Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улс төрийн энэ холбоо “олигархи дэглэм”-ийг устгах гэнэ

 Сонгууль бол эрх баригчдыг дахин өөрсдийнх нь хүссэнээр баталгаажуулдаг хэлбэр төдий үйл ажиллагаа биш, харин тэднийг хайр найргүй сольдог “хувьсгал” гэж ойлгох хэрэгтэй. Та бид ард түмэндээ ингэж ухааруулж чадвал олигархи дэглэмийг устгаж чадна. Ингэж чадахын тулд манай хоёр нам улс төрийн холбоо байгуулж байна гэж МАХН-ын дарга Н.Энхбаяр өчигдөр хэллээ. Монголын амин эрх ашигт нийцэхгүй бүгдийг өөрчлөх хууль ёсны цорын ганц арга зам бол сонгууль.

Монголыг Монголоор нь авч үлдэх, 20 жилийн алдаа завхралыг засах, цэгцэрсэн үзэл баримтлалтай улс төрийн хүчин бэлтгэгдэх хэрэгтэй байна. МҮАН, МАХН-д ижил төстэй юм бий. Тэр нь төрийн ажлын зовлон бэрхшээлийг биеэрээ амссан улстөрчидтэй. Үзэл санаа нь зогсонги биш үргэлж өөдлөн дэвжиж, шинийг эрэлхийлж байдаг. Хамгийн гол нь улс төрийн хаттай. Үзэл бодлоо худалдах хүн манай эгнээнд байхгүй. Үүнийг цаг хугацаа шалгаад өгсөн юм. Иймээс сонгогчдод хүрэх үйл ажиллагаагаа илүү үр дүнтэй болгох шаардлагын үүднээс хоёр нам холбоо байгуулж ажиллах шаардлагатай боллоо гэж МҮАН-ын дарга М.Энхсайхан бас өчигдөр хэлэв. МАХН, МҮАН улс төрийн холбоо байгуулах ёслол өчигдөр болсон юм. Түүн дээр дарга нарынх нь хэлсэн үгнээс иш татлаа. Монголын нийгэм байж л болох хэмжээнд задарч байна.

Одоо нэгдэх ёстой. Дэлхий дахины байдал ихээхэн хэцүү байгаа өнөөгийн нөхц өлд монголчууд нэгдэх нь чухал. Үндэсний эрх ашиг биднийг нэгтгэж буй юм. Нийгэмд шударга ёс тогтоохын тулд бид нэгдэж байна. Бид хүний эрх ашгийг дээдэлж ирэв, одоо үндэсний эрх ашгийг дээдлэх ёстой. Олгигархиудыг ордноос зайлуулъя гэх үгс уг ёслолын өмнө болсон хурлын үеэр сонсогдож байлаа. Улс төрийн холбоо байгуулах гэрээнд МАХНыг төлөөлж Н.Энхбаяр, Н.Удвал, МҮАН-ыг төлөөлж М.Энхсайхан, Н.Батцэрэг нар гарын үсэг зурав. Н.Удвал, Н.Батцэрэг нар нь хоёр намын ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашдаг юм байна.

Одоогийн төр, засгийг “МАН, АН-ыг барьцаалсан олигархи дэглэм” хэмээн энэ хоёр нам нэрлэж буй аж. Энэ дэглэмийг нураахын төлөө эдгээр нам нэгдэж буй гэж ойлгож болохоор байна. Цаашдаа ч ийм зорилготой, үндэсний эрх ашгаар засаглах зарчмыг дэмжсэн улстөрч, улс төрийн хүчнүүдийн өмнө тус холбооны хаалга нээлттэй байх гэнэ. Олигархи дэглэмийг устгах, монгол төрийг урлан бүтээж, монгол хүнээ дээдэлж, шударга ёсыг тогтоохын тулд МАХН, МҮАН улс төрийн холбоо байгуулснаар Монголд МАН-АН-ын байгуулсан олигархи дэглэмийг устгах үйл явц албан ёсоор эхэлж байгааг зарлаж байна хэмээн албан ёсны баримт бичигт нь өгүүлсэн байв.

Гэрээ нь ч “Олигархи дэглэмийг нураах…” гэж эхлээд “Үндэсний эрх ашгийн засаглалыг тогтоохын тулд…” гэж төгсжээ. Уг гэрээг есөн жилийн хугацаагаар байгуулж буй юм байна. Гэрээг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах журам болон мөрийн хөтөлбөр боловсруулах аж. Мөн Улс төрийн холбоо нь нам тус бүрээс долоон хүн орсон Удирдах зөвлөлтэй байх гэнэ. Ойрын үед Ногоон намтай бас Улс төрийн холбоо байгуулах тухай гэрээнд гарын үсэг зурахаар төлөвлөж байгаа аж.

Р.ЖАРГАЛАНТ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.