Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Умард Исландын мөсөн уул


Eyjafjallajokull гэх Исландын хэл ам хугалчих гэсэн нэртэй галт уул сүүлийн хэд хоног хэл ам татлах боллоо. Цаад хэлээрээ “Умард Исландын мөсөн уул” гэсэн утгатай аж. Гал, мөс хоёр хавирахгүй ч Хойд туйлын цагариг дахь мөсөөр бүрхэгдсэн 1666 метр өндөр галт уулыг ингэж нэрлэсэн юм байна.
Галт уул он гараад сэргэж, энэ сарын 14-нд хүчтэй оргилсны улмаас цацагдсан үнс, шороо Европын дээгүүр хөшиглөн татсаны улмаас олон мянган нислэг хойшлогдож, авиа компаниуд тэрбум гаруй долларын алдагдалд уналаа. Гэхдээ энэ бол зөвхөн эдийн засагт үзүүлж байгаа нөлөө. Дэлбэрэлтээр цацагдсан үнс нурам нарны туяаг ойлгосноор агаарын хэмийг бууруулдаг төдийгүй нүүрсхүчил, хүлэмжийн хий ялгаруулдаг.

    Энэ удаа дэлбэрэлтийн улмаас 140 сая шоо метр үнс агаарт цацагдсан нь 1991 онд дэлбэрсэн Филиппиний Пинатубо галт уулныхаас 100 дахин бага юм. Пинатубо уулын дэлбэрэлтийн улмаас дэлхийн цаг уур цельсийн 0.4-0.5 хэмээр хүйтэрчээ. Италийн галт уул судлаач Майк Буртон “Дэлбэрэлтийн улмаас зарим хүмүүс бодож байгаа шиг цаг уурын өөрчлөлт болохгүй. Гэхдээ Исланд хавийн газарт маш бага өөрчлөлт ажиглагдана” гэлээ. Агаар мандалд цацагдсан үнс тоос 7000 метрийн өндөрт хүрсэн нь цаг уурын өөрчлөлт үзүүлж болох өндөр мөн хэдий ч хэмжээний хувьд (140 сая шоо метр) бага учраас шууд нөлөө нь ажиглагдахгүй аж. Италийн судлаачдийн тогтоосноор Умард Исландын мөсөн уул өдөртөө 200-250.000 тонн нүүрсхүчлийн давхар исэл ялгаруулдаг байна. Гэхдээ энэ нь санаа зовоох хэмжээ биш бөгөөд үйлдвэржилт, хөдөө аж ахуйгаас ялгаруулж байгаа нүүрсхүчлийн давхар ислийн 1/1000 тэнцэх гэнэ.
 Хэрэв үнс нурам агаарын мандлын хамгийн дээд давхарга болох 10.000 орчим метрийн өндөр дэх стратосферт хүрсэн бол нэг хоёр жилийн дараа сарних агаад доод давхарга болох тропосферт тогтсон бол хэдхэн долоо хоногийн дараа дэлхийн  хөрсөнд буцаж буух аж.

О.ТОГОО "Өнөөдөр" Сонин


0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.