Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Түүхэн жүжгийн уралдааныг Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” тэргүүлэв

 Хүннү гүрэн байгуулагдсаны 2220, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100, Ардын хувьсгалын 90, Монголд драмын урлаг үүссэний 80 жилийн ойг тохиолдуулан Улсын драмын эрдмийн театр, Монголын зохиолчдын эвлэл, БСШУЯ-тай хамтран түүхэн жүжгийн уралдаан зарласан билээ. Уралдаанд Модунь хаан, их, бага хаадын үе, Галдан бошигт, Богд Жавзандамба хутагт нарын түүхэн хүн, тухайн үеийн түүхийг өгүүлсэн 33 бүтээлийг өрсөлдүүлснээс, хоёрдугаар шатанд зургаан зохиол шалгарсан байна.

БСШУЯ, УДЭТ, Соёл урлагийн хороо хамтран хэвлэлийн бага хурал хийж, өчигдөр уралдаанд тэргүүлсэн зохиолчдын нэрийг зарласан юм. Нэгдүгээр байрт Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү”, хоёрдугаар байрт Д.Мэндсайханы “Мэлмий”, гуравдугаар байрт Б.Батрэгзэдмаагийн “Алтан дээд гэрэгэ” жүжгийн зохиол шалгарлаа. Уралдааныг шударга зохион байгуулах үүднээс эхний шатнаас зохиолчдын нэрийг нууцалж байсан юм. Төрийн соёрхолт жүжигчин Н.Сувд, ардын жүжигчин Б.Мөнхдорж, Ч.Найдандорж, Н.Наранбаатар, Ч.Түвшин, С.Сарантуяа, Г.Урнаа нарын шүүгч уралдаанд ирүүлсэн зохиолуудыг хэнийх гэдгийг нь ч мэдэхгүй уншиж, үнэлэлт дүгнэлт өгсөн аж.

Уралдааны тэргүүн байрт шалгарсан бүтээлийг 10, удаахыг найм, гуравдугаарт шалгарсан зохиолыг зургаан сая төгрөгөөр урамшуулах юм билээ. Энэ оны нэгдүгээр улиралд багтаан тэдэнд шагналыг гардуулна. Уралдааны шүүгчээр ажилласан Ч.Найдандорж “Бид Монголд жүжгийн зохиолч алга гээд байдаг. Гэтэл өндөр шагнал амлаад уралдаан зарлахаар 30 гаруй зохиолч бүтээлээ ирүүлсэн. Үүний цаана миний мэдэх 10 гаруй жүжгийн зохиолч бий. Энэ уралдааны хамгийн том олз нь энэ байлаа” гэсэн юм.

Тэргүүн байрт шалгарч, бүтээлээ 10 сая төгрөгөөр үнэлүүлсэн хүн бол “Үндэсний шуудан” сонины тоймч Б.Цогнэмэх. Түүний бүрэн хэмжээний түүхэн зохиолын анхдагч нь “Тэнгэрийн хүү”. Тэрбээр өмнө нь “Мөс буусан буга” яруу найргийн түүврээрээ МЗЭ-ийн шагнал хүртэж байсан ба хэвлэл мэдээллийн салбарт ес дэх жилдээ ажиллаж байгаа юм. Мөн хоёр кино зохиол бичжээ. Түүнтэй утсаар холбогдож баяр хүргэхэд “Юуны өмнө төр засгаас жүжгийн зохиолыг ийнхүү өндөр үнэлж, анх удаа 25 сая төгрөгийн сантай уралдаан зарласанд баяртай байна. Цаашдаа УДЭТ-тай байнга хамтран ажиллах болно” гэсэн юм.

Ж.СОЛОНГО

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.