Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Төрийн өмчит компаниудыг нээлттэй болгохыг Ерөнхий сайд үүрэгдэв

Хаалттай, төсвөөс санхүүждэг, дандаа алдагдалтай ажилладаг төрийн өмчит компаниуд Ерөнхий сайдын сонирхлыг татжээ. Улсад данстай их, дээд сургуулиуд ч үүнд хамаарна. Ийм газруудын хөшиг байнга хаалттай, түүний цаана, хэн юу хийж, төсвийн хөрөнгө хэрхэн зарцуулагдаж байгаа нь тодорхойгүй. Төлөөлөн удирдах зөвлөлийн хийсэн, хийх ажилгүй хэдэн нөхөр сул цалин аваад сууж байдаг нь ч үнэний ортой.

Судалгаагаар төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн 72.7 хувь нь алдагдалтай ажилладаг юм байна. Ийм газруудыг Төрийн өмчийн хороо, тодорхой хэлбэл Д.Сугар гэдэг дарга хянаж, зохицуулж байх үүрэгтэй. Түүнийг Ерөнхий сайд С.Батболд өчигдөр 12 цагт өрөөндөө дуудаж ирүүллээ. Бизнесийн байгууллагын гол зорилт нь ашиг олох, өмч хөрөнгөө арвижуулах байтал төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн дийлэнх нь алдагдалтай ажиллаж байна. Үүнийг хачирхалтай гэхээс өөр арга алга гэдгийг Ерөнхий сайд сануулаад, цалин хангамж эдэлж байгаа атлаа өмчийн эзний үүргээ хангалтгүй биелүүлж байгаа менежерүүдтэй хариуцлага тооцохыг Д.Сугарт үүрэг болгов.

Төрийн өмчит болон оролцоотой компаниудын засаглалыг сайжруулах, удирдлагын арга барилыг боловсронгуй, үйл ажиллагааг нь нээлттэй, ил тод болгох, ТУЗ-д нь иргэний нийгмийн төлөөлөл оролцуулах шаардлагатай болсныг, мэргэшсэн менежерүүдийн дунд ТУЗд сонгон шалгаруулах тендер зарлахыг Ерөнхий сайд хэлээд ТӨХ-ны дарга Д.Сугарт хугацаатай үүрэг өгөв. ТӨХ-ны даргын ярьснаар төрийн өмчит компаниудаас “Эрдэнэт”-ээс бусад нь ашиггүй ажилладаг бол эрчим хүч, нүүрсний уурхайнууд ашигтай ажиллаж ер үзээгүй гэнэ. Энэ салбарын тухайд үнэ чөлөөлөхгүй байгаа нь үндсэн шалтгаан бололтой. Бас ханшны зөрүү болон хөрөнгийн шинэчлэл хийгддэггүй нь алдагдалтай ажиллах нөхцөл болдог юм байх. Хэрвээ үнэ чөлөөлчихвөл ашигтай ажиллана гэж Д.Сугар хэлэв. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн ТУЗ 7-9 гишүүнтэй юм байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.