Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ТӨӨРСӨН САН

Ичсэн хүн хүн зодно гэдэг дээ. Иргэд сонгуулийн дараа байгуулагдах Засгийн газраас Хувьсгалт нам гарвал нэг сая таван зуун мянга, Ардчилсан нам гарвал нэг сая төгрөг бэлнээр авна гэж үнэмшээд саналаа өгсөн. Санал худалдан авахаар уралдсан хоёр нам Засгийн газраа хамтран байгуулсан учир олон хүн улам баярлан, хоёр сая таван зуун мянган төгрөгөө хүлээсээр арван таван сарын нүүр үзэв. Цөхсөн тэд “Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөн” хүртэл байгуулж эхэллээ. Гэтэл 6.25 их наяд төгрөг буюу Монголын бүтэн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүнээс хол давсан их мөнгө гарган хүн бүрт өгч чадах эдийн засгийн боломж манай улсад байхгүй.

Төрийн эрх хамтран барьж буй ихэр намууд амлахаасаа өмнө биш, өгөхийг шаардаж шахаад байгаа болохоор энэ тооцоог хийж үзээд боломжгүй гэдгийг оройтож ойлгов. Ямар аргаар өгсөн болж амлалтаа биелүүлсэн харагдах нь хоёр намын толгойн өвчин. Оюутолгойн орлогоор өгнө гээд “Айвенхоу Майнз” компаниас 100 сая долларын урьдчилгаа төлбөрийг жилийн арван хувийн зээлээр авч, яаран баталсан “Хүний хөгжлийн сан”-гийн хуулийн хүрээнд тарааж ард түмний амыг хаах гэж нэг үзэв. Тэгэхдээ эхний ээлжинд 70 мянган төгрөгийг хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настнуудад хуваарилж цагаан сараа тэмдэглэх Эрээний барааг авахуулав. Юань болоод гараад явсан учир үнийг харьцангуй бага хөөрөгдөв. Халамж болон хөгжлийн ойлголтын ялгаа ичсэн ихрүүдэд хамаагүй.

Уг нь “Хүний хөгжлийн сан” бол халамжийн сан биш, энэ бол Монгол хүн оюун ухаан, бие сэтгэлээ өв тэгш хөгжүүлэхэд туслах нөхцөлийг хангахад орших байлтай. Гэтэл энэ “Хөгжлийн сан”-гийн зорилт нь “ашигт малтмал, уул уурхайн салбарын орлогоос хуримтлал үүсгэж” түүнийг “иргэддээ тэгш хүртээх” гэнэ. Аль нэгэн улс төрийн бүлэглэлүүдийн хууль зөрчин иргэдийн саналыг худалдан авах гэсэн оролдлогын сан гэвэл илүү үнэнд нийцнэ. Иргэд энэ сангаас хүртэхдээ хуулийн 17-р зүйлд зааснаар тэтгэврийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, орон сууц худалдаж авах, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний төлбөрөө төлөхдөө эсвэл бэлэн мөнгөөр авч болно гэж заажээ.

Тэртэй тэргүй хаана, хэд байгаа нь нууц, бараг алга болсон, хэзээ ашиг тус нь эргэж ирэх нь ойлгомжгүй улсын сангуудад, бас ирэх ирэхгүй нь тодорхой биш хөрөнгөөс өгөх тухай ийм нэг хууль гарчээ. Дотор эрхтнээс нь идэж болох бүгдийг цустай нь хольж, хөлдөөгөөд дараа нь цавчиж иддэг хярамцаг гэж нэг тулам байдаг даа. Байгаа сангуудаа алга болгочихоод ахиад нэг сангийн хууль гаргаад хүнээ хөгжүүлнэ гэдэг нь нийслэл хотын удирдлага байгаа хэдэн цэцэрлэгийн газраа хуйвалдаж зарж алга болгочихоод ичих ч үгүй шинэ цэцэрлэг байгуулна гэж хандив шаардаж байгаатай яг адилхан. Ашигт малтмалын олборлолтоос орох орлогыг эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг сайжруулахад ашиглана гэвэл хүний хөгжил талдаа илүү ойрхон байхсан. Ямар ч гоё ганган нэртэй байсан халамж бол ядарсан хүмүүсийг түр зуур тэтгэх хөрөнгө. Харин нийгмийн халамж авлаа гээд хэн ч, хаана ч сайхан амьдраагүй.

Харин түүнийг амласан улс төрчид сонгогддог. Нийгмийн халамж бол өргөн утгаараа орлогыг шилжүүлж байгаа хэрэг. Нэг хэсгээс орлогыг нь татвар хэлбэрээр нь татаж аваад нөгөө хэсэгт нь өгч буй хэрэг. Энэ ажил хэзээ ч үр өгөөжтэй хийгддэггүй. Учир нь Засгийн газар өөрөө хэзээ ч сайн менежер байгаагүй. Харин халамжийг шашны, сонирхлын болон олон нийтийн бусад байгууллага хийсэн нь тухайн орон нутгийн нөхцөл, халамжлах туслах ёстой хүмүүсээ тодорхой мэдэж, нөлөөг нь хэмжиж чаддаг учир илүү үр өгөөжтэй байдаг.

Магадлан нягталж байгаад нийгмийн иймэрхүү халамжид өгсөн хандивыг бусад оронд татвараас чөлөөлдөг учир үр дүнтэй байдаг. Ер нь бол хүн бүр орлогоо заавал өөрөө бүтээж, олох ёстой. Энэ нь хүмүүсийн хэрэгцээт бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгон, нийлүүлнэ гэсэн үг. Улс төр, төр засаг иргэдэд орлого олоход нь нэгдүгээрт саад болохгүй, дараа нь хэрэв шаардлагатай бол дэмжих замаар улс орон хөгждөг. Төөрсөн сангаа олж, улс төрийн нэр хүнд олох зорилгоо зогсоож, алс хэтийн хараатай монгол хүнээ хөгжихөд нь шаардлагатай, энэ хөгжлийн үйл ажиллагааг дэмжин урамшуулахад тус сан чиглэх ёстой.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.