Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“УРТ НЭР”-тэй ХУУЛЬ ХЭРЭГТЭЙ

Уснаас илүү алт, байгалиас илүү мөнгө хэрэгтэй хэмээн алт олборлогчид бархирч байна. Уурхайг хаах юм бол эрчим хүчний үнийг нэмнэ шүү гэж нүүрс олборлогчид анхааруулж харагдлаа. Жоншны экспорт зогсвол улсын төсвийн орлогын уут жин хасна хэмээн уурхайчид дохио өгөв. Экологийн салбарт эргэлт болсон хууль батлагдахтай зэрэгцээд уул уурхайнхан ард түмэн рүү нисгэсэн сүрдүүлгийн мессеж нь энэ. Ашигт малтмалаас олох орлого буурна л гэнэ, ажилгүйчүүдийн тоо нэмэгдэнэ л гэнэ. Үнэндээ энэ сүрдүүлгийг Монгол орны ирээдүйн эрх ашигтай зүйрлэвэл дэндүү өчүүхэн шалтаг юм.


Монгол Улсын валютын нөөц, алтны сан хөмрөг арвижиж үржихээс илүү газар шороо, гол ус, ой хөвчийн асуудал чухал гэдгийг өдгөө хүн бүр ойлгохтойгоо болчихлоо. ХХI зуунд экосистемийн ядуурал улам бүр нэмэгдэж, ган цөлжилт бүх дэлхийг нөмөрнө гэсэн судлаачдын анхааруулга хоосон таамаг биш нь нотлогдсоор байна. Байгалийн гамшиг, цэвэр усны хомсдол хүн төрөлхтнийг сөхрүүлж эхэллээ. Цөлжсөн, ширгэсэн, шатсан, бохирдсон талаарх хар мэдээний архив асар богино хугацаанд зузаарсаар. Дэлхийд Монгол Улс цөлжилтийн дунд болон хүчтэй зэрэглэлд хамаарах болов. Одоогийн байдлаар газар нутгийн минь 80-аад хувь цөлжилтөд өртөөд байна. Энэ гамшиг биш гэж үү. Манай орон усны хагалбар дээр оршдог гэдэг утгаараа Ой, усны сав газарт эрэл хайгуул хийх, олборлохыг хориглох тухай хууль дэлхийд ач холбогдолтой байв. За яахав. Бусдын эрх ашгийг хөндөхөө болъё. Зөвхөн хар толгойгоо бодоход л энэ хуулийг хэрэгжүүлэхийн тулд төрийн төмөр нүүр зайлшгүй хэрэгтэй байна. Хэрэгтэй хэмээн “зөрүүдэлж” буйн олон шалтгаанаа зах зухаас нь тайлбарлая. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газар үйл ажиллагаа явуулж байгаа 1000 гаруй компанийн дотор жонш, нүүрсний уурхай цөөнгүй бий. Тухайлбал, Хөвсгөл аймгийг хангадаг нүүрсний уурхайг хаах болох нь. Орон нутгийн чанартай нүүрсний уурхайг хаачихаар тухайн аймаг 60 бус, 600 км-ээс нүүрсээ татах тухай сонсоод нутгийн иргэд хүртэл энэ хуулийг ад үзэж эхэлсэн сурагтай.
Тэгвэл Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайнууд жилд тус бүр 4.5-5 сая шоометр ус шавхан зайлуулдаг. Ингэснээр уурхай орчмын гол горхи, булаг шанд ширгэж, газрын доорх усны горим алдагдсаныг дуулсан уу. Мөн Бор-Өндөрийн жоншны уурхай орчмын 1.5 км радиустай газарт газрын доорх усны түвшин 20 гаруй метрээр доошилчихож. Хэрвээ бусад уурхайнуудад усны түвшний судалгаа хийвэл үүнээс дутуугүй ноцтой дүн гарах нь лав. Уурхай тойрсон гангийн аюул, усны хомсдол бодитоор нүүрлэж буй дохио хангинаж байхад цахилгааны үнэд “үхэл алдаж” суух цаг мөн гэж үү. Уух усгүй болчихвол мянган “гэрэл” байгаад яах юм бэ. Гол горхины бохирдол, ширгэлт, гүний усны нөөцийн хомсдол алт олборлолтод бүр илүү хамаатай. Улсын хэмжээгээр нийт 60 гаруй гол мөрөн аж ахуйн болон үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай холбоотойгоор бохирдож, ширгэх аюул нүүрлээд байна. 100-хан кг алт авахын тулд бүхэл бүтэн голыг ширгээсэн, голдирлыг нь өөрчлөөд тэр чигт нь хаясан алтны уурхайг тоолбол олон аравт хүрнэ. Тэдний олсон ашгийг байгальд учруулсан хохиролтой харьцуулж дэнсэлбэл асар зөрүүтэй тоо гарах биз ээ. Түүнчлэн хөрсөнд ялзмаг гэж бий. Монгол орны ялзмагийн хэмжээ 1940-өөд оны үеийнхээс хоёр дахин багасчээ. Байгальд ганцхан см ялзмаг бүрэлдэхэд олон зуун мянган жил шаардлагатай байдгийг мэдэх үү. Эрдэмтдийн судалгаагаар 60 гаруй жилийн дотор хагалсан, сэндийлсэн газраас хамгийн багаар тооцоход л 500-600 мянган тонн ялзмаг хөрснөөс устаж алга болжээ. Бүр тодорхой хэлбэл, бид энэ хугацаанд нийт нэг сая тонн нүүрсхүчлийн хий үйлдвэрлэчихэж гэсэн үг. Нэг жишээ татъя. 1900-гаад оны үед Бороогийн гол орчимд хятадууд алт олборлож байв. Тэгвэл тэнд одоо л нэг юм ялзмаг үүсч эхэлснийг тогтоолоо. Ингээд бодоход ухаж хөндсөн газарт ургамал ургах хэмжээний шимт хөрс бий болтол дор хаяж 100 гаруй жил шаардагдаж байгаа юм. Уг нь “Алт” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхэд дэвшүүлсэн, баримталсан олон бодлого бий. Гэтэл өнгөрсөн хугацаанд байгалийн эрдэс түүхий эдэд эцсийн боловсруулалт хийх технологи нэвтэрсэнгүй.
Өнөөдрийг хүртэл алтны шороон ордын олборлолт өнгөрсөн зууны усан бууны технологиос салаагүй яваа нь үнэндээ гутамшиг юм. Жижиг уул уурхайн олборлолтоос үүдсэн экологийн сүйрэл үндэсний эдийн засагт том эрсдэл дагуулдаг гэдгийг харуулсан дэлхийн бусад орны гашуун түүх хангалттай сургамж болохгүй байна уу. Манай улсын усны хэрэглээ тооцсоноос хавьгүй илүү хувиар өссөөр байна. Үүнтэй холбоотойгоор хэрэглээний өсөлтийн хурдыг усны нөөц гүйцэх үү гэдэг тулгамдсан асуудлын нэг болов. 2008 онд үйлдвэрийн усны хэрэглээ 157 сая шоометр байв. Хэрвээ Оюутолгой, Таван толгой, Төмөртэйн ордуудыг ашиглаж эхэлбэл усны хэрэглээ огцом өсөх тооцоо бий. Угтаа бол стратегийн ордуудын зөвхөн нэгийг ашиглахад л Монгол Улсыг хэдэн арван жил толгой өвдөхгүй “тэжээж” дөнгөх учиртай. Ажлын байр ч хэдэн мянгаар нэмэгдэнэ гээд бодоход асар их боломж харагдаж байна.
Үүнээс гадна уул уурхайн олборлолтоос үүссэн экологийн хохирлын бодит тооцоог нөхөн төлбөрт суутган авч яагаад болохгүй гэж. Түүнчлэн уул уурхай, хөнгөн, хүнд үйлдвэрийн салбарт усны төлбөрийг тооцохдоо нэг литр гадаргын усанд 1-8, газрын доорх усанд 1-10 мөнгөөр үнэлж байна. Тэгвэл дэлхийн улс орнуудад усны үнэ сүүлийн жилүүдэд эрс өсөж эхэлсэн. Өнгөрсөн таван жилд гэхэд нэг шоо метр усны дундаж үнэ Хятадад 48 цент, АНУ-д 66 цент, Дани, Германд 2.25 долларт хүрчихэж. Үүнтэй харьцуулахад манай улсынх бараг 50-100 дахин хямд байна. Чухам энэ үед Усны төлбөрийн тухай хуулийг даруй батлах талаар асуудал тавьж болно. Ингэснээр усны мангас аварга драгаас эхлээд өнгөрсөн зууны технологитой алтны уурхайнууд аандаа хаалгаа барих нөхцөл бүрдэнэ. Энэ мэтээр валют бус байгалиа хамгаалахын тусыг баримт, судалгаанд тулгуурлан нотолбол үргэлжлүүлэн ихийг өгүүлж болох юм. Урт нэртэй хуулийн хүрээнд хамгийн багаар бодоход 170 гаруй тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг лицензээ хураалгасан аж ахуйн нэгжид олгох талаар ярьж байна. Улсын төсвөөс ийм хэмжээний мөнгө гаргах боломжгүй хэмээн Сангийн сайд хавьтуулах шинжгүй. Үнэндээ байгалиа хамгаалах гэсэн олны хүслийг ийм шалтгаанаар гацаах нь баталсан хуулиа хэрэгжүүлж чадахгүйд хүрсэн төр ямар ч хүчгүй, дорой болсных.
Дэлхийн цаг агаарын өөрчлөлтийн хурд төлөвлөснөөс даруй 50 жилээр наашлах түгшүүр дуулдсан. Тэр дундаа цөлжилт Монголыг бүхэлд нь залгих аюул нөмөрчихөөд байхад байгалийн хамгийн эмзэг тогтоцтой, гол ус, ой модтой газар үүрлэсэн уурхайнхны ашиг сонирхол чухал гэж үү, бидэнд. Монголд төдийгүй дэлхийд ач холбогдолтой хууль гэдэг утгаар нь олон улсын донорууд нөхөн төлбөр бүрдүүлэхэд туслах үндэс байгааг мартаж болохгүй ээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.