Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Т.БАЯСГАЛАН: АШУҮИС-ийн 707 резидент эмчийн цалинг олгоогүй

“Ковид-19”-ийн үед үүрэг гүйцэтгэж байгаа резидент эмч нар цалингаа авч чадахгүй 2-3 сар болжээ. АШУҮИС-ийн Мэргэжил дээшлүүлэх институтийн захирал Г.Баясгалангаас энэ талаар тодрууллаа.

-Улсын хэмжээнд хэчнээн резидент эмч суралцаж байна вэ. Тэд бүгд цалингаа авч чадахгүй байгаа юм уу?
-Эрүүл мэндийн сайдын тушаалаар тухайн жилд суралцах резидент эмч нарын тоог баталдаг. Одоогоор мэргэжил дээшлүүлэхээр суралцаж байгаа, 1-3 дугаар курсийн 1789 резидент эмч бий. Жилийн чөлөө авсан болон үргэлжлүүлэн суралцаж буй резидент улсын хэмжээнд 2000 орчим байна. АШУҮИС-ийн хувьд Эрүүл мэндийн сайдын баталсан квотын дагуу элсэгчдээ бүртгэж, сургадаг, төгсгөдөг. Манай сургуульд 1-3 дугаар курсийн 707 резидент эмч суралцаж байна. Тэд Эрүүл мэндийн тухай хуулийн 25.4-т заасны дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулж, цалин авах ёстой. Эл заалтыг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдсөн юм. Гэтэл Эрүүл мэндийн хөгжлийн төвд харьяалалтай резидент нар цалингаа авч байна. Харин АШУҮИС-ийн харьяа резидентүүд цалингаа авч чадаагүй. Цалин олгох болохоор АШУҮИС боловсролын байгууллага учир салбарын сайдынх нь багцад хамаарах ёстой гэдэг. Тэгсэн хэрнээ Эрүүл мэндийн сайдын тушаалаар квот баталж сургадаг. Ийм тогтолцооны гажуудлаас болж эмч нар хохирч байна. Өнгөрсөн оны зургадугаар сараас эхлэн “Резидент эмч нарын цалинг төсөвт суулгаж өгөөч” гэсэн хүсэлтийг БШУЯ, Сангийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төвд явуулсан. Харамсалтай нь, сургуулийн төсвийг батлах үед резидент нарын цалинг Эрүүл мэндийн сайдын багцад төвлөрүүлж, манайхаас хассан. Бид Эрүүл мэндийн сайдын багцаас цалин олгох юм байна гэж ойлгоод хүлээсэн. Гэвч энэ он гарчихаад байхад цалин олгож, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Тиймээс тухайн үеийн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, одоогийн сайд С.Энхболд нарт гурван удаа албан хүсэлт явуулсан ч хариу өгөөгүй.
-“Ковид-19”-ийн үед ажилласан резидент нарын цалинг уг нь цагт нь олгосон гэж ойлгосон. Энэ талаар тайлбар өгөхгүй юү?
-Улсын хэмжээнд суралцаж буй резидент нарыг Эрүүл мэндийн хөгжлийн төвийнхөн бүртгэж, эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу цар тахлын үед дайчлан ажиллуулж байна. Өнгөрсөн оны нэгдүгээр сараас эхлэн АШУҮИС-ийн харьяанд суралцаж буй резидентүүд тусгаарлах байр, шалган нэвтрүүлэх товчоо, шинжилгээ авах цэгүүдэд ажилласан. Тэд Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу илүү цагийн цалингаа авч байгаа.
-Нэг резидент эмчийн цалин хэд вэ. Нийт хэчнээн төгрөгийн төсөв хэрэгтэй юм бол?
-2020 оны зургадугаар сард Эрүүл мэндийн тухай хуулийг хэрэгжүүлэх үед элссэн резидент нарт цалин олгоно гэж байв. Тодруулбал, зөвхөн нэгдүгээр курсийнхэнд цалин олгоно гэсэн чиглэл өгсөн. Тиймээс бид тухайн үед намар нэгдүгээр курст элсэх 342 резидент эмчийн цалин болох 3.2 тэрбум төгрөгийг төсөвт суулгуулсан ч батлаагүй. Харин одоо 1-3 дугаар курсийн бүх резидент эмчид цалин олгохоор болсон. Тиймээс өмнөх төсөв нэмэгдсэн гэсэн үг. Нэг резидент эмчийн цалин 703 000 төгрөг. Үүгээр тооцож үзвэл манай сургуулийн хэмжээнд суралцаж буй резидент эмчийн нийт цалин 6.3 тэрбум төгрөг болно. Эрүүл мэндийн сайдын төсөвт резидент эмч нарын цалинд 18 тэрбум төгрөг суулгасан гэсэн. Гэтэл ЭМЯ-наас “Энэ нь зөвхөн Эрүүл мэндийн хөгжлийн төвийн резидент нарын цалин. Үлдсэн нь цар тахлын үед ажилласан эмч нарын илүү цагийн мөнгө” гэсэн тайлбар хэлдэг.
-Цалингаа авч чадахгүй байгаа эмч нар жагсахаар болсон гэв үү?
-Манай сургуулиас ямар нэг жагсаал цуглаан зохион байгуулахгүй. Резидент эмч нар эрх ашгийнхаа төлөө сайн дураар жагсахыг үгүйсгэхгүй. Адилхан резидент атал нэг хэсгийг нь Эрүүл мэндийн хөгжлийн төвийн харьяат гээд цалин олгоод, нөгөөдүүлийг нь АШУҮИС-ийнх гээд гадуурхаж болохгүй.

6
Зөв, гоёЗөв, гоё
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 thoughts on “Т.БАЯСГАЛАН: АШУҮИС-ийн 707 резидент эмчийн цалинг олгоогүй

  • Avatar Anonymous says:

    Tur zasagiin gargasan shiidver bolgon yagaad ingej tegsh bus, ylgavarlan gaduurhaj baidag bnaa, eruul mendiin yamnii todorhoi heseg humuus 707 resident emchiin tsaling olgoochee, daichlah bolohooroo hariyalal hargalzahgui daichlaad, tsalin uguh bolohooroo oor yamniih gedeg hariyalal yriad bga n ooroo huuli zorchij bgashuu

  • Avatar Anonymous says:

    Tsaling ni uguuche

  • Avatar Anonymous says:

    Ug n negent batlagdaad yam, tamgaruugaa yvuulchihsan mongiig ymar negen hurga, tulgun darganuud n tuuchlaashdee.