Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Тэр хүн одоо хаана явна вэ?

Японд сураггүй “алга болсон” одуудыг хайж үзэгчидтэй уулзуулдаг “Тэр хүн хаана байна” телевизийн нэвтрүүлэг бий. Нэгэн хэсэг тодорч олны танил болоод сураг чимээгүй болсон дуучин, жүжигчин, тамирчдыг байгаа газраас нь олж танилцуулдаг энэ нэвтрүүлгийг сонирхон үздэг хүн олон. 1990 оны шинэ жилийн үдшийн эстрадын бүх оддын тоглолтоор 15 настай монгол охин дуулж, Япон орныг байлдан дагуулж байсан. Түүний уян хоолой, царай зүс нь арлын орныг байлдан дагуулж, Оюунтүлхүүр охингүй нэвтрүүлэг бараг үгүй байсан. Япончууд түүнийг Оюунаа гэж дууддаг, өхөөрддөг байлаа.
 “Тэр хүн хаана байна” нэвтрүүлгийн үзэгчид Д.Оюунтүлхүүрийг хаана юу хийж байгааг мэдэхийг хүсэж,  олж өгөх хүсэлт тавьсан юм байна. Телевизийнхэн хайж, олон газраар явж, Монголд хүртэл ирээд сураглаж. Харин түүнийг Японоос олсон нь Наран орны үзэгчдэд гайхалтай санагдсан гэнэ. Сураггүй байгаа болохоор нь тэд Монголд байна гэж бодож байж л дээ.
Тус телевизийн сурвалжлагч Оюунтүлхүүртэй уулзсан сурвалжлагыг та бүхэнд хүргэж байна.
Оюунаа сантай Нагоя хотын “Гэн” хэмээх ордны хажууд уулзлаа. Алдар хүндийн оргилд хүрч явсан талаар нь асуухад тэрбээр “Бүх оддын тоглолтод орж байснаа өчигдрийн мэт санаж байна. Кобаяши, Като гээд л Японы алдартай дуучидтай хамт бэлтгэл хийж байлаа” хэмээн дурслаа. 1990 оны дурсгалт концертоос хоёр жилийн дараа Оюунаа Японы дунд сургууль төгсөөд дээд сургуульд орж, аспирантурт хүртэл сурсан юм байна. Тэр хооронд дуу хөгжмөө орхилгүй, цомог гаргаж байсан гэнэ. Токиочуудад тэгвэл яагаад үзэгдэж, харагдаагүй юм бэ гэж асууж үзлээ. Оюунаа “13 настайдаа Нагояд болсон “Дэлхийн хүүхдийн хөгжмийн наадам”-д тэргүүн байр эзлээд, Японд дуучин болох замаа эхэлсэн. Тийм болохоор яагаад ч юм Нагоя хотод дуртай, хайртай болчихсон юм. Нагояд л баймаар санагдаад юун Токио явах. Гэхдээ өнгөрсөн жилээс Улаанбаатарт амьдарч байгаа. Ууган хүүгээ монгол сургуульд оруулсан болохоор харж хандаж байхгүй бол болохгүй” гэж ярилаа. Оюунаа 2001 онд монгол залуутай гэрлэн, одоо хоёр хүү, нэг охинтой. Нэг хэсэг Оюунаа Нагояд, нөхөр нь нутагтаа амьдарч байсан ч Монголд бол энэ нь хэвийн үзэгдэл гэнэ. Дуучин Оюунаа хэр зэрэг гэрийн эзэгтэй вэ хэмээн асуулаа. “Оройн хоол, угаалга бол хийнэ. Тэгээд л манай гэрт өөрөө өөрийгөө болгоно гэсэн зарчим үйлчилдэг” гээд инээж байна. Японд бол санаанд орохооргүй, төсөөлөхөөргүй гэр бүл аж. Одоо тэд Улаанбаатарт ам бүл тавуул эвтэй найртай амьдарч байна. Эелдэг зөөлөн зантай нөхөр нь хаана юу хийдгийг лавлахад тэрбээр “Манай нөхөр Улаанбаатар хотын захиргаанд ажилладаг. Улстөрч болохоор зүтгэж, тэмцэж байгаа ч хэт даруу, зөөлөн зантай болохоор нь би нөхрөө чи хэзээ ч улстөрч болж чадахгүй гэж хэлдэг юм” гэж байна. Япон орныг уян зөөлөн хоолойгоороо уярааж байсан тэр охин одоо нөхрөө хүртэл “загнадаг” хатуу чанга гэргий боллоо гэж үү.  Гэхдээ байзаарай. Таныг хайгаад бид Монгол руу хүртэл явлаа. Яагаад Нагояд байж байдаг билээ?
“Би жилийн дөрвөн сар нь Нагояд байдаг. Эндхийн дээд сургуульд сурдаг дүүгийнхээ гэрт ирж, Нагоягаар айлчлан тоглодог. Японд дуулахаар гэртээ байгаа юм шиг л санагддаг. Гэрээсээ хол байгаа ч харь газар ирсэн мэт сэтгэгдэл төрдөггүй. Өнгөрсөн жил төрсөн охинтойгоо ирсэн. Монголд харихгүй удахаар нөхөр маань хүүхдүүдээ аваад Нагояд хүрээд ирдэг юм” гэж Оюунаа ярилаа.
За тэгвэл Японыг байлдан дагуулаад байгаа сүмочдын тухай асууж үзье гэж бодлоо. “Япончууд өөрсдөө ч амжилт гаргах гэж зүдэрдэг сүмод их аварга нь болж чадаж байгаад монгол хүний хувьд би бахархдаг. Асашёорюүг Японы хэвлэл өөлж, буруутгаж янз бүрээр бичдэг ч монгол эр хүн гэдэг хэлэгдэх тусмаа улам хүч ордог гэдгийг та нар мэдэхгүй байх. Харин магтаад байвал манай эрчүүд мууддаг юм даа” гээд инээлээ.
Цагтаа Япон орныг дайлж байсан Оюунааг олон жилийн дараа фэнүүдтэй нь уулзуулсан нь энэ билээ.

М.Сугар-Эрдэнэ

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.