Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

У.ХҮРЭЛСҮХ:”Одоо та нарын цаг ирж байна”гэж С.Баяр дарга нэг удаа хэлж билээ

 

Улс төрийн амьдрал данхтай цай шиг даргихгүй цаг гэж байх биш. Ялангуяа МАХН-ын гудамж энэ өдрүүдэд эгэл бус хөдөлгөөнтэй харагдана. МАХН-ын Бага хурлаас хойш Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх хэвлэлд анх удаа ярилцлага өглөө.
-Танай нам шинэ даргатай болоод удаагүй байна. С.Баяр албаа өгөхийн өмнө С.Батболдоос гадна У.Хүрэлсүх, М.Энхболд нарт мөн МАХН-ын даргаар ажиллах санал тавьж, тухайлан уулзаж ярилцсан гэдэг. Та яагаад татгалзсан юм?
-С.Баяр дарга надаас Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд намын ирээдүйн даргаар хэнийг харж байгааг асуусан. Би Ерөнхий сайд С.Батболдыг нэрлэсэн. МАХН-ын XXV Их хурлаар баталсан намын дарга Ерөнхий сайд байна гэсэн тогтоол ч бий. Ерөнхий сайд С.Батболд намаа удирдах нь зарчмын асуудал. Яг энэ цаг үед Монгол Улс дэвжиж дээшлэхийн гарман дээрээ ирээд байна шүү дээ. Оюутолгой, Тавантолгой гээд томоохон төслүүд хэрэгжиж эхлэх улс төр, эдийн засаг, эрх зүйн орчин бүрдлээ.
Энэ цаг үед С.Батболд шиг эдийн засгийн өндөр боловсролтой, бизнесийн арвин туршлагатай, гадаад харилцаа сайтай, олон улсад нэр хүнд бүхий Ерөнхий сайд манай намын даргаар ажиллах нь зүйтэй гэж бид үзсэн. С.Батболд асуудалд хянамгай ханддаг, яриа хэлэлцээр зөвшилцлийн замаар аливаа асуудлыг шийдвэрлэхийг эрмэлздэг, ярвигтай ээдрээтэй үед аядуу тайван байж, зөв шийдвэр гаргаж чаддаг гээд хувь хүний зан чанарын онцлогууд нь ч энэ ээдрээтэй цаг үед хамтарсан Засгийн газрыг тэргүүлж, эрх баригч намын даргаар ажиллахад нийцэж байгаа юм.
-Та намынхаа даргыг сая магтчихлаа. Харин та өөрөө ямар хүн билээ. Бидний мэдэх Хүрэлсүх бол ширүүн нөхөр шүү дээ. Ааш араншингаа хэзээ ч нууж байгаагүй, болохгүй бол гар зөрүүлчихдэг… Нэг нь аядуу тайван, нөгөө нь асаж явдаг ийм хоёр хүн МАХН-ын удирдлагад жолоо нийлэн ажиллаж чадах болов уу?
-Намын дарга бид хоёр хувь хүнийхээ зан аашаар зарим зүйл дээр ялгаатай байж магадгүй. Батболд дарга асуудлыг зөөлөн талаас нь, аль болох эв зүйгээр зохицуулах гэж оролддог хүн. Миний хувьд зарим асуудал дээр нэлээд хатуу байр суурь баримталдаг зантай. С.Баяр даргын хэлдгээр бид хоёр yes, no гэсэн үгийн төлөөлөл болчих гээд байдаг талтай. Амьдрал өөрөө баян шүү дээ. Харин ч бид бие биенийхээ дутууг нөхөж, эв нэгдэлтэй, эр зоригтой ажиллана гэж боддог шүү. Бидний өмнө хийж хэрэгжүүлэх олон том зорилтууд байна. Намаа өөрчилж шинэчлэх, улс орон, ард түмнийхээ амьдралыг өөд татах гээд уул овоо шиг ажлууд шил шилээ дараад хүлээж байна. Одоо ухрах зам гэж үгүй. Урагшаа хараад эрч хүчтэй, эр зоригтой, эв нэгдэлтэй, дайчин давшингуй ажиллах л үлдлээ. Үүнийг журмын нөхөд маань ч ойлгон дэмжиж байна. Ард түмэн ч хүсэн хүлээж байна.
-“Тахиа донгодсоноор үүр цайдаггүй” гэж С.Баяр хэлсэн. Та хувьдаа үүнийг хэрхэн тайлж байгаа вэ?

 

-Тийм ээ, энэ бол улс төрийн ёгт хариулт. С.Баяр даргыг ажлаа өг гэсэн ямар нэгэн улс төрийн шахалт хавчлага ч юм уу, эсвэл С.Баяр даргаас болж намын ажил унасан явдал огт байхгүй. Түүнд намын даргаар үргэлжлэн ажиллах боломж байсан уу гэвэл байсан юм шүү. Тийм учраас хэн нэгэн “тахиа” донгодсоноос болж ажлаа өгөөгүй гэсэн үг болов уу. Тэр хүн өөрийн хүсэлт, эрүүл мэндийн учир шалтгаанаар үүрэгт ажлаа өгсөн. Урт хугацааны эмчилгээ хийлгэх учраас улс орны эрх ашиг, намын ажил төрөл эзгүйд нь цалгардах вий гэхээс болгоомжилсон биз дээ.
-Тэгээд тэр “тахиа” гэдэг нь чухам хэнийг ёгтолж хэлсэн хэрэг вэ?
-Хэнд зориулж хэлснийг нь би мэдэхгүй. “Тахиа” гэдэг үгээр хэн нэгнийг ёжилсон л хэрэг.
-МАХН-ын ээлжит XI Бага хурлын гол үр дүнг тодорхойлохгүй юу. С.Баяр халаагаа өгсөн явдал цочир сонин болоод Бага хурлаар хэлэлцсэн бусад асуудалд олон нийт анхаарал хандуулж түвдсэнгүй?
-Энэ удаагийн намын Бага хурал олон нийтийн анхаарлын төвд байлаа. Хэд хэдэн томоохон асуудал хэлэлцсэний эхнийх нь МАХН-ын дарга С.Баяр өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлийг гаргаснаар шинэ даргаа сонголоо. Мөн МАХН-ын УИХ-ын сонгуульд оролцсон мөрийн хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар үнэлэлт, дүгнэлт өгч ярилцлаа. Хамтарсан Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа тэхий дундаа явж байгаа энэ цаг үеийн нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өглөө.

МАХН-ын зүгээс өнгөрсөн хугацаанд хийсэн ажил төрлийнхөө талаар ярилцаж, алдаа, оноогоо дүгнэлээ. Үлдэж байгаа багахан хугацаанд мөрийн хөтөлбөрөө бүрэн дүүрэн биелүүлж, ард түмэнд амласан амлалтаа хэрэгжүүлэх, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг түргэтгэхэд чиглэсэн ажил, арга хэмжээнүүдийг тодорхойлж Бага хурал тогтоол, шийдвэрүүдээ гаргалаа.

Түүнчлэн намын сахилга, хариуцлагын талаар Бага хурал нухацтай хэлэлцлээ. Манай нам өнөөдрийн байдлаар 147.316 гишүүнтэй байна. Хэдийгээр Төрийн албаны хуулийн дагуу МАХН-ын 21 мянган гишүүн намаасаа түдгэлзсэн ч сүүлийн дөрвөн жилд манай намд 42 мянган хүн шинээр элссэн байна. Нийт гишүүдийн 60.1 хувийг 18- 40 насныхан эзэлж байна. Энэ нь манай намын гишүүдийн тоо, тэр дундаа залуучуудын эзлэх хувь жилээс жилд нэмэгдэж байгаагийн бас нэг илэрхийлэл юм. Манай нам бол ахмад, дунд, залуу үеийн алтан хэлхээг барьдаг, улс орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын баталгаа болсон улс төрийн ууган хүчин.

Ийм ч учраас манай нам сахилгатай, хариуцлагатай байх ёстой. Хариуцлага бол сахилга батыг дагаж ирдэг чанар. Ялангуяа намын нэрээр сонгогдож, томилогдсон албан тушаалтнуудын сахилга, хариуцлагыг сайжруулахыг ард иргэд, намын жирийн гишүүд шаардаж байгаа нь үнэн. Ард түмний эрх ашиг, төрийн ажлыг уландаа гишгэж,намын сахилга бат, ёс зүйг зөрчиж байгаа албан тушаалтнуудтай бид цаашид хатуу хариуцлага тооцох болно. Энэ асуудлаар намын Бага хурал тогтоол гаргасан. Эцэст нь Бага хурлаар ирэх онд тохиох МАХН-ын 90 жилийн ойг угтсан ажлыг эрчимжүүлэх талаар ярьсан. МАХН-ын 90 жилийн түүх бол тусгаар тогтнолоо олсон Монгол орны, монголчуудын амьдрал тэмцлийн 90 жилийн түүх юм. Тиймээс энэ ой бол Монголын ард түмний баяр. Монгол эх орноо гэсэн хүн бүрийн баяр.

-С.Батболд МАХН-ын даргын үүрэгт ажлаа эхлээд удаагүй байгаа ч Ерөнхий сайдаар ажиллаад нэлээд хугацааг өнгөрөөж байна. Нам нь түүний ажлыг хэрхэн үнэлж байгаа вэ?
-Ерөнхий сайд ажлаа аваад өнөөдрийг оролцуулаад 171 хонож байна. Түүний өмнөө дэвшүүлсэн бодлого, зорилт маш тодорхой байгаа. Ерөнхий сайд болмогцоо 2010 оныг “Бизнесийн орчныг шинэтгэх жил”-ээр зарласан. Монгол Улсын цаашдын хөгжил дэвшилд тулгамдаж байгаа бизнесийн орчныг өөрчилж сайжруулах, үйлдвэрлэл, хувийн хэвшлийнхнийг дэмжих чиглэлээр Ерөнхий сайд нүдээ олсон ажлуудыг хийж байна.

Цаашид ч бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих, гадаадын хөрөнгө оруулалтыг Монголд оруулах чиглэлээр дорвитой ажлуудыг хийж чадна гэдэгт итгэл төгс байна. “Хүний хөгжил сан”-гийн тухай хуулийг санаачлан батлуулж, энэ сангаар дамжуулан Эх орны хишиг, Эрдэнийн хувийг ард иргэддээ олгож эхлээд байна. Саяхан Монголын эдийн засгийн форумыг зохион байгуулж хөрөнгө оруулагчдыг урьж оролцууллаа.

Монголд хөрөнгө оруулалтын үр дүнг нэмэгдүүлэх замаар эдийн засгийг хөгжүүлэх бодлогынх нь хүрээнд хийгдсэн ажил гэж бодож байна. Үүний сацуу Ерөнхий сайд боловсрол, хөрөнгийн зах зээл, дэд бүтцийн салбарыг өөрчлөн шинэчлэх чиглэлээр ажиллаж байна. Ерөнхий сайд хийх ажлаа таван тодорхой төсөлд төвл өрүүлж байгаа. Нэгдүгээр төсөл бол “Оюутолгой”, хоёрдугаарт “Тавантолгой”, гуравдугаарт “Иргэн бүрт 1.5 сая төгрөг”, дөрөвдүгээрт “Шинэ төмөр зам”, тавдугаарт “Утаагүй Улаанбаатар” төслүүдийг хэрэгж үүлнэ.

Үүнээс гадна иргэний бүртгэл мэдээллийг төг өлд өржүүлж, төрөөс малчдын талаар баримтлах бодлогын хүрээнд “Монгол мал” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Мөн боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарын шинэчлэлийг эрчимжүүлэхээр ажиллаж байна. Ийм тодорхой бодлого, тодорхой төслүүдийг хийж хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа Ерөнхий сайд МАХНын дарга болж, улс төрийн болон захиргааны эрх мэдлээ хослуулан ажиллах нь улсын ажилд урагштай гэж манай нам үзсэн.


У.Хүрэлсүх: Миний ажил хөлбөмбөгийн багаар бол холбон тоглогч нь
-Тавантолгой бол Ерөнхий сайд С.Батболдын хувьд онцлогтой. Тэр өөрөө энэ ордод хөрөнгө оруулж байсан хүн шүү дээ. Тиймдээ ч үндэсний хөрөнгө оруулагчдыг Тавантолгойд онцгойлон дэмжинэ гэдгээ илэрхийлдэг. Гэвч Монголын бизнесмэнүүд хэдэн арваараа нийлээд ч энэ ордод хөрөнгө оруулах санхүүгийн боломж бүрдэх болов уу?
-Боломж байгаа. Тавантолгой одоо 100 хувь төрийн мэдэлд байгаа. Энэ нь ард түмний өмч гэсэн үг. Төр засаг энэ ордыг ашиглахдаа дотоодын ч, гадаадын ч хөрөнгө оруулагчдыг дэмжиж ажиллах ёстой. Тавантолгой төслийн хүрээнд нүүрс олборлохоос гадна төмөр зам, цахилгаан станц, хот тосгон барих зэрэг дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалт өрнөнө. Мөн металлургийн, нүүрс баяжуулах, угаах, коксын, барилгын материалын үйлдвэрүүдийг байгуулна. Үүнийг дагасан ажил үйлчилгээний салбарууд, ажлын байрууд шинээр бий болно. Тавантолгойд олон мянган монгол хүн ажил эрхэлнэ. “Тавантолгой” төсөл бусад дэвшүүлэн тавьсан томоохон төслүүдтэйгээ уялдаа холбоотойгоор хэрэгжинэ. Монголчууд бид энэ том төслүүдийн үр дүнг биеэр амсаж, улс орон маань хөгжин дэвжих цаг мөч мөдхөн ирнэ.
-Уул уурхайн том төслүүдийн сургаар сонгогчдод амласан бэлэн мөнгөний урсгал төсөвт хэр хүнд тусч байгаа бол. 1.5 саяыг өгөх найдварыг төрүүлсэн Тавантолгойд хөрөнгө оруулах хэлэлцээ эцэслээгүй л байгаа шүү дээ. Оюутолгойгоос өөр гэрээнд нь гарын үсэг зурсан олигтой төсөл өнөө хэр алга байхад амлалтуудаа биелүүлж чадах уу?
-Улс төрийн намууд сонгуулийн өмнө бэлэн мөнгө амладгийг хуулиар таслан зогсоох хэрэгтэйг сануулсан зөв асуулт байна. МАХН ч, АН ч 2008 онд иргэн бүрт эх орны хишиг, эрдэнийн хувь хүртээнэ гэж амалсан. Монгол хүн эх орныхоо баялгаас хувь тэнцүү хүртэх нь шударга явдал. Энэ бол байгалийн баялгаа хуваарилж байгаа асуудал. Харин цаашид бэлэн мөнгөний популист амлалтыг болих нь зүйтэй. Бэлэн мөнгө тараах нь эдийн засагт сөргөөр нөлөөлж, бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдлийг зохиомлоор бий болгож байна. Үүнд төр засаг, улс төрийн намууд анхаарах ёстой. Гэвч нэгэнт амласан 1.5 сая төгрөгийг 2012 онд багтаан энэ УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө ард иргэддээ олгох ажлыг эхлүүлээд явж байна. Энэ мөнгөний эх үүсвэрийг Оюутолгой, Тавантолгой зэрэг томоохон төслөөс олно.
УИХ-ын хаврын чуулганаар Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцлийг яаралтай бүрдүүлэх явдал чухал байна. Эхний ээлжинд иргэн бүрт Хүний хөгжил сангаас дунджаар 500 мянган төгрөгийг үе шаттайгаар бэлнээр олгохоор төлөвлөөд байна. Үлдсэнийг нь тэтгэврийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, орон сууц, сургалтын төлбөр, сурах бичиг, дүрэмт хувцасны үнэ зэрэг зайлшгүй мөнгө шаардагдах зардал болгож шилжүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Энэ нь инфляцид өртөхөөс сэргийлэх арга болох юм. Монголд тэтгэврийн даатгалд хамрагдаагүй 800 мянган хүн байдаг. Эдэндээ шимтгэлийг нь төлөөд өгчихье л дөө. Өндөр насандаа тэтгэвэр аваад сууж байг. Эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй 400 мянган хүн байх жишээтэй. Тэд эх орны хишгээрээ эрүүл мэндийн даатгалтай болж, эмнэлгийн үйлчилгээ авах боломжоо эдлэг. Гэх мэтчилэн эх орны хишгийг инфляциас ангид үр өгөөжтэй түгээх хувилбаруудыг бид судалж байна.
-Төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмнэ л гэнэ. Манай улсад мөнгө байгаа юм уу? Энэ асуултыг уг нь Сангийн сайдад тавибал зохих байх л даа. Гэхдээ та эрх баригч намын генсекийн хувьд улсын хэтэвчинд санаа тавьдаг байлгүй?
-Засагт одоогоор овойж оцойсон их мөнгө алга. Гэхдээ сайн мэдээ байна аа. Зэсийн үнэ тогтвортой өсч, тонн нь 7900 орчим ам.долларт хүрсэн, түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж байгаа нь эдийн засагт эергээр нөлөөлж байна. Төрийн албан хаагчдын цалинг сүүлийн бараг гурван жил нэмээгүй. Эдийн засгийн хямрал ийм боломж олгоогүйг төрийн албан хаагчид, тэтгэвэр авагчид маань ойлгож тэвчээртэй хандсан. Харин одоо цалин, тэтгэврийг нэмэх нь зүйтэй гэж МАХН үзэж байна. Гэхдээ төсөв хөрөнгөндөө захирагдан, тодорхой хувиар үе шаттайгаар нэмэгдүүлэх боломж бий. Үүнд төр засгийн зүгээс анхаарал хандуулж байна.
-Төрийн албан хаагчдын цалинг нэмсэн ч инфляц одоогийнхоос өсөхгүй байх боломжтой юу. Инфляц өсвөл хувийн хэвшилд ажиллагсад хэлмэгдэж таарах нь?
-Боломж бий. Харамсалтай нь цалин нэмэх сургаар худалдаачид барааныхаа үнийг нэмчихдэгт л хэргийн учир байгаа юм. Бодитоор инфляц өсөөгүй байхад бараа, үйлчилгээний үнийг хиймлээр өсгөдгөө бизнес эрхлэгчид ухамсарлах хэрэгтэй. Энэ нь эргээд худалдаачид, бизнес эрхлэгчдэд ч сөргөөр нөлөөлдөг. Инфляцийг барьж тогтооно гээд Засгийн газар цалин, тэтгэврийг хатуу баривал харин ч харалган бодлого болно.
-МАХН-тай хамтарч Засгийн газрыг байгуулсан АН-ын Үндэсний зөвлөлдөх хороо өнгөрсөн бямба гаригт хуралдсан. Энэ үеэр АН Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарахыг шаардсан зарим нөхдийнхөө байр суурийг хэлэлцсэн нь олны анхаарлыг татлаа. Та энэ асуудлаар АН-ын удирдлагатай санал солилцож байв уу?
-УИХ-ын 2008 оны сонгуулийн дүнд МАХН-д дангаараа Засгийн газар байгуулах боломж байсан. Гэхдээ бид улс төрийн тогтвортой байдал, улс орныхоо хэтийн хөгжлийг эрхэмлэн АНтай хамтарсан Засгийн газар байгуулсан. Энэ зоримог улс төрийн алхам зөв байжээ гэдэг нь одоо нотлогдож байна. Монгол Улс засаг төрөө тогтвортой байлгаж байж эдийн засгаа хөгжүүлнэ. Тогтворгүй улс төртэй, Засгийн газартай улс оронд хэн хөрөнгө оруулалт хийх вэ дээ. Улс төр, эдийн засаг хоёр бол нэг зоосны хоёр тал гэсэн үг. Сүлдтэй тал нь улс төр, тоотой тал нь эдийн засаг. МАХН энэ Бага хурлаараа хамтарсан Засгийн газрыг дэмжиж, тогтвортой ажиллуулах нь зөв гэдгийг дахин нотолсон. Аль аль нам нь дангаараа шийдэх аргагүй улс орны эрх ашиг гэж байдгийг АН-ын нөхдүүд маань мэдэх л учиртайсан. 2012 оны сонгуулийг угтсан улс төр хийгээд, хэн нэгэнд таалагдах гэсэн популист зан гаргаад байгаа улстөрчид нь тодроод байгаа юм биш үү. Улс орны эрх ашиг биднийг хамтран ажиллаж, ард түмнийхээ амьдралыг ядуу зүдүү байдлаас нь салгахыг шаардаж байна шүү дээ. Би саяхан Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзсан. АНын удирдлагуудтай ч уулзаж, улс орны ажил амьдралын талаар санал бодол солилцсон. Тэд бүгдээрээ Монгол Улсын хөгжлийн зорилтуудыг биелүүлэхийн тулд хамтарсан Засгийн газрыг дэмжье, бас шахаж шаардаж ажиллая, улс төрийн талаас нь тогтвортой байдлаар хангаж зөв шийдэлд хүрье гэсэн тулхтай байр суурьтай байгаа нь ойлгогдсон. АН-ын ҮЗХ-ны хурлын дотоод уур амьсгал бол тэр намын асуудал. Би хөндлөнгөөс илүү үг чулуудах нь улс төрийн соёлд үл нийцнэ биз дээ.
-За тэгвэл танай намын дотоод асуудлаар ярилцлагаа үргэлжлүүлье. Яг өнөөгийн МАХН экс дарга Н.Энхбаярын үеэс залуусын үе рүү шилжих гэж хичээж байх шиг харагддаг. Энэ шилжилтийн буухиаг С.Баяраас С.Батболд хүлээж авлаа. Шилжилтийн үе дуусах болж байна уу?
-Хорвоо дээр хэнийг ч үл тойрдог зүйл бол цаг хугацаа, байгалийн хууль шүү дээ. Ахмад нь арай залуудаа ажлаа өгч, ачаагаа үүрүүлдэг мөчлөг улс төрд ч бий. Нэг удаа С.Баяр дарга надад хэлж билээ.” Одоо та нарын цаг ирж байна. Бид ингээд л албан тушаалаа өгөхгүй суусаар байгаад 60 нас зооглочихвол та нар чинь 50 хүрчих нь байна шүү дээ” гэж. МАХН-ын хувьд харьцангуй залуу хүмүүсийг албан тушаалд тавьж байгаа. Энэ нь ч зөв байх. Манай намын Хэрэг эрхлэх газрын гол хэлтэс, газрын дарга нар гэхэд л 30 орчим насны залуус шүү дээ. Насны хувьд ахмад, залуу үе хосолсон удирдлага хамгийн сайн үр дүнд хүргэдэг юм билээ. Манай намд улс орноо удирдахад олон жил оролцсон хашир туршлагатай улстөрчид олон байна шүү дээ. Тэднээс сурах юм залуу үеийнхэнд их бий дээ. Бас тэднийг хүндэтгэх ёстой.
-МАХН-ын залуучууд мөнгө хаяж намаа спонсорлоод хариуд нь төрийн өндөр алба горилдог гэсэн яриа бий. Та МАСЗХ-г үүсгэн байгуулагч, орчин үеийн МАХН-ын шинэ дүр төрхийг бий болголцсон хүний хувьд намынхаа залууст хир халдаах дургүй л байх даа?
-МАХН бол нэг айл шүү дээ. Аав ээж байна, эмээ өвөө ч байна. Уйлдаг дуулдаг үр хүүхдүүдтэй. Сахилга хүмүүжлээр базаахгүй нь ч бий. Толгой цохидог онц сурлагатай нь ч байна. Ийм л айл. Энэ айлын ерөнхий төрхийг ажвал ер нь их ноён нуруутай айл шүү. Аав ээж нь тохитой, ажил амьдрал нь цэгцэрсэн, ах захын ёсыг мэддэг айл. Манай нам 90 жилийн түүхтэй улс төрийн хүчнийхээ хувьд Монголын хамгийн тулхтай нам хэдий ч бидэнд бас засч залруулах зүйл их бий. Гэхдээ мөнгө өгвөл албан тушаалыг чинь ахиулъя гэсэн нэг ч дарга надтай тааралдаж байгаагүй. Одоо би Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд боловсон хүчний томилгоо хийхэд оролцож байна. Хэн нэгэн хүнийг албан тушаалд тавьсныхаа төлөө мөнгө нэхсэн үг амнаасаа унагасан даргыг олж хараагүй, сонсоогүй байна. Хэрэв манай намд ийм үзэгдэл гарвал бид хамгийн хатуу хариуцлага хүлээлгэх болно гэдгийг хариуцлагатайгаар хэлье.
-Ингэхэд Та МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон үеийнхээ талаар ярихгүй юу. Тухайн үед генсекийн суудалд танаас гадна олон нэр яригдаж байсан шүү дээ?
-Би чинь УИХ-ын 2008 оны сонгуульд нэр дэвшээгүй шүү дээ. Дэвшье гэсэн бодол байгаагүй юм. Гадаадад сургуульд явах төлөвлөгөөтэй байсан л даа. Тэр үед МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох Бага хурал дөхлөө. Намын нөхдүүд надад санал тавьдаг юм. “Чи хийж чадна” л гэцгээж байна. “ Ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг чинь хариуцлагатай ажил байхгүй юу. Намын ажлыг мэддэг, наанадаж хүмүүсээ таньдаг, цаанадаж улс төрийн туршлагатай байх хэрэгтэй. УИХ-ын гишүүн, сайд байсан хүн том намын генсек болох хэрэгтэй шүү дээ”.

 

Ийм үг олон хүнээс сонссон. Би яг үнэндээ энэ ажлыг авчих юмсан гэж нэг их бодоогүй юм аа. Гэхдээ 20- иод жил зүтгэснийх нам доторх рейтингээ нэг үзчихье гэж бодоод Бага хуралд яваад очсон. Намын удирдлагууд нэрийг маань дэвшүүллээ. Өрсөлдсөн. Тэгээд л энэ хариуцлагатай ажилд томилогдсон доо. Тухайн үед хүндхэн цаг үетэй нүүр тулсан. Намын маань уураг тархи болсон 21 мянган хүн хуулийн дагуу гишүүнчлэлээсээ түдгэлзчихсэн, намын байр шатсаныг ч хэлэх үү орох орон, очих аягагүй болчихоод байшингийн буланд нэг зааланд бөөнөөрөө сууж ажиллана. Ядаж байхад санхүүгийн хямралын ид үе шүү дээ. Нам дотроо ч бас нэг жаахан бужигнаантай тийм л байдалд Ерөнхий нарийн бичгийн даргын ажлыг авснаас хойш нэг жил дөрвөн сар болж байна. Миний ажил хөлбөмбөгийн багаар бол холбон тоглогч нь шүү дээ. Намын дарга бол багийн ахлагч. Холбогч хэнд бөмбөг дамжуулахыг шийддэг гол ажилтай.
-Айлаар бол..?

-Аав нь намын дарга, ээж нь Ерөнхий нарийн бичгийн дарга (инээв). Тогоо шанагатайгаа зууралдана, хоол ундаа хийнэ, давс хужраа тааруулна, онгорхой цоорхойг нь оёно. За бас болоогүй ээ, хүүхдүүдийнхээ дүрсгүйтэй нь тулж ажиллана шүү дээ (хошигнов). Анх ажлаа хүлээн авахдаа тавьж байсан зорилтууд маань хэрэгжиж байгаад баяртай байгаа. Намын хамт олон, журмын нөхөд, намын дарга, Удирдах Зөвлөл, УИХ-ын гишүүд, аймаг, орон нутгийн удирдлагууд, эгэл жирийн гишүүд маань Ерөнхий нарийн бичгийн даргынхаа ажлыг дэмжин тусалж, ажиллах урам зориг өгч байгаад би баярлаж явдаг даа. Нөхдийнхөө итгэсэн итгэлийг алдчихгүй юмсан л гэж бодох юм.
-Та сая намынхаа өдөр тутмын ажилтай яс зууралддаг ажилтай гэдгээ хөнгөн хэлбэрээр ойлгомжтой тодорхойллоо. МАХН-ын бодлогын эсрэг ажилласан, дүрэм журмаа зөрчсөн гишүүдэд хариуцлага тооцно гэж Бага хурал үзсэн тухай Та дээр хэлсэн шүү дээ. Төрд алба хашдаг тодорхой ямар хүмүүсийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх вэ? Таны халаасанд нэрсийнх нь жагсаалт байгаа юу?
-МАХН-ын Хяналтын ерөнхий хороо албан ёсоор мэдээлэл хийхдээ намын сахилга бат алдсан нөхдийг нэрлэсэн. Хяналтын ерөнхий хороо тэдэнд намын дүрмийн хүрээнд хариуцлага тооцож байгаа. Сонгинохайрхан дүүргийн МАХН-ын дарга, Засаг даргын хоорондын зөрчил хоёр жил шахам үргэлжилж ажлаа ч хийхгүй, төсвөө ч батлахгүй, дүүргийн 250 мянган иргэний эрх ашгийг хөсөрдүүлсэн. Тэдэнд улс төрийн хариуцлага тооцож албан тушаалаас нь чөлөөлсөн. Энэ хоёр залуу алдаагаа ухаарч, цаашид өсч дэвжих боломж бий гэдэгт би эргэлзэхгүй байна. Хүн алдаж онож болно, гол нь алдаагаа засаж чаддаг байх хэрэгтэй.


У.Хүрэлсүх: Н.Энхбаяр даргад хүндэтгэлтэй хандах хүн ёсны учир надад байдаг юм шүү

Саяхан бид хөдөөгүүр яваад ирлээ. Ард иргэдтэйгээ ч уулзлаа, аймаг орон нутгийн удирдлагуудтай ч уулзлаа. МАХН-аас сонгогдсон УИХ-ын зарим гишүүн тойрогтоо очоод намын бодлого, УИХ-ын намын бүлгээр хэлэлцэж зөвшилцсөн байр суурь, тэр ч атугай УИХ-аар шийдсэн асуудлын эсрэг зүйл ярьж иргэдийг бухимдуулж, санаа бодлыг нь үймүүлж явдаг болсон байна. Удирдах Зөвлөл, Хяналтын ерөнхий хороо ийм хүмүүстэй улс төрийн хариуцлага тооцох ёстой. Нам хариуцлага тооцохоо хүрвэл хэнбугайгаас ч айхгүй. Намд хоёр сахилга гэж байхгүй. Нэг сахилга, нэг хариуцлага байна.

-МАХН-ын Хяналтын ерөнхий хороо гэж байгууллага ойрын үед ажил ихтэй байгаа юм байна. С.Баярын өргөдлийг бас хянаж байгаа. Тэр өргөдөл Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай холбоотой гэдгийг Монгол даяараа андахгүй болов. С.Баярын өргөдлийг шийдэх үйл явц ямар шатандаа яваа бол?

-Тийм. МАХН-ын Хяналтын ерөнхий хороонд С.Баяр дарга өргөдөл гаргасан юм билээ. Үүнийг Хяналтын ерөнхий хороо бүрэн эрхийнхээ хүрээнд шалгах байх. Энэ байгууллага чинь Их хурлаас байгуулагдсан бие даасан хяналтын байгууллага шүү дээ.

-Та Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-ын нэр дэвшигчийн сонгуулийн штабын ерөнхий менежерээр ажилласан. Хяналтын ерөнхий хороо чинь Таныг бас шалгаад эхэлсэн үү?

-Мэдээж. Шаардлагатай зүйл гарвал надаас асууна шүү дээ.

-Та тэдэнд юу гэж мэдүүлэх вэ?

Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуульд МАХН-ын жирийн гишүүдээс авахуулаад намын удирдлагаа хүртэл бүх шатанд намаас нэр дэвшигчийг дэмжиж ажилласан гэдгийг би нотлон хэлж чадна.

-Н.Энхбаяр худлаа ярьж гүтгэсэн бол түүнийг намаа хөөдлөө гээд МАХН-аас хөөх үү?

-Одоогоор үүнийг би хэлж мэдэхгүй. Хяналтын ерөнхий хороо шийднэ. С.Баяр дарга намын дарга байхдаа Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нэр дэвшигчийнхээ эсрэг ажилласан нь тогтоогдвол С.Баярт хариуцлага тооцож л таарна. Эсвэл нэр дэвшигч намын даргаа гүтгэх замаар намын нэр хүндэд хохирол учруулсан бол Н.Энхбаяртай улс төрийн хариуцлага ярьж л таарна. МАХН нэг л дүрэмтэй. Энэ дүрмийг зөрчсөн хэнбугай ч улс төрийн хариуцлага хүлээх ёстой.

-Н.Энхбаяр С.Баяр хоёрын дунд одоогийн энэ ойлгомжгүй байдал бий болсон талаар менежерээр ажилласан хүний хувьд Та мэдэж байгаа биз дээ?

-Сонгууль гэдэг чинь нэг нь ялж, нөгөө нь ялагддаг өрсөлдөөн шүү дээ. МАХН миний мэдэхийн энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан шиг хүн хүч, хөрөнгө санхүү зарж байгаагүй шиг санагдах юм. Ёстой л хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхсөн дөө. Харамсалтай нь МАХНаас нэр дэвшигч сонгуульд ялж чадаагүй. Ард түмэн сонголтоо хийсэн, манай нам энэ сонголтыг нь хүлээн зөвшөөрсөн. Нэр дэвшигч маань ч хүлээн зөвшөөрсөн. Одоо бол сонгууль дууссан. Ямар нэгэн асуудал байхгүй. Энэ бол улс төрийн соёл. Монголчууд бид сонгуульд ялж бас ялагдаж сурах хэрэгтэй.

– Та МАХН-д зургаа дахь даргынхаа нүүрийг үзлээ. Зургаан лидерийн хувь болоод бие хүний зургаан өөр ертөнцтэй танилцжээ. Зуун хувь супер хүн гэж байдаггүй, эсвэл зуун хувь адгийн амьтан ховор. Та тэдний хэн нь хэн бэ гэдгийг хамгийн сайн мэдэх байх, тийм үү?

-Би 22 настайдаа МАХН-ын Төв хороо гэж байхад намын аппаратад анх орж ажиллаж байлаа. Намайг ажилд авч, өчүүхэн жижиг завьтай нэг муу хүүг улс төр гэдэг том далайд гаргаж өгсөн хүн бол Ерөнхийлөгч асан Н.Багабанди, Б.Даш-Ёндон дарга юм. Б.Даш- Ёндон, Н.Багабанди, Н.Энхбаяр, М.Энхболд, С.Баяр, С.Батболд гээд одоо зургаа дахь даргатайгаа ажиллаж байна. Энэ том намыг үнэхээр улс төрийн хүчирхэг лидерүүд удирдаж байсан. Бүгд өөрийн гэсэн түүхэн замналтай, ажлын арга барил нь ч өөр, хүмүүстэй харилцах өнгө аяс нь ч адилгүй. Өөрийнхөө цаг үед өөрийн гэсэн удирдлагын ухаанаа таниулж намаа ялуулж чадсан, ялагдсан нь хариуцлагаа үүрч чадсан ийм л хүмүүс. Эднээс би ихийг сурсан даа. Заримтай нь ам мурийж ч явлаа, заримтай нь анд нөхөд бололцож ч явлаа. Заримтай нь ах захын ёсоор харилцаж ч явлаа. Ажил хийж байгаа хүмүүс аль ам мурийхийг тэр гэх вэ дээ. Алдаа оноогоо нүүрэн дээрээ хэлэлцэх үе бишгүй л тааралдаж байлаа.

-Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай эв хагарч том дуугарсан хүн бол та бараг ганцаараа байх. “Намын ажлыг эхнэр чинь мэддэг юм уу” гэсэн алдарт үгийг амнаасаа унагаж дуулиан тарьж явсан шүү дээ. Тэр үеийн уур хилэнгээсээ зууж үлдсэн хорсол танд байдаг уу?

-(инээв) Нэг сайхан үг байдаг даа. “Зүрхэндээ толботой явснаас, зүсэндээ сорвитой яв аа” гэж. Ажил төрлөөс болж сайдалцсан, муудалцсаны алийг тэр гэх вэ. Тэр тоолонгоор хар хор санаж явбал ажил амьдралын минь зам мөр балартаж үгүй болох биз. Атгаг санаа агуулж сууна гэдэг Хүрэлсүхийн төрөлх зан араншин, аав ээжийн минь олгосон хүмүүжлээс дэндүү хол юм даа. Би бага зэргийн шүтлэгтэй хүн. Бурхны сургаалийн сэтгэлдээ нүгэлгүй байх философийг баримталж амьдрахыг хичээдэг хүн дээ. Н.Энхбаяр дарга бид хоёрын харилцааг хүмүүс их сонирхох юм. Та хоёр одоо яадаг вэ. Муудсан, тэгээд сайдсан уу, аан. Бие биенээ үзэхээ больсон байх тээ л гэнэ. Н.Энхбаяр даргыг Монгол Улсын оргил албан тушаалтан байхад нь ч би алдаа дутагдлыг нь хэлдэг байсан. Миний үгийг тэр хүн хүлээж авах үедээ ч авдаг л байсан болов уу гэж би боддог юм. Одоо тэр хүн Ерөнхийлөгч биш, жирийн нэг иргэн Н.Энхбаяр болсон. Бид хоёр хамгийн сүүлд УИХ-ын нөхөн сонгуулийн үеэр нэг уулзсан юм. Би урьж, үдийн цай хамт уусан юм. Улс орны ажил амьдралын талаар, улс төр юу болж байгаа тухай ярилцсан, урьд нь хамт ажиллаж байсан цаг үеэ ч дурсан хөөрөлдсөн. Энэ үед би хойшид өөрт нь хүндэтгэлтэй хандаж явна гэдгээ илэрхийлсэн. Төрт ёсоо бодсон ч, түүхэн уламжлалаа бодсон ч, ах захын ёсоо бодсон ч Н.Энхбаяр даргад хүндэтгэлтэй хандах хүн ёсны учир надад байдаг юм шүү. Нас 40 гараад ухаан сууж байгаа юм болов уу. Ер нь сүүлийн үед хүний өөрийн нам гэлтгүй ахмад үеэ ойлгож, хүндэлж явъя гэж боддог болоод байгаа.

-Сонгуулийн хуулийн шинэ хувилбарын талаар ярилцъя. Пропорциональ систем намын генсекүүдийг нэрсийн жагсаалтан дээр олон шөнө нойргүй хонуулах биз. Энэ хувилбар МАХН-д ямар ашигтай болоод танайхан дэмжив?

-Саяхан хуралдсан МАХНын Бага хурал сонгуулийн пропорциональ хувилбарыг авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн учраас УИХ дахь бүлэг энэ чиглэлийг мөрдөж Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх байр сууриа илэрхийлнэ. Хүн болгоны эсэргүүцээд байгаа мөнгөний сонгуулийг халахад энэ хувилбар үүргээ гүйцэтгэж чадна гэдэгт бид эргэлзэхгүй байна. Нэр дэвшигч мөнгө тараадаг, сонгогчид түүнийг нь хүлээж суудаг гаж тогтолцоогоо халъя. Жалга довны шинжтэй депутатуудын парламент үеэ өнгөрөөж байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Одоо бол цаг үе анхан шатны аар саар ажил ярихаасаа илүүтэй улс орны хэмжээний томоохон төслүүдийг цаг алдалгүй шийдэх чадвартай парламентийг нэхэж байна. Энэ үүднээс сонгуулийг пропорциональ хувилбараар явуулах шаардлагатай гэж МАХН үзсэн. Энэ хувилбарын бас нэг олзуурхмаар тал нь улс төрийн намуудын хариуцлагыг дээшлүүлэх ач холбогдолтой. Улс төрийн бодлогыг нам нь зангиддаг, УИХ-ын гишүүд тэр бодлогоо хэрэгжүүлэхийн төлөө нягт хамтран ажилладаг нөхцлийг пропорциональ систем хангаж өгнө. Улс төрийн намуудын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхээсээ гадна Монгол Улсын хөгжлийг хурдасгах хувилбар байх шүү. Пропорционалиар бол МАХН ялагдана гэж санаа зовдог хүмүүс манай намд бий. Энэ бол харьцангуй ойлголт юм. Сонгуульд ялж, ялагдахаас илүү үнэтэй эрх ашиг улс эх оронд бий гэдгийг огт мартаж болохгүй.

-Таныг МАХН-ын дараагийн дарга гэж харж байгаа хүмүүс улс төрийн хүрээнд олон байгаа. Харин Та өөрийгөө намын даргад бэлтгэж байгаа юу? Хэрэв МАХН-ыг удирдах хувь зохиол Танд ирвэл Та ямар чанарыг эрхэмлэх вэ?

-Энэ талаар огт бодоогүй юм байна. Улс төр өөрийн цаг хугацаатай, бас шалгууртай. Улс төрд хэзээ ирэх, хэдийд байх, хэзээ явахаа шийдэж чаддаг байх нь улстөрч хүний нэг чухал чанар юм даа. Миний хувьд улс төрийн цаг эрт байна.

-Улстөрчид сүүлийн үед хувьдаа сонинтой, телевизтэй байдаг моод хавтгайрлаа. “Нэг хөнжилд” орвол хэн аль нь утгаа алддаг зүйл чинь хэвлэл, улс төр хоёр шүү дээ. Улстөрчид та нар болимоор юм. Та ч гэсэн саяхан өдөр тутмын сонин худалдаж авсан сураг байна.

-Яг үнэнийг хэлэхэд сонин худалдаж авах сонирхол ч алга, мөнгө ч алга. Хэдэн жилийн өмнө манай залуучуудын холбоо “Монгол төрх” гэж нэг сонинтой байлаа. Сонин гаргана гэдэг чинь тамын ажил байдаг юм билээ, ёстой мэдэж авсан даа. Надад хамгийн ойр сонин гэвэл “Үнэн” сонин байна. Энэ онд “Үнэн” сонины маань 90 жилийн ой тохионо. Харин “Үнэн” сониноо олны таашаалд нийцсэн сайхан сонин болгох санаа бодол байна шүү.

-Таныг хүмүүс “мужик” гэх юм. Тань шиг баруун гар дээрээ сорвитой хүнийг тэгж нэрлэдэг юм биш биз. Та энэ тодорхойлолтыг юу гэж ойлгодог вэ?

-(инээв). Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа гэдэг дээ. Би нялцгай, долигонуур, бялдууч зан чанарт дургүй. Хэлсэн үгэндээ эзэн байдаг жинхэнэ эрчүүдийг би хүндэлдэг. Эр цэргийн алба хаасан болоод ч тэр юм уу.

-Та гэр бүлээ танилцуулахгүй юу. Хувийн амьдралынхаа талаар яривал манай уншигчид сонирхох байх. Ер нь Та энэ олон жил улс төрд явахдаа эхнэр, хүүхдийнхээ тухай ярилцлага өгсөн удаагүй байх шүү? –

Сэтгүүлчдэд хувийн амьдралаа нэгд нэгэнгүй тоочно гэдэг чинь тийм сайхан зүйл биш байх аа (инээв). Манайх ам бүл дөрвүүл. Эхнэр, хоёр охиныхоо хамт амьдардаг. Миний гэргий цэцэрлэгийн багш. Энэ хорвоогийн хамгийн сайхан ажлыг хийдэг хүн дээ. Хүүхдийн цэцэрлэгт ажиллана гэдэг чинь бурхдын дунд байдаг гэсэн үг. Эхнэр маань хиргүй ариун сэтгэлтэй хүүхдүүдийн ертөнцөд өнжөөд орой харихдаа хамгийн гэгээн эрчим хүчийг өөртөө шингээчихээд ирсэн юм шиг надад санагддаг. Тэтгэвэртээ суутлаа цэцэрлэгтээ ажиллаасай гэж би боддог юм. Өөрөө ч хүүхдүүдээсээ холдож чадахгүй, ажилдаа их дуртай. Их тайван, дөлгөөн хүн л дээ, ер нь.

-Харин Та..?

-(инээв) Би улс төрийн орчинд ажилладаг болохоор эхнэртээ бол амаргүй л хань байж таарна. Манай хүн тайван, би түргэн. Бид хоёрын зан төлөв эвцэж нийлдэг шиг байгаа юм. Манайх давгүй сайхан, бусдын адил аж төрж байна. Гэр бүлдээ зориулах цаг заваар хомс байх юм. Шөнө оройгүй хурал хуй болоод сууж байдаг. Би гэж нэг ийм л аав даа.

-Охидынхоо тухай ярихгүй юу?

-Том охин ирэх жил МУИСийг төгсөнө. Бага маань дунд сургуулийн гуравдугаар анги. -МАХН-ын генсекийн том охин аавынхаа намд элсчихсэн үү?

-Үгүй байх аа. Лав л надаас намын батлах аваагүй. Харин ч манай бага охин эгчээсээ илүү улс төр сонирхдог гээч. Нэг удаа “Аав аа, танай нам яасан их асуудалтай байна аа гэж хэлсэн шүү(инээв). Хамгийн сүүлд өлсгөлөн зарлагсдыг хараад санаа нь их зовсоон. “Яагаад өлсчихөв өө, хэлэлцээ хийчихгүй яасийм” гээд л. Эгч нь хуулийн мэргэжлийн хүн болж байгаа юм. Яг л хуульчдад байдаг зан чанар сууж эхэлсэн харагддаг. Дуу цөөтэй, дүгнэлтээ дотроо хийдэг.

-Та ч их залуудаа өвөө болж мэдэхээр том хүүхэдтэй юм байна. Өвөө болоход бэлэн үү?

-Байгалийн жам хойно бэлэн байлгүй яахав. Төсөөлөөд үзсэн чинь би ч өвөө болохдоо дуртай юм шиг байна шүү.

-Хүргэнтэй болсон уу?

-Болоогүй. Бодвол сургууль соёлоо төгсөж байж болох биз дээ.

-Таныг эхнэртэйгээ утсаар танилцсан гэж сонссон. Энэ үнэн үү. Үнэн бол сонин түүх байх даа?

-Тийм ээ, бид утсаар танилцсан. Би тэгэхэд Цэргийн сургуулийн гуравдугаар курсийн сонсогч байлаа. Нэг удаа жижүүрээс буугаад амарч хэвттэл манай курсийн хэдэн нөхөр нэгдүгээр курсийн бандийг дундаа суулгачихаад байцааж гарлаа. “Танай ангийн хамгийн хөөрхөн охин хэн бэ” гэж байна аа. Би сонсоод л хэвтээд байгаа юм чинь. “Манай ангийн хамгийн хөөрхөн нь Цэндсүрэн, Болорцэцэг хоёр” л гэнэ. Болорцэцэг гэдэг нэрийг нь тогтоогоод авч байгаа юм аа. “Утасны дугаарыг нь мэдэх үү” гэсэн нөгөө нөхөр “322234” гэж байна. Тогтооход амархан дугаар. Тэгээд сарын дараа жижүүрт гарахдаа шөнө 11 цагийн үед өнөө дугаар руу утасдлаа даа. Нэг охин утас авсан. “Сайн байна уу. Намайг Хүрэлсүх гэдэг. Өөртэй чинь танилцъя” гэсэн чинь “Танихгүй хүнтэй ярихгүй” л гэж байна. Хамгийн анх бидний хооронд ийм яриа өрнөсөн. Түүнээс хойш утсаар ярьсаар байгаад дөрөв, таван сарын дараа зуны амралтаараа анх удаа болзож, уулзсан юм. Одоо энэ Их дэлгүүрийн баруун хойно “Мандухай” зочид буудлын үүдэн дээр уулзаж билээ. Тэр үед бороо ороод сайхан байсан шүү.

-Одоо 322234 утсан дээрээ Болорцэцэг байгаа болов уу?

-Байхгүй ээ (инээв). Заяаны хань зам дээр гэдэг шиг утасны цаад үзүүр дээр бас байдаг л юм байна.

ЯРИЛЦСАН Б.ЭНХЦЭЦЭГ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.