Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улстөрчдийн попрол ба хошууч генералын зангараг

Цэрэг армид гарч буй хууль бус явдлууд хэрээс хэтэрснийг олон нийт шүүмжилж байна. Яг эл асуудлаар өчигдөр УИХ-ын Хүний эрхийн дэд хороо хуралдсан. БХЯ, ХЭҮК, ХХЕГ, ЦЕГ, ЗХЖШ, УЕПГ-ын төлөөлөл оролцож, цэргийн байгууллагад гарч буй хэрэг, зөрчлийн талаарх тоон мэдээллийг танилцуулав. Прокурор нэг тоо ярьж, цагдаа бас нэг өөр тоо хэлж, ХЭҮК-ын гишүүн бас зөрүүтэй тоо дэлгэнэ лээ. Дээрх төлөөллүүд өнгөрсөн жилүүдэд ямар нэг уялдаа холбоогүй ажиллажээ хэмээн дүгнэж болохоор ч юм шиг. УИХ-ын гишүүд ч бодлого ярихгүй атлаа дуудаж авчирсан төрийн алба хаагчаа тал талаас нь боорлож, хэмлэсэн дүр зургийг УИХ-ын Хүний эрхийн дэд хороо хуралдаанаас олж харлаа.

Шүүмжлэлийн гол бай нь ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг байлаа. Гэхдээ хошууч генерал Д.Ганзориг цэргийн дарга нараа мэргэжлийн удирдлагаар хангаагүй, удаа дараагийн ёс зүйгүй үйлдэлд зөрчилд цэг тавьж чадаагүйгээ хүлээн зөвшөөрсөнгүй. Харин ч хуулийн зохицуулалт хангалтгүйгээс, хангамж хүрэлцэхгүйгээс, орон тоо дутуугаас, төр засгийн дэмжлэг үгүйгээс цэргийн байгууллагад хүний амь эрсдэж, бусдын эрх чөлөө хязгаарлагдмал байна гэх агуулгатай тайлбар хэлэв. Тэр ч бүү хэл Зэвсэгт хүчний байгууллага 100 жилийн түүхэндээ ёс зүйтэй байж ирсэн. Одоо ч ёс зүйтэй байгаа, цаашдаа үүнийг баримтлана гэсэн билээ. Улмаар нийгмийн олон давхаргаас, ялангуяа амьдрал залгахад хүндрэлтэй газраас ирж буй залуусыг нэг жилийн хугацаанд төлөвшүүлэхэд хэцүү хэмээн хэгжүүрхэв. Нэг талаасаа дарга, даамлын хүүхдүүд цэрэгт барагтай явдаггүйг гишүүдийн өмнөөс харж байгаад хэлсэнд нь талархмаар, нөгөө талаасаа амьдралын түвшин доогуур өрхийн хүүхдийг хүмүүжүүлэхэд хүнд хэцүү хэмээн ялгаварлан гадуурхах хандлага гаргасанд нь эгдүүцмээр.

Бодит амьдрал дээр нийгмийн дээд, доод давхарга гэх ангалыг бидний татварын мөнгөөр цалинждаг УИХ-ын гишүүд үүсгэсэн. Мөн хүн чанар, ёс зүй гэдэг дээд, доод давхаргаас хамаарахгүйг УИХ-ын гишүүдэд ч, ЗХЖШ-ын удирдлага ч үүгээр дамжуулан дайя. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэж энэ.

Улстөрчид бид салбарын хууль тогтоомжийг баталсан, боловсронгуй болгосон хэмээсэн ч ачир дээрээ тийм бус. Тухайлбал, Цэргийн алба хаагчийн ёс зүйн тухай хуульд “Ажлын байранд архидан согтуурахыг хориглоно” гэж заасан ч архи уусан бол ямар хариуцлага тооцохыг тусгаагүй. Тиймдээ ч цэргийн байгууллага, тэр дундаа армид архидалт задгайрсан болов уу.  

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр гишүүдээс ирэх дайралтад хүлцэнгүй хандсан. Тэрбээр Батлах хамгаалах яамны бодлого дутсанаас, ЗХЖШ мэргэжлийн удирдлагаар хангаагүйгээс энэ явдал үүслээ, гүнээ харамсаж байна. ЗХЖШ-аас салаан дарга хүртэл ажиллахад маш олон дамжлага байдаг, алдаагаа ухаарч байна гэсэн шүү зүйл яриад өнгөрөв. Харин цэргийн салбарт үүссэн аливаа хэрэг зөрчил, бодлогын шийдэл хэрэгцээтэй байгаа асуудлаа энд дэлгээгүй. Тэгвэл зайлшгүй шийдэх бодлогын дэмжлэг хэрэгтэй асуудлаа салбарын сайддаа уламжилсан гэдгээ ЗХЖШ-ын дарга хэлсэн.

УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны хуралдаанаар өөр нэг чухал сэдэв хөндсөн нь цэргийн сэтгэлзүйчийн орон тооны  асуудал байлаа. Хошууч генерал Д.Ганзоригийн хэлснээр батлан хамгаалах салбарт мэргэжлийн сэтгэлзүйч ердөө ганц байгаа гэнэ. Тухайн мэргэжилтэн нь Цэргийн төв эмнэлэгт ажилладаг. Өдгөө сэтгэлзүйчээр ажиллаж буй хүмүүс нь дамжаа дүүргэсэн алба хаагч аж.

Үүнээс гадна зарим гишүүн Хууль сахиулахын их сургуулийн сургалтын чанарын асуудлыг сөхсөн. Тухайлбал, хүний амь хохироосон 326 ангийн салаан дарга Г 2017 онд муу сурсан шалтгаанаар сургуулиа төгсөж чадаагүй, 2019 онд нөхөн шалгалт өгч армийн эгнээнд элсжээ. Ажлын байранд алдаа дутагдал гаргасан түүнийг өмнө нь цалингийн 20 хувиар торгоод өнгөрсөн. 2021 оны өмнөхөн Г-г ажлаас халах тухай яриа гарсан ч шийдэлгүй удаж, хүний аминд хүрч, гэмт хэрэгтэн болсных нь дараа, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

Үндсэндээ УИХ-ын гишүүд ирсэн алба хаагчдаа загнаж, чичилж, дуудагдсан алба хаагч нь томорч, гэдийсээр дорвитой шийдэлд хүрэлгүй, “Зөвлөмж, чиглэл өгөх тухай” гэх ерөнхий заалттай, тогтоолын төслийг баталснаар өндөрлөлөө. Өөрөөр хэлбэл, цэргүүд дахиад амиа алдахгүй, бэртэхгүй гэсэн баталгаа, дорвитой шийдлийг УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны хуралдаанаар гаргаж чадсангүй. Өөдөөс нь үг сөргөсөн хошууч генерал Д.Ганзоригийг ажлаас нь халуулахаар Ерөнхийлөгчид хандана гэдгээ мэдээлснээр уг хуралдаан дуусав. Товчхондоо, УИХ-ын гишүүдийн попрол хийгээд хошууч генерал Д.Ганзоригийн зангараг аль аль нь байгаа оносонгүй.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 thoughts on “Улстөрчдийн попрол ба хошууч генералын зангараг

  • Avatar Шинжээч says:

    Сэтгүүлч дүн шинжилгээ сайн хийж сураачээ! Асуудалд эрэн сурвалжлах сэтгүүлзүйн үүднээс хандаж бичвэл их чухал. Энэ Салбарын асуудал бол системийн асуудал болохоос биш хэдэн дарга нартай холбоотой асуудал биш.
    Жанжин штабын дарга нь томорч гэдийнэ гэдэг нь нэлээн эмоцоор хандсан мэргэжлийн бус дүгнэлт хийсэн байна. Редакторууд жоохон анхаараачээ. Хурлыг бүтнээр үзсэний хувьд, салбар нь үнэхээр бүх зүйлээр болохгүй байгааг Ганзориг үнэнийг хэлсэн шүү.

  • Avatar Иргэн. says:

    Машиныг услах хэрэгтэй юм.