.Түвдэндоржийг дэвшүүлэхээр МоАХ, “Алтангадас” зэхсэн байжээ.

АН хамтарсан Засгийн газрыг орхихыг уриалсан С.Эрдэнийн үгийг Ардчилсан хүчний холбооноос ҮЗХны хуралд барих “бэлэг” нь гэдгийг Нийслэлийн Зөвлөлдөх хорооны гишүүд түвэггүй ойлгов. ҮЗХ өнөөдөр хуралдахдаа Н.Алтанхуягийг АН-ын даргаас огцруулах, АН хамтарсан Засгийн газрыг орхих, эсэх асуудлыг хэлэлцэж таарах нь. Н.Алтанхуяг намын даргын суудлаа хадгалж үлдэхэд ҮЗХ-н дахь “Алтангадас”-ын 80 гаруй гишүүний санал хараахан хангалтгүй. Тэдэнд нэмэлт хүч хэрэгтэй болох нь гарцаагүй. Хамтарсан Засгийн газраар оролдохгүй байх байр суурийг илэрхийлдэг “Краун”-ы дэмжлэгт найдаж болох юм. Улс төрийн онигоочдод “Хоёр сантиметр” хэмээн хочлуулаад авсан Д.Нямхүү, Х.Золжаргал нарын тэргүүлдэг “Краун” хэмээх бүлэг ҮЗХ-нд 39 суудалтай болоод байгаа юм.

Хөдөөгийн гишүүдээ ҮЗХ-ны хуралд заавал ирэхийг үүрэгдсэн тул энэ удаа халуун бүлээрээ оролцоно. “Краун“-ыг дэмжих эсэхээ урьд шөнө шийдсэн биз. ҮЗХ 220 гишүүнтэй, жилд нэг удаа ротацийн сонгуулиар хорооныхоо гуравны нэгийг сонгож шинэ бүрэлдэхүүнээр хуралддаг.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.