Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хакүхогийн үе эхэлжээ

Японы нийслэл Токио хотноо мэргэжлийн сүмогийн зуны тэмцээн өндөрлөж, дүнгээ гаргалаа. Олны таамаглаж байсанчлан ёкозүна Хакүхо түрүүлж, эзэн хааны цомынхоо тоогоор их аварга Важиматай зэрэгцэв. Одоо Хакүхо 14 түрүүтэй сүмогийн түүхэн амжилтын VI бичигдэж байна. Сүүлийн хоёр тэмцээнд өвдөг шороодоогүй, 32 дараалан ялаад байгаа гэхчлэн Хакүхогийн үе эхэлснийг Японд тунхаглан зарлаад байна.

Харамсалтай нь маш богинохон хугацаанд үргэлжилсэн Асашёорюү, Хакүхогийн үе түүх болон үлдэж, одоо бөхийн хорхойтнууд, мэргэжилтнүүд Хакүход шинэ өрсөлдөгч олох ажилд ханцуй шамлан ороод байгаа билээ. Шинэ арслан Барүтод ихээхэн итгэл найдвар тавьж байсан ч таван удаа өвдөг шороодсоноор Хакүхотой барьцах биш, арслан цолоо хамгаалж барилдах дээр анхаарсан нь дээр гэдгийг энэ тэмцээн харууллаа.

Ялангуяа хоёр ялагдсаныхаа дараа сэтгүүлчдийг загнан хөөснөөр нэр хүнд нь буурч эхлэв. Өвдөгний хүнд бэртэлтэй барилдсан озэки Харүмафүжи есөн ялалттай өндөрлөсөн бол Кайо мэргэжлийн сүмод 1000 дахь ялалтаа аван, их аварга Чиёнофүжигийн ард жагсчээ. 12 ялсан Аран, дөрвөн арсланг унагаасан Точиношин нар дайчин барилдааны шагнал хүртлээ.

Хэл амнаас салахгүй байгаа сүмогийн ертөнцийг энэ удаад арслан Котомицүки доргиолоо. Түүнийг бейсболын нууц бооцооны газарт мөнгө тавьсан, якүза нартай холбоотой хэмээн нэгэн сэтгүүл мэдээлсэн байна. Түүнийг Харүмафүжитэй барилдсаных нь дараа цагдаагийн ажилтан байцаасан бөгөөд Котомицүки нууцаар бооцоо тавьдаг байсан ба түүнийг якүза нар нэг сая доллар өгөхгүй бол илчлэнэ хэмээн сүрдүүлж байсан нь тогтоогдоод байгаа гэнэ.

Одоогоор сүмогийн холбооноос ямар нэгэн шийтгэл оноогоогүй байгаа ч оякатаг нь дуудан хэргийн талаар тодруулжээ. Тэгвэл бас л хэл аманд холбогдоод зодог тайлсан Асашёорюү Англид явна. Английн “Челси цэцгийн шоу”-нд Японы алдарт цэцэрлэгч Ишихаратай оролцсон ба сэтгүүлчдэд Монголд цэцэрлэгт хүрээлэн барих төлөвлөгөөтэй байгаагаа цухуйлгасан байна.

Манай дээд зиндааны бөхчүүд Какүрюү 6-9, Асасэкирюү 9-6, Хакүба 10-5, Токитэнкү 8- 7, Тамаваши 3-12, Кёкүтэнхо 9-6, Мооконами 8-7, Токүсэгава 9-6, Коорюү 5-10 амжилттай барилдсан бол жюүрёод Шёотэнро 8-7, Хошиказэ 8-7 харьцаатай 50 хувиа хийцгээсэн байна. Жюүрёод Өвөрмонголын анхны цолтой сүмоч Соококүрай найм ялснаар дээд зиндаанд ойртсоор ажээ. Мэргэжлийн сүмогийн хамгийн доод зиндаа болох жонокүчид манай шинэ сүмоч, Тацүнами дэвжээний бөх Рюүоонами хэмээх Б.Баттөгс нэг ч өвдөг шороодолгүй тэргүүлэн, зиндаа ахих боломжтой боллоо.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.