Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Т.ДАМДИНБАЗАР: Мөнгөн медалиасаа урам авч, тууштай хичээллэсэн

Орхон аймгийн “Ирээдүйн одод” спортын сургуулийн тамирчин Т.Дамдинбазар Монгол Улсын мэргэн Д.Оюунхандын удирлагад байт харваагаар тав дахь жилдээ хичээллэж байна. Улаанбаатар хотод өнгөрсөн намар зохион байгуулсан өсвөр үеийнхний УАШТ-д эрэгтэйчүүдийн ганцаарчилсан болоод багийн харваанд амжилттай өрсөлдөж, тус бүр мөнгөн медаль зүүсэн түүнийг “Шинэ танил” буландаа онцоллоо.

-Байт харваагаар хичээллэж, цэц сорих болсон тухайгаа сонирхуулаач?
-Байт харваачдын тэмцээний бичлэгийг интернэтээс анх үзээд энэ спортыг сонирхож, хөл тавьсан. Би Орхон аймгийн “Ирээдүйн одод” спортын сургуулийн 11 а ангийн сурагч. Энэ сургуульд орсныхоо дараа ямар спорт болохыг ойлгож, бэлтгэл хийж буй ах, эгч нарыг хараад хичээллэх сонирхол улам нэмэгдсэн. Монгол Улсын мэргэн Д.Оюунханд багшийн удирдлагад тав дахь жилдээ хичээллэж байна. Багш минь харвааны төрлүүдээр хичээллэж, амжилт гаргаж яваа. Тамирчин хүнд байх ёстой зан чанаруудыг багшаасаа харж, их бахархаж билээ. Надад багшийн минь амжилт өөрийгөө дайчилж, үргэлж хичээх хэрэгтэй гэсэн бодол төрүүлдэг юм. Шавь нараа зэмлэхээсээ илүү сэтгэл зүйтэй нь ойр байж, зааж, зөвлөхийг эрхэмлэдэг. Биднийг найрсаг, нээлттэй зангаараа
нэгтэж, нэг хүн шиг зорилготой болгосон.
-Хичээлдээ явах, бэлтгэл хийж, тэмцээнд оролцох гээд завгүй гүйхийг хараад аав, ээж тань хэрхэн хүлээж авав?
-Тамирчид өөрийгөө хүрээлж буй ойр дотнын хүмүүсийнхээ тус дэмээр урагшилж, амжилтаас атгадаг шүү дээ. Ангийнхаа нөхдөөс ганцаараа энэ спортоор хичээллэдэг болохоор тэмцээнтэй өдрүүдэд сургуулийн удирдлага, ангийн багш маань ойлгож, хичээлээс чөлөөлдөг. Намайг байт харваанд сэтгэл татагдах үеэс манайхан бүх талаар дэмжсэн. Би гурван нум сольсон. Харвааны техник хэрэгсэлд шаардлагатай зүйл гарвал аав, ээж минь цааргалахгүй авч өгдөг.
-Тамирчин хүнд анхны тэмцээн, шагнал нь хамгийн сайхан дурсамж болж үлддэг дээ.
-Өөрийгөө сорьж, олон ч тэмцээнд оролцлоо. Байт харвааны өсвөр үеийнхний УАШТ-д 2017 онд анх цэц сорихдоо ур чадвар, харвалтын техникээ хойшид хэрхэн сайжруулахаа мэдэж авсан. Миний хувьд анхны тэмцээн байсан болохоор туршлага дутаж, сурах зүйл их байгааг ойлгосон юм. Жилийн дараа болсон тэмцээнд өрсөлдөхөд ур чадвар маань өмнөхөөсөө хамаагүй ахисныг анзаарсан. Үүнд багшийн маань хичээл, зүтгэл их нөлөөлсөн. Тамирчин хүн амжилт гаргахад дасгалжуулагч багшаас гадна баг, хамт олны уур амьсгал, эерэг хандлага их чухал байдаг юм билээ.

Би 2017 онд болсон өсвөр үеийнхний УАШТ-ий ганцаарчилсан, холимог багийн шигшээ харвааны төрөлд тус бүр мөнгөн медаль хүртэж, амжилтынхаа гарааг эхлүүлсэн. Түүнээс хойш урам авч, тууштай хичээллэсэн. Миний хувьд 2019 он шагналын хур далласан жил байв. Би 11 медалийнхаа ихэнхийг тэр жил хүртсэн. ӨМӨЗО-ы Шилийн гол аймагт болсон байт харвааны аварга шалгаруулах тэмцээнээс цом, хүрэл, мөн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч асан, спортын мастер О.Ононгийн нэрэмжит тэмцээний дунд насныхны ангилалд мөнгөн медаль авлаа. Байт харваатай нөхөрлөсөн цагаасаа спортоор хичээллэхийн давуу талыг мэдэрсэн.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.