Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ТҮШЭЭДИЙН ГАРААС ХӨРӨӨ, СҮХИЙГ НЬ БУЛААЯ

Төрийн түшээд хөрөө, сүхээр зэв сэглэсэн харагдана. Төв цэцэрлэгийн бяцхан ойг тайрч устгах ажилд ханцуй шамлан дайрахад бэлэн болжээ. Зуу, бүр түүнээс ч олон жилийн настай мөнх ногоон цэцэрлэгийн моддыг тун удахгүй тэд оршуулах нь. Нүгэл хийсэн газартаа ордон босгож тухлах мөрөөдөл нь өдгөө бодитоор хэрэгжих шатандаа орчихлоо. Парламентын шинэ ордны зураг төсөл хэдийнэ бэлэн болж, ирэх зургадугаар сард олон улсад нээлттэй тендер зарлахаар тогтоод байна. Тансаг харшийг хэрхэн босгох талаар төсөлд тусгаснаар Төв цэцэрлэгийн ногоон байгууламжийн 30-аад хувь бүтээн байгуулалтад өртөх гэнэ. Гадаад мэргэжилтнүүдийн тооцсоноор бүр тал хувь нь устана гэжээ. Ингэж худал ярихын оронд үндсээр нь устгана гээд үнэнээ хэлчихгүй яасан юм бол. Нийслэлийн нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хувь хэмжээг дэлхийн жишиг стандарттай харьцуулах аргагүй. Дэндүү бага гэдгийг хэн хүнгүй мэднэ. Хотыг цэцэрлэгжүүлэх ажилд жил бүр олон зуун сая төгрөг зарцуулж байгаа. Гэвч өнөөдрийг хүртэл нийслэл ногоорсонгүй. Хавар тарьсан мод нь зундаа хатаад үхчихнэ. Услахгүй болохоор арга ч үгүй биз. Түүнчлэн уулын зулзаган модыг хотод оршуулдаг бизнес сүүлийн хэдэн жил гаарсан. Бараг нэг метр өндөр ургасан модны үндсийг гэмтээхгүйгээр сугална гэж байдаггүй.
Гэтэл мөнөөх төсөлд дурдсанаар ордны хойд цэцэрлэгийн олон арван “хөгшин” модыг өөр газарт нүүлгэн шилжүүлж ургуулах юм гэнэ. Үндэс нь гэмтсэн зулзаган модыг хүртэл хэчнээн услаад ч хатаад үхчихдэг бодит жишээ бидэнд хангалттай сургамж болохгүй байна гэж үү. 2006 он. Парламентын ордныг шинээр барихад Кувейтийн Зас гийн газар 12 мянган ам.долларын тусламж үзүүлэхээ амлав. 14, дөрвөн давхар гэсэн хоёр хэсгээс бүрдэх аварга байгууламжийг өнөөдөр ийм мөнгөөр босгохгүй нь лав. Одоогийн тооцоогоор нэмж 20 гаруй тэрбум төгрөг олох хэрэгтэй хэмээн эдийн засагчид тооцжээ. Энэ бага хөрөнгө биш. Ардуудынх нь амьдрал өдрөөс өдөрт хэрхэн доройтож байгааг харсаар байтлаа ажиллах орчноо сайжруулахыг чухалчилдаг эрх баригчид Монголоос өөр байдаг болов уу.
Дэлхийн донорууд үүнийг мэдвэл олон улсад ядуу, гуйлгачингаараа нэрээ түгээж байгаа УИХ-ын гишүүдийг гайхах биз ээ. Гэхдээ энэ удаад хөрөнгийн асуудлыг орхъё. Кувейтийн Засгийн газраас тусламж өгөх сураг гарсан тэр үеэс ажлын хэсгийнхэн хотын төвд ордон босгох газар хайж баахан тээнэгэлзэв. Хэд хэдэн хувилбар ч яригдсан. Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг нураах, эсвэл Тагнуулын ерөнхий газрын барилгыг “дэлбэ лэхээр” болов. Гэвч аль аль нь бүтэлтэй санаа байсангүй. Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг II эмнэлгийн хашаанд барихад л 20 гаруй тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарлаа. Зөвхөн тоног төхөө- рөмжийг тээвэрлэхэд хоёр тэрбум гаруй төгрөг зарцуулна гэсэн тооцоо түшээдийн санаанд нийцсэнгүй. Газар мундсан биш дээ.
Уг нь шинэ ордныг Яармаг, БуянтУхаа, Их тэнгэрийн хойд хэсгийн сул талбайд сүндэрлүүлэх тухай эхний үед яригдаж байсан. Харамсалтай нь ордныхон захын хорооллынхонтой адил хол замд амьдралаа “үрэхийг” хүссэнгүй. Төвөөс хол амьдрах зовлонтой. Өглөө эрт босож ажилдаа явна, орой харих гэсээр шөнийг угтана гээд асуудал их. Тиймдээ ч нийслэлийнхний нэг бахархал болсон, хамгийн сайхан цэцэрлэгээ устгахаар шийдсэн нь энэ. Бүр тодруулбал, Төв цэцэрлэгийг оршуулах санааг “Алтангадас”-ынхан анх сэджээ. Олны хүндэтгэлийг хүлээдэг “Алтангадас”-ын лидерүүд ийнхүү байгалийнхаа эсрэг хөрөө, сүх барин дайрлаа. Шинэ зууны байгаль орчны доройтол хүн төрөлхтнийг сөхрүүлж эхлээд байна. Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт дэлхий дахинд эрчимтэй явагдаж эхэллээ. Өнөөдрийн байдлаар гэхэд манай газар нутгийн 80 хувь нь цөлжилтөд өртөөд байна. Олон улсын шинжээчдийн судалгаа гаар манай орны ургамлан бүрхэвч цөөрч, хөрсний өнгөн хэсэг бүхэлдээ ямар нэгэн хэмжээгээр элэгдэл, эвдрэлд орсон нь тогтоогдсон. Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж, тунадасны хэмжээ буурсаар.
Хүчтэй салхи, шороон шуурга байнга дэгдэж, урьд үзэгдээгүй хэт халалт Монгол орны нийт нутгийг хамрах боллоо. 2012 онд ашиглалтад орно хэмээн төлөвлөсөн аварга байгууламжийн нийт эзлэх талбай 33 мянган ам.метр Хонгилд нь гэхэд 200 машин багтах гарааш барина гээд бодохоор тэр хавьд сул талбай бараг үлдэхгүй нь. Тэр цагт Төв цэцэрлэгийн модны сүүдэрт тухлан сууж, шинэс, хар модноос сэнгэнэх ойн чийглэг агаад таатай үнэрийг мэдэрч суусан минь түүх болон үлдэх нь. Юутай ч ордны дээр ногоон байгууламж ургуулах гэнэ. Энэ нь одоогийн цэцэрлэгийн дөнгөж 20 хувьтай тэнцэх юм билээ. Тойруулаад зүлэг ногоо, бут сөөг тарих тухай чихэнд чимэгтэй ажлуудыг төсөлд хавчуулжээ. Экологийн сүйрэлтэй холбоотой дахин нэг баримт сөхье. 1940 оноос хойш дэлхийн цаг агаар 1.9 градусаар нэмэгджээ. Харин 2020 он гэхэд Монгол орны цаг агаар 4.88 градусаар дулаарах судалгаа гарсан. Бүр хэтийн байдлаар буюу 50 жилийн дараа манай орон Сахарын элсэн цөл шиг хуурайшиж, Африкийн халуун орон шиг халах хэмжээнд хүрэх нь тодорхой болчихлоо.
Түүнчлэн Монгол орны цөлжилт урдаасаа биш төвөөсөө эхэлж байгааг эрдэмтэд тогтоочихлоо. Хуурайшлын хурд энэ эрчээрээ үргэлжилбэл 10-аадхан жилийн дотор Улаанбаатар цөлжиж эхлэх түгшүүр бий. Төрийн тамгат хөшөөний цэцэрлэг хэмээн нэрлэдэг ордны хойд талбайн ногоон байгууламжийг хэвээр үлдээхийг Улаанбаатарын иргэд, цаашлаад монгол хүн бүр хүсч байгаа. Монголын байгаль орчныг хамгаалах иргэдийн хөдөлгөөнийхөн энэ асуудлыг жижиг гэлтгүй анхааралдаа авч, тэмцлийнхээ нэг хэсэгт оруулаасай хэмээн “Өнөөдөр” сонин уриалж байна. Уг нь энэ төслийг унагахын төлөө ажиллана хэмээн УИХ-ын 20- иод гишүүн амласан удаатай. Тэдэнтэй олон төрийн түшээ зорилго нэгдвэл хожим бүгдэд буян болох биз ээ. Байгаль орчны сүйрэл, доройтлын талаарх ноцтой баримт судалгааг эрдэмтэд тогтоосоор, анхааруулсаар байгаа энэ үед ширхэг модоо ч бид хайрлах ёстой юм шүү. Тэгэхээр түшээдийн гараас хөрөө, сүхийг нь булаая.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.