Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Т.СЭР-ОД: Дэлхийд дуурсагдах хүчтэн өмнө минь сууж байна гэж хэн төсөөлөх билээ

Хөгжмийн зохиолч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Од Монголын урлагт цахиур хагалсан цагаасаа өөрийн гэсэн онцлох өнгө, төрхтэй бүтээлүүд туурвиж, түмний сонорыг мялаасан. Түүний “DоRеsоund” продакшнд өдөр бүр шинэ аялгуу эгшиглэж, төд удалгүй тайзнаа дуу болон амилдаг. Бүтээлд нь эх орон, эх нутаг, цэрэг эрс, аав, ээж, амраг хань, амьдралын баяр хөөр, гуниг харуулсал гээд олон сэдэв багтдаг. Тэрбээр саяхан “Оргил Алтай” хэмээх дуунд аялгуу зохиосныг Улсын филармонийн гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Э.Анхбаяр дуулж, сонсогчдод хүргэжээ. “Гэгээн муза”, “Морин хуур” наадмаас тус бүр хоёр, “Алтан намар”-аас таван удаа тэргүүн шагнал хүртсэн түүнийг “Зөвхөн спортын тухай” буланд онцоллоо.

-Та тэшүүрээр хичээллэж, тэмцээнд оролцдог байсан юм билээ.
-Намайг хүүхэд байхад хот, хөдөөгийн сургуулиуд спортын олон төрлөөр сурагчдыг хичээллүүлдэг байв. Хөвсгөл нуурын хөвөөнд өссөн үеийнхэнтэйгээ тэшүүрээр гулгаж өнждөг сөн. Намайг тэшүүрийн спортоор хичээллэхэд нөлөөлсөн хүн бол аав минь. Манай сургуулийн биеийн тамирын багш нар спортоор хичээллэдэг сурагчдаа их дэмждэг байв. Сургуулиас зохион байгуулсан тэшүүрийн тэмцээнд багаараа амжилт гаргаж, аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох болзол хангасан юм. Манай сум цаг агаарын нөхцөл байдлаас болоод онгоц хүлээн авч чадахгүй хэд хоносон тул тэмцээнд оролцож амжилгүй хоцорч билээ. Далай ээжийн мөсөн дээр өвлийн өдрийн богиныг мартаж, тэшүүрээр гулгадаг байснаа дурсаж, 2006 онд Төв цэнгэлдэх хүрээлэнд зассан мөсөн талбайд дасгалжуулагч Л.Цэнд багшийн шавь нартай гулгахад сайхан санагдаж билээ.
-Спорттой нөхөрлөсөн тань хожим уран бүтээл туурвихад нөлөөлсөн үү?
-Спорт хүнийг олон талаар хөгжүүлж, сэтгэлийн хаттай болгодог. Үүгээрээ ч надад уран бүтээлийн тэргүүлэх салбарын мэргэжилтэн болоход нөлөөлсөн. Хөгжмийн зохиолч бүтээл туурвихдаа олон цаг төвлөрч суудаг юм. Ингэж ажиллахад тэвчээр чамгүй шаардана. Энэ чадварыг спорт надад өгсөн.

-Урын санд тань спортын алдартнуудын тухай өгүүлсэн бүтээл цөөнгүй байдаг уу?
-Би олон тамирчинтай андын холбоотой нөхөрлөдөг. Нутгийнхаа бөхчүүдийн тухай шавь О.Баянмөнхийн дуулсан “Уйлган голын гурван аварга”, яруу найрагч Ц.Чимэддорж агсны шүлгээр бичсэн “Хөх Монголын хүчтнүүд” бүтээл туурвисан. “Хөх Монголын хүчтнүүд” дууг ойр дотно нөхөрлөдөг улсын харцага Г.Ганхуяг, аймгийн хурц арслан Г.Батпүрэв нарыг бодон бичиж байлаа. Харин өнгөрсөн жил З.Жадамба гуайн шүлгээр “Хоймор нутгийн аваргууд” дуунд аялгуу хийлээ. Бөхчүүдээс Г.Өсөхбаяр, Д.Сумъяабазар аваргатай оюутан цагаасаа сайхан нөхөрлөсөн. Миний шавь, Гавьяат жүжигчин С.Жавхлангийн дуулсан “Нууцхан сэтгэлийн үнэн” дууг А.Сүхбат аваргыг зодог тайлах жил үеийн анд нөхрийн уран барилдааныг сэтгэлдээ дурсаж, харамсан бичиж билээ. Тэр дууны эхлэл хөгжимд “Эр бор харцага” уртын дууны аялгуунаас шигтгэж өгсөн. Д.Сумъяабазарын дүү мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж хүүхэд байхдаа миний шавь нарын нэг байлаа. Би түүний сурдаг сургуульд дуу хөгжмийн хичээл заадаг байв. Тэр үед миний өмнө ирээдүйд эх орныхоо нэрийг тив, дэлхийд цуурайтуулах хүчтэн сууж байна гэж хэн төсөөлөх билээ. Намайг өөрийнх нь ангид хичээл заадаг байсныг одоо ч дурсдаг юм.
-Үндэсний спортоос хурдан морины уралдаан сонирхож үзэх дуртай гэж сонссон. Морины тухай дуу бүтээж, олны сонорт хүргэсэн санагдана?
-Морины тухай өгүүлсэн “Алтан туурайт ажнай”, “Говь шанхын нутаг” зэрэг дуу бий. Би наадмын өдрүүдэд нутгийнхаа бөхчүүдийн барилдаан, үндэсний сур, хурдан морины уралдааныг сэтгэл догдолж үздэг. Багадаа хурдан морь унадаг байсан болохоор морины уралдаан харахаар өөрийн эрхгүй огшдог юм. Морины бариан дээр сүүлдээ очихоо ч больсон. Хөх тэнгэрт боссон хүлгийн тоос, хүүхдийн гийнгоо, морьдын үүрсээн, адууны хөлсний үнэрийг юутай ч зүйрлэшгүй. Тэр бүхнийг нэг дор мэдрэхэд нулимс асгардаг юм. Хол зам туулж, цойлж ирсэн хүлэг, хүүхдийг харах хэцүү.

Бэлтгэсэн: Г.Цэцэг

1
Зөв, гоёЗөв, гоё
1
ТэнэглэлТэнэглэл
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.