Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

УИХ-тай нүүр тулах хоёр асуулт

Ерөнхийлөгч Х.Баттулгын ойрмогхон гаргасан хоёр шийдвэр хууль тогтоогчдын өмнө удахгүй очих нь бололтой. Энэ нь шинэ долоо хоног, магадгүй айсуй сонгууль, ирэх зунжин улстөржиж, талцах халуун сэдэв байхыг үгүйсгэхгүй.

ЗАРЛИГИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ УУ

Эхнийх нь АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах тухай зарлиг. Төрийн тэргүүний эл зарлигийг үг дуугүй биелүүлэхээс илүү УИХ хүчингүй болгох магадлал хавьгүй өндөр харагдаж байна. Учир нь Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах талаар зөвшилцөх саналыг УИХ хэлэлцэн, хүлээж аваагүй. Өөрөөр хэлбэл, түүнийг эгүүлэн татах үндэслэл алга гэж олонх үзсэн ч Ерөнхийлөгч зарлиг гаргалаа.

Иймд Төрийн тэргүүний зарлигийг үнэмлэхүй олонх бүхий УИХ хүчингүй болгох гэж зүтгэхгүй гэх баталгаа үгүй. Ингэхдээ МАН-ынхан Ерөнхийлөгч Х.Баттулга хууль зөрчин байж зарлиг гаргасан гэх үндэслэл олохыг хичээх нь сонгууль дөхсөн үед түүнийг гол өрсөлдөгчөө гэж харж буй эрх баригчдад чухал байж болох юм.

Үндсэн хуулийн 34.2-т “Ерөнхийлөгчийн зарлиг хуульд нийцээгүй бол Ерөнхийлөгч өөрөө буюу УИХ хүчингүй болгоно” гэсэн заалт бий. Үүний дагуу парламент зарлигийг хүчингүй болговол энэ нь манайд анхных болох аж. Өмнө нь ийм харилцаа үүсэж байгаагүй болоод ч тэр үү, УИХ-ын чуулганы хуралдааны дэгт Ерөнхийлөгчийн зарлигийг хэрхэн, яаж хэлэлцэх талаар тухайлсан зохицуулалт алга. Харин Ерөнхийлөгч нь Ерөнхийлөгчийнхөө зарлигийг хүчингүй болгосон тохиолдол бий. Тэр нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигийг өнөөгийн Төрийн тэргүүн Х.Баттулга хүчингүй болгосон явдал юм. Тодруулбал, Унгар улсад суугаа Элчин сайд З.Батбаярыг эгүүлэн татах зарлигийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж албанаасаа буухын өмнөхөн буюу 2017 оны хавар гаргасан. Харин халааг нь авсан Ерөнхийлөгч Х.Баттулга тангаргаа өргөсний дараахан, мөн оны долдугаар сард тус зарлигийг хүчингүй болгосон түүхтэй. Ингэхдээ тэрбээр Үндсэн хуулийн дээр дурдсан заалт болох 34.2-ыг баримтлан өмнөх Төрийн тэргүүний шийдвэрийг үгүйсгэсэн билээ. З.Батбаяр нь өнөөдөр ч Унгарт Элчин сайдаараа ажиллаж буй.

З.Батбаярыг эгүүлэн татах Ц.Элбэгдоржийн, Ё.Отгонбаярыг эгүүлэн татах Х.Баттулгын зарлигтаа дурдаж, үндэслэл болгосон хуулийн заалтууд нь ижил. Тодруулбал, Үндсэн хуулийн 33.1.5-д “Ерөнхийлөгч Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг УИХ-тай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татах эрхтэй”, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14.3-т “Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг хууль, тогтоомжид заасны дагуу УИХ-тай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татна. Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнээр томилуулахаар санал болгосон нэр дэвшигч хуралдаанд оролцсон нийт гишүүний олонхын дэмжлэг авч чадаагүй тохиолдолд Ерөнхийлөгч дахин өөр санал оруулна. Өмнө нь олонхын дэмжлэг авч чадаагүй нэр дэвшигчийг тухайн албан тушаалд томилох буюу дахин нэр дэвшүүлэхийг хориглоно”, Дипломат албаны тухай хуулийн 16.1-т “Монгол Улсаас гадаад улсад болон НҮБ-ын дэргэд суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, олон улсын байгууллагын дэргэд суух Монгол Улсын Байнгын төлөөлөгчийн газрын тэргүүн нь гадаад улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын үүргийг хавсран гүйцэтгэх тохиолдолд түүнийг Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 33.1.5-д заасны дагуу томилж, эгүүлэн татна” гэснийг тус тус үндэслэжээ (Монгол Улсаас Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нь Серби улс дахь Элчин сайдын үүргийг хавсран гүйцэтгэдэг).

Харин З.Батбаярыг Элчин сайдаар томилох саналыг 2016 оны нэгдүгээр сард УИХ хэлэлцэн дэмжсэн ч эгүүлэн татах тухайд парламентаар ярилцаагүй. Мөн түүнийг чухам ямар шалтгаанаар эгүүлэн татаж буй талаараа тухайн үеийн Төрийн тэргүүн ямар ч тайлбар хийгээгүй. Тиймээс ч Ц.Элбэгдоржийн зарлигийг хүчингүй болгож буйгаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдэгдэж байв. Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга Ё.Отгонбаярыг эгүүлэн татах талаараа юутай ч зөвшилцсөн, яагаад хугацаанаас нь өмнө авчрах ёстойг тайлбарласан. Дөрвөн жилийн зайтай гаргасан хоёр зарлигийн ялгаа энд л буй.

ХОРИГИЙГ ХЭРХЭХ БОЛ

Нөгөөх нь Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, чөлөөлөх тухай УИХ-ын 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан хориг. Тодруулбал, тус тогтоолын “Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Ш.Цогтоог Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлсүгэй” гэсэн хоёр дахь хэсэгт Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавьсан юм. Өөрөөр хэлбэл, Улсын дээд шүүхээс санал болгосны дагуу 2013 оны арванхоёрдугаар сарын 26-нд буюу нэг өдөр, нэг тогтоолоор Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдож, бүрэн эрхийн хугацаа нь хэдийн хэтрээд буй хоёр хүнээс Д.Солонгыг бус, Ш.Цогтоог түрүүлж чөлөөлсөн нь хууль зөрчсөн гэж Төрийн тэргүүн үзэв. Учир нь Д.Солонго Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр улиран ажиллах хүсэлтээ Дээд шүүхэд илэрхийлсэн ч нийт шүүгчийн хуралдаанаас дэмжээгүй нь ч түүнийг түрүүлж чөлөөлөх үндэслэл мөн гэж Ерөнхийлөгч тайлбарлаж байна. Түүнчлэн Ж.Эрдэнэбулганыг дээрх хоёр хүний хэнийх нь оронд санал болгосноо Дээд шүүх нэг мөр шийдвэрлэхгүй орхигдуулсан гэж байгаа юм. Дээд шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Амардэлгэр энэ тухайд “Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг холбогдох хуульд заасан үндэслэл, журмын дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлөх, томилох бүрэн эрх УИХ-д хадгалагдаж байна” гэх утга бүхий хариуг ирүүлснийг Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавьсан албан бичигтээ дурдсан байна. Дээд шүүхийн албан ёсны байр суурь, саналыг тус шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч биш, нийт шүүгчийн хуралдаанаас гаргаж, илэрхийлэх ёстой гэж үзэж буйгаа ч тэрбээр онцолжээ. Мөн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 103.1 дэх хэсгийн “Цэцийн …гишүүнийг чөлөөлүүлэх саналыг анх илгээсэн байгууллага УИХ-д ирүүлсэн бол Хууль зүйн байнгын хороо энэ асуудлыг долоо хоногийн дотор хэлэлцэн, санал, дүгнэлт гаргаж, нэгдсэн хуралдаанд оруулна” гэсэн маш тодорхой хуулийн заалтыг парламент зөрчсөн гэв. Тодруулбал, Ш.Цогтоог чөлөөлөх саналыг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэж, дүгнэлт гаргаагүй байхад чуулганы нэгдсэн хуралдаанаар шууд хэлэлцэн шийдвэрлэсэн нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчимд огт нийцэхгүй хэмээн үзэж, хориг тавьсан нь энэ.

Юутай ч маргааш Хууль зүйн байнгын хороо, ирэх пүрэв гарагт нэгдсэн хуралдаанаар эл хоригийг хэлэлцэх тов гарсан байна. Үндсэндээ энэ долоо хоногтоо багтаад хууль тогтоогчид Ерөнхийлөгчийн ээлжит хоригийг хэлэлцээд шийдвэрлэчихнэ гэсэн үг. Ингэхдээ үнэмлэхүй олонхыг бүрдүүлж байгаагийнхаа хэргийг гаргаж, хоригийг хүлээж авахгүй байх магадлал тун өндөр буй.

Нөгөө талаас уг хоригийг хэлэлцэх шаардлагагүй гэж эрх баригчид санал нэгдэх боломжтой. Учир нь Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Ерөнхий сайд, УИХ-ын дарга зэрэг албан тушаалтныг томилсон парламентын шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавих бүрэн эрхийг Үндсэн хуулиар олгоогүй хэмээн зарим хуульч тайлбарлаж буй. Харин ч Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилсон УИХ-ын тогтоолд тавьсан хоригийг хэлэлцсэнээрээ парламент хууль зөрчиж болзошгүйг анхааруулж буй энэ үед эрх баригчид эл асуудалд болгоомжтой хандах болов уу. Тэгээд ч сонгууль дөхөхөөр улстөрчид, тэр дундаа үе үеийн эрх баригчид эрх ашгийн эрэмбээ гээж орхидог жишгээс МАН-ынхан ангид байж чадах нь юу л бол. Ямар ч гэсэн тэд хоригийг өөрсдөдөө ашигтайгаар, сонгуулиа бодолцон хэлэлцэн шийдвэрлэнэ.

88 дугаар зүйл. Ерөнхийлөгчийн хориг хэлэлцэх

88.1. Хууль, тогтоолд Ерөнхийлөгч хориг тавьсан бол УИХ хоригийг чуулганы үеэр ажлын 14 өдрийн дотор, чуулганы чөлөө цагт хориг тавьсан бол ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш 10 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэж тогтоол батална.
88.2. Ерөнхийлөгчийн хоригийг тухайн асуудлыг анх хэлэлцэж санал, дүгнэлт гаргасан холбогдох байнгын хороо болон Хууль зүйн байнгын хороо хэлэлцэж санал, дүгнэлт гаргана.
88.3. Нэгдсэн хуралдаанд хоригийг Ерөнхийлөгч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч танилцуулсны дараа энэ хуулийн 88.2-т заасан байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсоно.
88.4. Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд гишүүд Ерөнхийлөгчийн хориг болон байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлж болно.
88.5. Гишүүд энэ хуулийн 88.4-т заасны дагуу үг хэлсний дараа Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах, эсэх асуудлаар ил санал хураалт явуулах бөгөөд хэрэв хууль, тогтоолын зарим хэсэгт хориг тавьсан бол тухайн зүйл, заалт нэг бүрээр санал хураалт явуулж дүнг танилцуулах бөгөөд хоригийг шийдвэрлэсэн талаарх УИХ-ын тогтоол баталсанд тооцно.

(Энэ хэсэгт 2020 оны арваннэгдүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан)

88.6. Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр буюу 66.6 хувь нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваагүй бол хууль, тогтоол хүчин төгөлдөр үлдэнэ.
88.7. Ерөнхийлөгчийн хоригийн талаар Хууль зүйн болон холбогдох байнгын хорооны санал, дүгнэлт зөрвөл холбогдох байнгын хорооны саналаар эхэлж санал хураалт явуулна.
88.8. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан бол хууль, тогтоолыг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь хүчингүй болгох, шаардлагатай гэж үзвэл зохих нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, тогтоолын төслийг хэлэлцэн баталж болно.
88.9. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах бол тухайн шийдвэрийн төслийг холбогдох байнгын хороо боловсруулж нэгдсэн хуралдаанд оруулах бөгөөд уг төслийн талаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагаас санал авахыг шаардахгүй.


УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиас

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.