Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Францад эсэргүүцлийн хөдөлгөөн даамжирлаа

 Тэтгэвэрт гарах насны босгыг 62 болгон өөрчилсөн Францын засаг захиргааны шийдвэрийг эсэргүүцсэн ажил хаялт, цуглаан улам газар авлаа. Парис, Бордо, Лион, Марсель хотод өнгөрсөн бямба гаригт хоёр сая гаруй ажилчин жагсаж, оюутнууд тэдний эгнээнд нэгджээ. “Бид өмнө нь ийм том хэмжээний жагсаал зохион байгуулж байсангүй. Хэрэв Засгийн газар бидний шаардлагыг хүлээж авахгүй бол эсэргүүцэл үргэлжилсээр байх болно.

Эмх замбараагүй байдал үүсгэж, ажил хаяж байгаа мянга мянган хүн үзэл бодлоо илэрхийлж, үгээ хүргэхийг хүсэж байгаа юм” гэж хөдөлмөр хамгааллын “Форс увриер” байгууллагын дарга Жан-Клод Маи BBC агентлагт өгсөн ярилцлагадаа өгүүлсэн байна. Хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагууд, үйлдвэрчний эвлэлүүд Францын засаг захиргааны энэ шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа хоёр сарын турш илэрхийлсэн ч тодорхой үр дүнд хүрсэнгүй.

Тэтгэврийн шинэчлэлийн хуулийг Сенат авч хэлэлцээд дэмжлээ. Энэ нь эрх баригчид хууль, эрх зүйн ямар нэг арга хэмжээ авах боломжгүй боллоо гэсэн үг. Тус улсын Үндсэн хуульд зааснаар Сенатын эхний шатны хэлэлцүүлгээр хүлээн зөвшөөрөгдсөн ямарваа нэг хууль, дүрэм, тогтоолыг өөрчлөх, цуцлах ёсгүй байдаг юм байна. Энэ хуулийн эцсийн шатны хэлэлцүүлэг энэ сарын 20-нд товлогдсон ч хууль хэрэгжиж эхлэх нь үндсэндээ тодорхой болсон. Николя Саркози болон Засгийн газар ажилчидтай тохиролцоонд хүрнэ хэмээн “өөдрөг” зүйл ярьж байгаа ч сүүлчийн хэлэлцүүлэг бэлгэдлийн чанартай л болж, нөхцөл байдлыг өөрчилж чадахгүй гэдэгтэй олон хүн санал нийлж байгаа.

Ерөнхийлөгч Николя Саркози болон эрх баригч намын нэр хүнд үүнтэй холбоотойгоор улам буурсаар байна. Ажиглагчдын үзэж буйгаар олон хотыг хамарсан эсэргүүцлийн хөдөлгөөн намжих бус харин ч даамжрах төлөвтэй гэнэ. Газрын тос боловсруулах томоохон үйлдвэрүүдийн ажилчид ажил хаяснаас орон даяар шатахуун хомсдоход хүргэлээ. Францад эсэргүүцлийн хөдөлгөөн даамжирлаа Одоогийн байдлаар 12 үйлдвэр хаалгаа барьснаар Шарль деГоллийн нэрэмжит Парисын нисэх онгоцны буудал хэдхэн өдрийн нөөц шатахуунтай үлдэв.

Тус улсын Эдийн засгийн сайд Кристин Лагард “Энэ зөрчилд цэг тавьж, харилцан тохиролцож чадна” хэмээн итгэж байгаа ч үйлчилгээний газрууд, сургууль, цэцэрлэг, хот тохижуулах газрынхан, нийтийн тээврийн ажилчид ажилд гарахаас татгалзаж эдийн засгийн ихээхэн хохирол учруулж байна. Нийтийг хамарсан эсэргүүцлийн хөдөлгөөн нь 1995 онд болж байсан ажил хаялтын түүхийг давтана гэж социологчид таамаглаж буй.

Арван таван жилийн өмнө францчууд эдийн засгийн шинэчлэлийг эсэргүүцэн гурван долоо хоног бүх нийтээр ажил хаяж, тус улсын тээвэр, холбоо, үйлчилгээ бүрэн зогсож байсан юм. Дашрамд хэлэхэд, Франц улсын хүн амын 70 гаруй хувь нь тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцэж байгааг санал асуулгын дүнд тогтоожээ.


Х.ОДОНЧИМЭГ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.