Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улсын үйлдвэрийн газруудад аудит хийлгэхийг хүслээ

УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, Я.Батсуурь нар УИХ-ын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.13-ыг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод асуулга тавьжээ.
 Авлига, хээл хахууль, төрийн байгууллагын хүнд суртал улам нэмэгдэж улс орны хөгжил дэвшил, ардчиллыг бэхжүүлэх үйлсэд томоохон саад бэрхшээл учруулж, улмаар манай улсын нэр хүндийг олон улсын хэмжээнд доош татаж байгаа гол хүчин зүйл болж байна. Улс төрийн намууд, улс төрчид авлига, хээл хахуультай тэмцэх тухай зөвхөн сонгуулийн үеэр ярьж амлаад бусад цагт энэ талаар тодорхой арга хэмжээ авах нь бүү хэл, ярьж хэлэлцэхээ байдаг зуршил тогтож байна.
Сонгуульд ялсан улс төрийн нам томоохон улсын үйлдвэрийн газруудын удирдлагад өөрсдийн намын итгэлтэй хүмүүсээ томилж, хууль зөрчиж төрийн өмч хөрөнгийг идэж шамшигдуулдаг явдал олон жил үргэлжилж, хавтгайрч байхад үүнийг зогсоох талаар Төр, засгийн зүгээс тодорхой ажил хийхгүй байна.
Төрийн өндөр албан тушаал, төсвийн хөрөнгө оруулалт, улсын үйлдвэрийн газруудыг дагасан элдэв авлига, хээл хахууль, шахааны бизнес хэрээс хэтэрч, улс орны хөгжил, иргэдийн амьжиргаанд төдийгүй үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц ноцтой байдалд хүргэж байна. Тиймээс авлига, хээл хахуультай тэмцэх талаар Засгийн газраас ямар ажил, арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа тухай УИХ-д мэдээлнэ үү.  Авлигатай тэмцэх талаархи хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдал, цаашид авилгын эсрэг тэмцлийг эрчимтэй, илүү үр дүнтэй болгохын тулд хууль, эрх зүйн ямар өөрчлөлт, шинэчлэлт хийх шаардлагатай байна вэ.
Түүнчлэн хариуцлага тооцох замаар авлига, хээл хахуультай тэмцэх үүднээс юуны өмнө Эрдэнэт үйлдвэр, Улаанбаатар төмөр зам, МИАТ, ИНЕГ, цахилгаан станцууд, нүүрсний уурхайнууд болон бусад томоохон улсын үйлдвэрийн газруудыг олон улсын нэр хүндтэй аудитын компаниар нэн даруй шалгуулж, дүнг нь УИХ-аар хэлэлцүүлэх, улсын өмч хөрөнгийг идэж завшсан албан тушаалтнуудыг илрүүлж, хуулийн дагуу тэдэнд хариуцлага тооцох арга хэмжээ авна уу гэдгийг асуулгад дурджээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.