Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улаанбаатарын асуудал утаанбаатараас хальж, Нийслэл гамшгийн бүс болжээ

    Монголын нийслэл гамшгийн бүс болов. Агаарын бохирдлын улмаас хүн амын дунд амьсгалын замын өвчлөл элбэг тохиолддог бөгөөд түүнд хүүхэд, өндөр настан, архаг хуучтэй хүн илүү өртөмхий байдаг гэнэ. Манай улсад жилд дунджаар 90 мянган хүн түүгээр өвчилж, ойролцоогоор 4.5 тэрбум төгрөг зарцуулжээ. Тэднээс Улаанбаатарт 40.2 хувь нь бүртгэгдэж, 36 мянга гаруй хүнийг эмчлэхэд 2.4 тэрбумыг зарцуулсан судалгаа бий. Өвчлөл цааш нэмэгдэх магадлал маш өндөр. Улаанбаатарын утаа, тоосонцор, бохирдол, хар тугалганы хорны өнөө- гийн нөхцөл байдал ингэж хэлэхээс аргагүйд хүргэж буй. Хүн амын удмын санд сөргөөр нөлөөлөх эл гамшигт байдлыг таслан зогсоож чадахгүй юм гэхэд тархалтыг нь бууруулах боломж бий аж. Төр, засгийн эрмэлзэл ямар байхаас энэ нь хамаарах бололтой.
     Нүдэн балай, чихэн дүлий байх аваас ойрын 10 жилд зөвхөн өвчилсний дараах эмчилгээнд жилдээ 43 шахам тэрбум төгрөг зарцуулах болно гэж Эрүүл мэндийн сайд С.Ламбаа хэллээ. Хэрвээ урьдчилан сэргийлэх ажилд гар таталгүй, хөрөнгө гаргавал 10 жилд 10 орчим тэрбум төгрөг зарцуулж, амьсгалын замын өвчлөлийн түвшинг 20-25 хувиар бууруулах боломжтой гэж Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал сануулав. Монголын хойч ирээдүй болсон хүүхдүүд амьсгалын замын өвчлөлд нэлээд өртөмхий гэнэ. Тэр тусмаа хотын багачуул. Гуурсан хоолойн өвчлөлөөр хотынхон хөдөөгийнхнөөс 5- 15 дахин илүү өвддөг гэсэн. Нийслэлийн тоосонцор хүүхдүүдэд тохиолдож буй өвчлөлийн 56 хувийг эзэлжээ.
     Манайхан мэддэггүй болохоос биш хар тугалга гэж аюултай юм бас бий аж. Хүний тархи, мэдрэлд маш сөрөг нөлөөтэй гэнэ лээ. Улаанбаатарт хар тугалганы нөлөөлөл олон улсын стандартын түвшнээс хэд дахин давжээ. Чухам хэдэн хувьтай байгааг хэмжих лаборатори Монгол Улсад нэг ч үгүй юм байх. Сайд С.Ламбаагийн хэлж буйгаар, хар тугалга хүний бүх эрхтэн, тогтолцоонд сөргөөр нөлөөлөхөөс гадна орчныг хамгийн ихээр бохирдуулдаг юм байна. Мэдрэл, бөөр, цус хийгээд нөхөн үржихүйн тогтолцоонд сөрөг үр дагавартай, хүүхдийн өсөлтийг зогсоодог аж. Хар тугалгыг мэдрэлийн хор гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага үзжээ. 1997 онд төрөлхийн гаж хөгжилтэй хүүхэд нялхсын эндэгдлийн 2.3 хувийг эзэлж байсан бол 10-хан жилийн дараа даруй 12.4 хувиар өссөн мэдээлэл байна.
     УИХ-ын Төсөв болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өчигдөр хамтран хуралдаж, Нийслэлийн утаа, агаарын бохирдлын байдал, иргэдийн эрүүл мэндэд ямар хор учруулж байгаа, бохирдлыг бууруулах талаар авах арга хэмжээ, оновчтой шийдэл, санхүүгийн эх үүсвэрийн талаар Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр болон Шинжлэх ухааны академи, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн дарга нарын мэдээллийг сонсов. Гамшгийн хэмжээнд хэдийнэ хүрсэн Нийслэлийн бохирдолттой тэмцэх ямар арга хэлбэр байна, саналаа оруулаад ир. Хүссэнээр нь мөнгө гаргаад өгье гэж хууль тогтоогчид ам уралдан ярьцгаав. Эрхмүүдийг дүр эсгээгүй байх хэмээн найдъя.
     Д.Очирбат: -Хотод шилжин ирэгсэд салхин дээр олноороо бууж, “чимээгүй хот”-ынхоо доор нь нийслэлчүүд амьдарч байна. Ядаж үүнийгээ шийдчих хэрэгтэй. Утаа багатай түлш, зуух яриад хэрэггүй. Түүний оронд гэр хорооллыг барилгажуулахад бүх хүчээ дайчилмаар байна шүү дээ.
     Ш.Сайхансамбуу: -Хотын бохирдолттой тэмцэх хууль гаргаж, Засгийн газар хөрөнгийг нь шийдэж өг. Бид ямаа, ноолуурт, өөрсдөдөө зориулж мөнгө баталдаг. Түүнээ болиод утаатай тэмцэхэд хүрэлцэх хөрөнгийг нь гаргаж өгөх хэрэгтэй.
     Н.Ганбямба: -2008 онд утаатай тэмцэхэд 6.6 тэрбум төгрөг зарцуулсан гэж байна. Гэтэл утаа 30 хувиар нэмэгджээ. Хөдөөнөөс олон өрх нүүж ирж байна. Иргэдээ орон нутагт ажиллаж, амьдрах эдийн засгийн хөшүүрэг бодож олъё. Татварын бодлогоор нөлөөлье.
     Д.Энхбат: -Гишүүдийн 76 тэрбум, Оюутолгойгоос орж ирэх 150 тэрбум төгрөгийг Нийслэлийн бохирдлыг бууруулахад зориулъя. Энэ асуудлаар санал хураалгамаар байна. Хотын удирдлага утааг ингэж бууруулна, чадахгүй бол огцоръё гэсэн маш тодорхой амлалт өгөөч.
     Л.Гантөмөр: -Сая саяар нь мөнгө амласанд орвол хотоо цэвэрхэн болгохын төлөө хөрөнгө хайрлахаа больё. Тэгвэл ард түмэн маань илүү баярлана. МАХН, АН хоёр хотын агаар, хөрсний бохирдлыг арилгая гэсэн амлалт авъя. Бохирдлоос болж хүүхэд дутуу төрөх нь 10 хувиар нэмэгдсэн гэж байна. Тэгвэл төрөхөөс өмнө хэвлийдээ эндсэн хэдэн нярай байгаа юм. Эх, нялхсын эндэгдэлд Улаанбаатарын тоос, утаа, агаар, хөрсний бохирдол болон хар тугалганы хор шууд нөлөө үзүүлж байгаа учраас тэд Засгийн газрыг шүүхэд өгөх ёстой шүү. Утаатай тэмцэх ажилд ШУА-ийг татан оролцуулж байгаад талархаж байна. Хөгжил, шинэтгэлийн хороонд утаатай тэмцэх тасаг байгуулъя. Тодорхой зорилт тавиад хөрөнгийг нь гар татахгүй шийдэж өгье. Энэ хэлэлцүүлэг үр дүнгээ өгөх ёстой гэв.
     УИХ-ын түвшинд анх удаа энэ сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл сонсов. Мэдээллийг хамтарсан Байнгын хорооны гишүүд сонссон учраас эндээс тодорхой шийдвэр гарсангүй. Ямар ч байсан Монголын нийслэл Улаанбаатарын асуудал утаанбаатараар зогсохгүй гамшгийн бүс болох хэмжээнд очсоныг гишүүд мэдэж авцгаалаа. Хэлснээ, дэвшүүлсэн санаачилгаа ажил болгох л үлдэв.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.