Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Түүх дурсгалын 80 гаруй хувь хүний гарт сүйтгэгджээ

Монголын түүх дурсгалын өв болсон эртний булш, бунхан, хөшөө, хиргэсүүрүүд устаж, үгүй болохоос гадна хулгайд алдагдах явдал сүүлийн жилүүдэд эрс нэмэгджээ. Тиймээс БСШУЯ-аас 2008-2015 оны хооронд монголын нутаг дэвсгэр дээрх хөшөө, дурсгалыг тоолж, бүртгэлжүүлэхэд зориулж 80 сая төгрөг төсөвлөсөн юм.

Энэ ажлын хүрээнд Соёлын өвийн мэргэжилтэн, судлаачдаас бүрдсэн хээрийн судалгааны баг Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Дорноговь, Говьсүмбэр аймгийн 60 суманд ажиллаж, 796 дурсгалт газрын 6022 дурсгалт зүйлийг бүртгэжээ. Аймгуудад ажиллах үеэр сүйтгэгдэж, ухагдаагүй хиргэсүүр бараг үгүй болсон бөгөөд бүртгэлд хамрагдсан дурсгалын 80 гаруй хувь нь тоногдож, гэмтсэн байсныг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын соёлын өвийн хяналтын улсын ахлах байцаагч, Б.Даваацэрэн онцлон хэлж байлаа. Мөн дээрх аймгуудад амьдардаг Хятад, Өвөрмонгол иргэд нутгийн залуусыг цалинжуулан хөшөө, дурсгал, булш, бунхан ухуулж, эртний үнэт зүйлсийг тонож, зарим булшийг доромжилсон тохиолдол ч илэрчээ.

Тухайлбал, Хэнтий аймгийн Норовлин сумын Баруун буурал уулын дөрвөлжин булшийг ухаж, сүйтгэн дотор нь байсан хүний гавлын ясыг хүрзээр хувааж, ил хаясан байжээ. Түүгээр ч зогсохгүй нутгийн иргэд хөшөө, дурсгал, соёлын үнэт өвийг хилээр гаргасан тохиолдол ч цөөнгүй гэнэ. Тухайлбал, Дорноговь аймгийн Мандах сумын Сүйхэнт гэх газрын олдворт газрыг ухаж, үлэг гүрвэлийн яс, чулуужсан модыг урд хөршийн хил рүү гаргасан гэдгийг тус сумын Засаг дарга гэрчилсэн байна.

Түүнчлэн зөвхөн дээрх таван аймагт л эртний хотын 110 гаруй сүм, хийдийн туурь байсан бөгөөд тэд бүгд бусдын гарт сүйтгэгджээ. Энэ мэт увайгүй үйлдэл их байгааг судалгааны багийнхан ярьж байсан бөгөөд дээрх таван аймагт байх 8000 гаруй дурсгалын 80 гаруй хувь нь ийнхүү хүний гарт өртөж, сэргээн засварлах аргагүй болж, устаж байна гэж үзжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.