Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“УРТ НЭРТЭЙ” ХУУЛИЙГ ШИНЭ ТӨСӨЛ АВРАХ УУ, АЛАХ УУ

Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хо риглох тухай буюу “Урт нэртэй” хуулийн шинэ төслийг сар шинийн өмнөхөн УИХ-ын хэсэг гишүүн өргөн барьжээ. УИХ-ын гишүүн Д.Кёкүшюзан Батбаяр тэргүүтэй хэсэг гишүүн бүтэн жилийн турш уул уур хайнхан болон улстөрчдийг талцуулсан энэхүү маргаантай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулахаар шийдсэн нь улстөрчдийн хувьд гэнэтийн бэлэг болоод байна.

Геологи уул уурхайн талаар өмнө нь “А” ч гэж дуугарч үзээгүй тэднийг нарийн мэргэжлийн салбарын хуульд гэнэт ийнхүү нэмэлт өөрчлөлт оруулахаар шийдсэн нь “лообийных” гэх то дотгол ч дагуулаад амжжээ. Энэхүү хуулийн төслийн 4.1-д тусгаснаар “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно” гэдгийг “… хязгаарлана” гэж, 4.5-д “Энэ хуулийн 4.1-д заасан газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй” гэдгийг “…хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохгүй” хэмээн нэмж өөрчлөхөөр санал оруулсан юм байна.

Ингэснээрээ одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн заагийг тогтоох болон цуцлагдах жагсаалтад оруулсан тусгай зөвшөөрлүүдийн хүрээг тогтооход учирч буй бэрхшээлийг багасгана гэж тооцсон бололтой.

Нэмэгдэхүүний байрыг сольсноор нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэдэгтэй адил нэг үгийг нөгөөгөөр сольсноор шинэ төсөл өмнөхөөсөө дээрдэж чадах уу. Зарим улстөрчийн ярьж буйгаар хуулийн үйлчлэх цар хүрээ, эрч хүчийг ийнхүү сулруулснаараа ужгирч бэтгэрсэн ч уг мөн чанараараа ач холбогдол өндөртэй “Урт нэртэй” хуулийн үнэ цэнэ, үр дүнг улам бууруулна гэсэн болгоомжлол байна. “Урт нэртэй” хуулийн хүрээнд 1700 гаруй лиценз цуцлагдах урьдчилсан тооцоог ЭБЭХЯ гаргаад байгаа. Үүнийг дагаад хамгийн багаар бодоход том, жижиг 900 орчим компанийн эрх ашиг хөндөгдсөний дийлэнх нь алтны салбарынх.

Тэр дундаа алтны ашиглалтын 391 лицензийн 172 нь үндэсний компаниуд бөгөөд тэдний эрх ашиг хамгийн эмзэг асуудал болоод буй. 20 мянган уурхайчин ажилгүйчүүдийн эгнээнд шилжинэ, эздийнх нь авсан зээлийн хэмжээ арилжааны бан куудад аюул дагуулна, Монгол Улсын 2-3 жилийн төсвийг дээрх компаниудын нөхөн олговорт олгох уу зэрэг олон асуудал төр, засгийн хэмжээнд яригдаж буй. Өнөөдөр энэ бүхэн дааж давшгүй том бэрхшээл мэт сонсогдож буй. Гэвч энэ бол байгаль эхээ алтнаас худалдсан бидний маргаашаа аварч үлдэхийн тулд өнөөдөр төлөх ёстой шийтгэл, эсвэл байгаль орчноо аварч үлдэх алтан боломж ч байж мэднэ. Алт хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш хоёр дахь арвантайгаа золгож байна. Алтаа ухсан. Авдраа бялхуулсан. Одоо алт төдийгүй нүүрс, зэсээ дэлхийд үнэ хүргэж байна. Ашиг орлого нь хэдэн их наядаар хэмжигдэж, алийг нь юунд зарцуулахаа мэдэхгүй их хөрөнгө мөнгөнд монголчууд бид эхнээсээ толгой эргэж буй. Хишиг хувь тарааж хэдэн тэрбумаар нь цацаж, цаашид хэдэн их наядаар нэмэгдэх төлөвтэй байгаа.

Гэтэл байгаль орчноо аврах гэж баталсан хуулийнхаа “цоорхой”-д хууль тогтоогчид өөрсдөө бүдрэн, хөрөнгө мөнгөтэй компаниудын мөнгөнд “зодуулж” шалдаа бууж, хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар харилцан тохиролцоход хүргэсэн юм биш биз. Саарал ордноор “бизнес хууль” гэсэн яриа, хэллэг тэнүүчлэх болсоор удсан. Ашиг сонирхлоо хамгаалсан хууль санаачлуулан, УИХ-аар хэлэлцүүлэн батлуулахын тулд хэн нэгэн, хэсэг бүлэг гишүүнийг лообийдохыг ийн нэрлэдэг. Салбарынхны саналыг ч асуулгүй ийм аргаар батлагдсан хууль ганц нэгээр тогтохгүйг эрхэм гишүүд өөрсдөө хүлээн зөвшөөрдөг. Ийм “бизнес хууль”-ийг бар жилийн төгсгөлд өргөн барьсан “Урт нэртэй” хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн шинэ төсөл отголж буй гэх яриа ч улс төрийнхөн дунд байна.

Хэрэв энэ ортой бол урт нэртэй ужгирсан энэ хуулийн нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэгч болж буй юм биш биз. Анхнаасаа судалгаа, тооцоогүй гарсан энэ хуулийг хэрэгжүүлэх гэж байгаль орчин, эрдэс баялгийн салбарынхан болон ой, усны асуудал эрхэлсэн агентлагууд бүтэн жилийн турш тооцоо судалгааг нь “нөхөн” хийсэн. Ус, ойн хил хязгаараа тогтоож энэ хуулийн хүрээнд цуцлагдах лицензийн талбай хүрээг тогтоогоод байгаа. Гэтэл ийм газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон хуулийн заалтад өөрчлөлт оруулж, хязгаарлах төдийгөөр зохицуулахыг оролдож буй нь эрх ашиг нь хөндөгдсөн алтны голдуу “акул” компаниудын лообий байхыг үгүйсгэх аргагүй юм. Тиймээс “Урт нэртэй” хуулийг энэхүү шинэ төсөл аврах, алах нь эргэлзээтэй төдийгүй элдэв хардлага дагуулж мэдэхээр байна.

Хуулийн хүрээнд цуцлагдах лицензийн жагсаалтад “Сентьерра гоулд”, “Гачуурт”, МАК зэрэг нэр бүхий “акул” компаниудын алтны хэд хэдэн талбай багтсан. Тэд алт олборлолтоороо үндэсний компаниудыг тэргүүлдэг. Энэ хэрээрээ байгаль орчны нөхөн сэргээлтийг ч хангалттай сайн хийдэг хэмээн өөрсдөө мэдээлдэг. Нүд үнэн, чих худал гэсэн үг бий. Харин үнэлэлт дүгнэлт өгдөг төрийн байгууллага, ард иргэд уул уурхайн компаниудын нөхөн сэргээлтэд сэтгэл хангалуун үлдэж байсныг санахгүй байна. БОАЖЯ-наас ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл эзэм шигч компаниуд байгаль хамгаалах, нөхөн сэргээлтийн чиглэлээр хү лээсэн үүргээ хэрхэн биелүүлж буйг шалгажээ.

Шалгалтад 800 гаруй компани хамрагдсанаас сүүлийн хоёр жилийн байдлаар Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Хэнтий, Өвөрхангай, Говьсүмбэр, Дундговь, Сүхбаатар Төв, Булган, Сэлэнгэ зэрэг нийт 15 аймгийн 56 сумын нутаг дэвсгэрт 3984.46 га газар эвдрэлд орж нөхөн сэргээгдэлгүй орхигдсоныг тогтоожээ. Эвдрэлд орсон талбайн 60 орчим хувийг нэр бүхий 340 компани ашигт малтмалын лицензээр эзэмшиж, үйл ажиллагаа явуулж байжээ. Энэ бол уул уурхайн компаниудын байгальд учруулсан хохирлыг тогтоосон хамгийн сүүлийн судалгаа. Урт нэртэй хуулийн хүрээнд 121,882 мянган га талбай чөлөөлөгдөнө гэсэн урьдчилсан судалгаа бий. Гэхдээ энэ бол зөвхөн алтны ашиглалтын лицензтэй нь бөгөөд нийт цуцлагдах талбайн 40- 45 хувийг эзэлж буй аж. Тиймээс энэ хэмжээний газар нутаг лиценз нэрээр хэн нэгний эзэмшилд сүйтгэгдэж байгаа нь Урт нэртэй хуулийг ямар ч байсан хэрэгжүүлэх шаардлагатайг харуулж байна.

Лиценз нь цуцлагдах компаниуд хэдэн тэрбумаар хэмжигдэх нөхөн олговрыг төрөөс нэхэж буй. Дааж давшгүй их нөхөн төлбөрөөр байгаль орчныг жингийн туухайд тавьж, төрийг барьцаалж байна. Гэтэл тэр мөнгийг төр, татвар төлөгчид заавал төлөх ёстой гэж үү. Алтыг нь аваад авдрыг нь тэд хөсөр хаяж чадаж байхад төр яагаад төмөр нүүрээ харуулж болохгүй гэж. Сүйтгэсэн газар нутаг, байгаль дэлхийд учруулсан хохирол бүрийг нь тооцож нөхөн олговроос нь суутгаж авъя. Урт нэр шигээ удаан хэрэгжилттэй энэ хууль хэрэгжих нь байтугай хэл ам дагуулсаар хоёр дахь хавраа угтаж буй. Тиймээс одоо хэрэгжүүлэх гэж яараад ч яахав. Бушуу туулай борвиндоо… гэдэг шиг болно. Нэгэнт удааширч, ужгирсан энэ хуулийг хууль шиг хууль болгохын тулд ганц нэг үг, хэллэгийг нь өөрчлөх төдийгөөр аварч чадах уу. Харин үүний оронд бүтэн жилийн турш хийсэн судалгаа, тооцоондоо үндэслэн цоорхойг нь нөхөж, төрийг “барьцаалж” буй зарим нэг зүйл, заалтыг шинэчилсэн найруулгын хэмжээнд засаж залруулан “шинэ” хууль төрүүлж болохгүй гэж үү.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.