Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Улсын ерөнхий прокурорыг … УИХ-тай зөвшилцөн Ерөнхийлөгч томилно…”

Иргэний хөдөлгөөнүүд хамтарч хуралдаад, үйл ажиллагаагаа нэгтгэхээр болж Нийслэлийн төв талбайд жагсаал зохион байгуулж, УИХ-д хэд хэдэн шаардлага тавьсан билээ. Энэ бол гуравдугаар сарын эхний хагаст болсон үйл явдал. Тэдний тавьсан шаардлагын талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд олны сонорт хүргээд, холбогдох хүмүүсээс санал бодлыг нь сонсоод байсан болохоос биш УИХ-ын зүгээс албан ёсны хариугаа өгөөгүй байсан юм. Тэгээд хариуг УИХ-ын хаврын чуулган эхэлснээс хойш 10 хоногийн дараа өчигдөр өгсөн байна.

Нэг. “… Улсын Ерөнхий прокурор М.Алтанхуягт хариуцлага тооцон огцруулах” гэсний тухайд: Монгол Улсын Үндсэн хуулийн 56 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт “Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нарыг УИХ-тай зөвшилцөн Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар томилно”, Прокурорын байгууллагын тухай хуулийн есдүгээр зүйлийн 9.7-д “Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийн бүрэн эрх нь; нэгдүгээрт, өөрийнх нь зөвшөөрснөөр өөр ажилд томилсон буюу сонгосон; хоёрдугаарт, чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргасан; гуравдугаарт, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон; дөрөвдүгээрт, биеийн эрүүл мэндийн байдлын улмаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон зэрэг тохиолдолд хугацаанаас өмнө дуусгавар болох”-оор заасан. Улсын ерөнхий прокурорын бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох асуудал нь эдгээр хуулийн хүрээнд шийдвэрлэгдэнэ.

Хоёр. “… Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор н.Гантулга, Улсын ерөнхий прокурорын туслах бөгөөд шүүх, төрийг төлөөлөх хэлтсийн дарга н.Бат-Орших нарт нэн даруй хариуцлага тооцож прокурорын байгууллагаас чөлөөлөх” гэсний тухайд: Прокурорын байгууллагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4 дэх хэсэгт “харьяа прокурорыг томилох, чөлөөлөх, урамшуулах, сахилгын шийтгэл оногдуулах нь Улсын ерөнхий прокурорын бүрэн эрх” гэж заасан тул прокуроруудад хариуцлага тооцох тухай асуудлыг хуулийн дагуу Ерөнхий прокурор бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэхээр байна.

Гурав. “УИХ-ын гишүүн бүрт хуваарилсан нэг тэрбум төгрөгийг нэн даруй төсвийн тодотгол хийн залруулах” гэсний тухайд: 2010 оны улсын төсвийн төслийг УИХ-аар хэлэлцэх явцад иргэд сонгогчдын хүсэлт болон орон нутгийн удирдлагаас ирүүлсэн саналыг үндэслэн УИХ-ын гишүүд бүс, орон нутагт зайлшгүй шаардлагатай гэж үзсэн хөрөнгө оруулалтын тодорхой төсөл, арга хэмжээнүүдийг шийдвэрлүүлэх тухай саналаа бүрэн эрхийнхээ дагуу гаргаж, төсөвт тусган батлуулсан. Төсвийн хуулийг мөрдөж эхэлснээс хойш тавигдсан зарим асуудал, тухайлбал, өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, амаржих газруудын нөхцөл байдлыг сайжруулах, цалин хөлс, ахмад настны тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх, гэр бүл, хүүхдийг дэмжсэн арга хэмжээнд нэмэлт хөрөнгө гаргах зэрэг асуудлыг нэг мөр шийдвэрлэх зорилгоор Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах чиглэлийг Засгийн газарт УИХ-ын дарга өгч, УИХ-ын 2010 оны хаврын ээлжит чуулганаар төсвийн тодотголыг авч хэлэлцэх гэж байна. Энэ хүрээнд бүс, орон нутгийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн хөрөнгө оруулалтын жагсаалтыг эргэн хянаж үзэх болно.

Дөрөв. “Төсвийн хяналт сул байгаатай холбог дуулан Сангийн яамны нийт гүйлгээнд гадаадын аудит ын шалгалт оруулан дүгнэлт гаргуулах” гэсний тухайд: Төсвийн хяналтыг чангатгах, хяналт шалгалтын байгуул лагуудын чадавхийг дээшлүүлэх гэдэг утгаар ойлгож хүлээж авч байна. Гэвч төрийн санхүү, төсвийн гүйлгээнд гадаадын байгууллагаар аудит хийлгэх эрх зүйн үндэс байхгүй юм. Энэ байдлыг харгалзан Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийн хүрээнд УИХ-аас чиглэл өгч улсын төсвийн дансны гүйлгээнд Үндэсний аудитын газраар аудит хийлгэж, дүнг Засгийн газарт хүр гүүлсэн болно. Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнийн гарын үсэгтэй хариунд ийн өгүүлжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.