Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Урт нэр”-тэй хууль хэрэггүй

УИХ-аас нэгэнт батлагдсан хуулийг хэрэгжүүлэх эсэх асуудлыг одоо хөндөж буй нь оройтсон мэт боловч зайлшгүй сөхөхөөс аргагүй байдал амьдрал дундаас урган гарсаар байна. “Гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт олгогдсон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах тухай” гэх урт нэртэй хуулийг өнгөрсөн жилийн наадмын дараахан УИХ баталсан. Үүнээс хойш олон сар өнгөрсөн ч хэрэгжилгүй өнөөдрийг хүрлээ. Хуулиа хэрэгжүүлэхийг шаардаж, шахаж, гүйцэтгэх засаглалынхныг зөв буруугүй хэчнээн ташуурдаад ч, уяа сойлго нь эхнээсээ таараагүй энэ хууль хурдлахгүй нь нэгэнт тодорхой болоод байна.


Уяач нь туршлагүйтэв үү, унасан хүүхэд ая занг нь олж чадсангүй юу. Гарааны зурхайгаас гарахдаа л хөл нь сул, суурь нь муу байсан. Одоо хэчнээн шавхуурдаад ч нэмэргүй. Хөл нь гуйвж, унасан хүүхдээ нус нулимс, тоос шороотой холилдуулсан энэ “баян ходоод”-д одоо хүчтэйхэн сэргээш л хэрэгтэй. Харин ийм хүсэл эрмэлзэл хууль тогтоогчдод үгүй бол энэ хууль унасан хүүхдээ, уясан уяачаа шившиглэж мэдэхээр байна. Яагаад тэр вэ, юунаас болоод ийм байдалд хүрэв гэдгийг хэдэн жишээгээр хүргэхийг оролдъё. Хууль батлахад амьдралд хэрэгжих үндэс суурь, тооцоо судалгаа зайлшгүй хэрэгтэй. Яг л хурдан хүлэг шиг бүх талаас нь шинжсэний эцэст уяа, сойлго болсон зүйл, заалтыг нэг бүрчлэн “тааруулах” хэрэгтэй. Гэтэл “Урт нэр”-тэй энэ хуулийг хөнгөн гоомой хэлэлцэж, баталснаас байгаль орчинтойгоо үлдэх үү, уул уурхайн салбараа боомилох уу гэсэн хоёр том сонголтыг гүйцэтгэх засаглалынханд тулгаад байгаа юм. Нэг талаас хуулийг хэрэгжүүлэх ёстой гүйцэтгэх засаглалынхан байгаль орчноо хамгаалахаар, нөгөө талаас Монголын уул уурхайн салбарыг тодорхойлж байгаа компаниуд эрх ашгаа аварч үлдэхээр талцаж буй. Лицензээ цуцлуулсан компаниудад төрөөс нөхөн төлбөр олгоод л хэн хэндээ ямар ч хохиролгүй асуудлыг цэгцэлчихнэ хэмээн эрхэм гишүүд эхэндээ ярьж байсан.
Гэтэл одоо улсынхаа бүтэн жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний нөхөн олговроор ам руугаа алгадуулж сууна. ЭБЭХ-ний дэд сайд Б.Ариунсан “Эхний 30-40 аж ахуйн нэгжийн мэдүүлж байгаа тайлангаар нөхөн олговрыг тооцож үзэхэд 300-400 тэрбум төгрөг нэхэгдэж байгаа” хэмээн ярьж байсан. Урьдчилсан судалгаагаар 1150 гаруй лицензийг цуцлан, нөхөн олговор олгох тооцоо бий. Ашиглалтын болон хайгуулын лиценз бүрийн ард нэг компанийн хөрөнгө мөнгө, эрх ашиг бий гэж тооцвол гаднын болон үндэсний хөрөнгө оруулалттай 1150 гаруй компанийн эрх ашиг хөндөгдөж байгаа юм. Тэгэхээр эхний ээлжинд мэдүүлж буй дээрх 300-400 тэрбум төгрөгийг дундажлан тооцвол дээрх компаниудад манай улсын жилийн нийт төсвөөр хэмжигдэх нөхөн төлбөр олгох албан бус тооцоог хийж болохоор байна. Хайгуулын лиценз эзэмшиж буй компаниудын өрмийн хошууг нэгбүрчлэн нягтлан шалгаж, оруулсан хөрөнгө мөнгийг нь танаж хасаад ч төрөөс төлөх нөхөн төлбөр хэдэн тэрбум доллар буюу их наяд төгрөгөөр хэмжигдэнэ гэж шинжээчид шинжжээ. Өнөөдөр энэ хэмжээний мөнгийг энэ хэдхэдаа л хөл нмпанид хуваагаад туучих эрх, тийм бололцоо УИХ, Засгийн газарт бий гэж үү. Байгаль орчин мөнгөнөөс үнэтэй нь үнэн. Гэхдээ эрхэм гишүүдийн хөнгөн гоомой, судалгаа тооцоогүй баталсан ганцхан хуулийн нөхөн төлөөсийг ард түмэн, татвар төлөгчид үүрэх учиргүй. Төр ийм байдлаар нөхөн төлбөр олгох уу, төмөр нүүрээ харуулж түмнийхээ өмчийг мэдэх үү гэдгийг дахин нягтлах хэрэгтэй байна. Энэ бол зөвхөн нөхөн төлбөртэй холбоотойгоор хөндөгдөж буй хуулийн цоорхой.
Үүнээс гадна геологи уул уурхайн салбарын 70 жилийн түүхтэй монголчууд энэ салбарын хөгжлөө алхам урагшлуулах уу, ухруулах уу гэсэн асуудалтай зэрэгцээд ойрын 100 жилийн хөгжлийн ирээдүй гэгдэж буй баялгаараа мөнгө олох, дэлхийд стратегийн ач холбогдлоо үнэлүүлэх үнэ цэнийг ч энэ хууль бас баллах магадлал өндөр. Дээрх лицензүүдийг эзэмшиж буй компаниудын дотор хайгуулын судалгаа хийж, хөрөнгө мөнгөө оруулчихаад ашиглалтын үйл ажиллагаагаа явуулахад бэлэн болсон гадна, дотны олон компани бий. Тэд оруулсан хөрөнгөнөөсөө илүү ашиг орлого олох бизнесийн сонирхлоор байгаль эхийг гомдоон, хайр найргүй ухаж төнхсөн нь үнэн. Гэхдээ бас тэдний Монголын уул уурхайн салбарыг өнөөгийн хэмжээнд хүргэхэд оруулсан гавьяаг хэдхэн хоногийн дотор “үйлдвэрлэсэн” хуулиар булшилж боломгүй санагдана. Өнгөрсөн жилийн статистикаас харахад уул уурхайн салбар манай улсын эдийн засгийн гол тулгуур болжээ. Нийт экспортын 70, ДНБ-ий 30 хувийг энэ салбарынхан бүрдүүлсэн байна.
Хуулиар зөвхөн усны урсац бүрэлдэх эхийн хилийн заагтай давхцаж буй 89 ашиглалтын лицензийг цуцлахад л энэ тооны компанийн төсөвт оруулдаг мөнгө тасалдана гэсэн үг. Үүний дийлэнх нь буюу 80 нь алтных. Тиймээс одоо хүртэл маргаантай хэвээр байгаа Гэнэтийн ашгийн 68 хувийн татварын хуулиас болоод улсын төсөв, валютын нөөцөд учруулсан сөрөг нөлөөлөлд “Урт нэртэй” энэ хууль бас хувь нэмрээ оруулж магадгүй юм. Мөн нэг компанид хамгийн багаар 20 хүн ажилладаг гэж үзвэл дор хаяж 10000 гаруй хүний ажлын байр, амь амьжиргаа тодорхойгүй байдалд орно гэсэн үг. Гэр бүл, үр хүүхдийг нь оруулбал энэ тоо 2-3 дахин нэмэгдэнэ. Энэ бол хуулиас урган соёолж буй нийгмийн тулгамдсан асуудлын зөвхөн нэг нь. Тиймээс “Урт нэр”-тэй энэ хуулийг “төрхөмд нь буцааж”, байгаль орчныхоо ч, баялаг дагасан салбарынхаа ч “амьдрал”-ыг бодохгүй бол болохгүй нь ээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.