Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Төсвийн алдагдал төлөвлөснөөс нэмэгдэхээр байна

     УИХ-аар хэлэлцэж байгаа 2010 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийн талаар Төсвийн зарлагын хяналтын дэд хороо дүгнэлтээ гаргажээ. Түүнээс үзвэл ДНБ-ий алдагдлыг 5.0 хувиас хэтрүүлэхгүй байхаар тооцсон Засгийн газрын зорилт хэрэгжихгүй байх магадлалтай байна. Үлдэж буй хугацаанд төсвийн орлого 364.2 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр тооцжээ. Гэтэл зарлагыг 465.9 тэрбум төгрөгөөр өсгөхөөр Засгийн газар төсөл боловсруулсан байна. Ингэснээр төсвийн тэнцэл 101.7 тэрбум төгрөгөөр муудаж, нэгдсэн төсвийн нийт алдагдал 460.3 тэрбум төгрөгт болж, ДНБий алдагдал 6.4 хувьд хүрэх юм.

     Манай улсын эдийн засаг зэс, алтны дэлхийн зах зээлийн үнээс шууд хамааралтай. 2010 оны төсөвт нэг тонн зэсийг 5800 доллараар тооцсон бол төсвийн хуульд оруулах өөрчлөлтөөр 7500 доллар байхаар төсөөлжээ. Нэг унци алтыг энэ жил 900 доллар байхаар тооцоод үлдсэн хугацаанд 1100 байхаар бодож орлого төлөвлөсөн байна. Өмнө нь төсвийн хуульд өөрчлөлт оруулахдаа мөн л ийм аргаар нэмэгдэл орлого төлөвлөж байсан бөгөөд алт, зэсийн үнэ унасан тохиолдолд энэ нь эргээд томоохон эрсдэл болон хувирч, эдийн засагт дарамт болж байсан нь нэг биш удаа. Дэд хорооны зарим гишүүн орлогыг хийсвэрээр төсөөлж буйд шүүмжлэлтэй хандаж байна. Тухайлбал, Ц.Сэдванчиг Засгийн газрын бондын эргэн төлөлтийг энэ онд багтаан хийх замаар төсвийн орлогыг 33 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх, Н.Батбаяр орлогыг төлөвлөхдөө зэсийн үнийг 7000 доллараар тооцох санал гаргасныг Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны гишүүд дэмжив.

     Засаг, захиргаа, төрийн байгууллагад бүтцийн өөрчлөлт хийх, төсвийн зардлын үр ашгийг дээшлүүлэх замаар төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр нэмэх асуудлыг төсвийн тодотголд тусгаж оруулж ирэхийг УИХ-аас Засгийн газарт үүрэг болгосон байдаг. Гэтэл энэ заалтыг өргөн барьсан төсөлд тусгаагүйг Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дүгнэлтэд анхааруулжээ. Эндээс үзвэл 2010 оны төсвийн хуульд өөрчлөлт оруулах төслийг урьдын адил муу боловсруулжээ. “Сүүлчийн удаа хариуцлагагүй төсөв хэлэлцүүлж байна” гэж Сангийн сайд С.Баярцогт хэлсэн нь үнэн аж.


Г.ЭНХ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.