УИХ-ын дарга Д.Дэмбэрэл гэргийн хамт энэ сарын 22-26-нд БНСУ-ын Үндэсний Ассамблейн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийх гэж байна. Тэрбээр айлчлалынхаа хугацаанд БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ким Хен О-той уулзалт хэлэлцээ хийж, Хууль зүйн Байнгын хорооны дарга Юү Сөн Хо, БНСУ-ын Гадаад бодлого, худалдаа, нэгдлийн Байнгын хорооны дарга Пак Жин нартай уулзаж хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцох аж. Мөн БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мён Багт бараалхана.
Түүнчлэн Инчоны чөлөөт эдийн засгийн бүс болон “Шинэ тосгон хөдөлгөөн” байгууллагад зочилж, Генги мужид загвар тосгонтой танилцахаар төлөвлөжээ. Чэжү аралд тусгай хөтөлбөрөөр зочилж, БНСУ-ын Үндэсний Ассамблейн “NATV” телевиз, “Жүн Ан Илбо” сонинд тус тус ярилцлага өгөх юм.
Д.Дэмбэрэлийг УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Солонгосын Парламентын бүлгийн гишүүн Д.Одхүү, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Д.Хаянхярваа, Д.Энхбат, С.Эрдэнэ, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж болон албаны бусад хүн багтжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтсээс мэдээлэв.







0 Сэтгэгдэл