Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ТЭВЧЭЭРТ ХҮРТЭЛ ХЯЗГААР БИЙ

Дампуурахын дээдээр дампуурсан үйл ажиллагаатай Монголын өнөөгийн төрийн тухай яг үнэндээ ярьж, бичих нь байтугай бодохоос гутаж, зүрх дэлсэх болдог юм. Энэ байгаа бидний байдал нэг л биш ээ. Хэдэн арван зууны түүхэндээ бусдын хүчинд автаж, өөр зуураа өширхөлцөн өвдөг сөхөрч, бууран доройтож, уруудаж явсан үе бидэнд бий. Гэхдээ хэзээ ч Монголын төр ингэтлээ ялзарч, илжирч арчаагүйтэж байгаагүй. Монгол төрийн бодлого чанга, чанд, монгол төрийн түшээд цэгц шударга, цэцэн саруул явдлыг эрхэмлэдэг байсан учир ямар ч зовлон бэрхшээлд үл нугаран, “Төрийн минь сүлд”, “Алтан төр минь” гэх агуу итгэл үнэмшлээр төрөө дээдлэх ард түмний хүсэл сэтгэл огтхон ч алдраагүй ирсэн юм. Төрд итгэх итгэл буй цагт тохиолдох бэрхшээл ямагт цаг зуурынх байдаг. Ард түмэнд төр итгэлгүй, найдваргүй болж, нэр хүндээ алдваас ужид зовлонгоос өөр юуг ч үл хүлээх.

Самуун бөгөөд шуналтай, энэрэлгүй атлаа мулгуу түшмэд төрийн жолоо, цулбуурыг атгах цагт төр ийн доройтдог ажээ. Эдүгээ үнэхээрийн гутамшигтай байна. Төрийн алтан баганыг бат, нот түшиж, тулдаг бус түйвээж, ганхуулсан даанч найдваргүй дэндүү элгийн “амьтад” УИХ-д цуглажээ. Тэдний юу ярьж, хийж, ямар ажил амжуулж байдгийг сэтгүүлчид төдийгүй олон нийт мэдэхийн дээдээр мэддэг боллоо. Тэгээд гутаж, цөхөрч, уйдаж байна. Ёстой л нөгөө үлгэрт гардаг идээд цаддаггүй ходоодтой, аваад ханадаггүй шуналтай 76 “мангас” нэг дор цуглав уу гэлтэй. Ийм юм идэж, уучихлаа, одоо үүнийг идэх гэж байна, түүнийг уух гэж байна хэмээн дахин дахин нуршаад хэрэг алга.

Бүхэл бүтэн банк, албан байгууллага, уулыг ус, ан амьтан, ой, модтой, юутай хүйтэй нь идэж, ховх сорчихдог ичих булчирхай, айх аюулхайгүй болоод ширэн нүүрэлчихсэн нөхдүүд төр түшиж, жолоог нь залж явна. УИХ-ын чуулганы танхим доторх үйл ажиллагаа заримдаа жирийн нэг аж ахуйн компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал болж байна уу гэж эндүүрмээр адилхан уур амьсгалтай болдог. Эндээс сайн ажиглавал, надад ийм ашиг унац, чамд тийм олз, орлого олдоно гэдгийг чухалчлан хуралдаад байна уу гэж санагддаг. Арай энгийнээр тодорхойлвол УИХ буюу Монголын маань Парламент төрийн бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэхийн төлөө алд биеэ алдартал зүтгэдэг түшмэдийн бус, амин зуулгаа яаж сайжруулах вэ, авдар саваа юугаар дүүргэх вэ гэж бодсон, өлмийнөөсөө цааш давж нүд нь харахаа байж, өөрийн эрх ашгаас хэлтийн сэтгэх чадваргүй болсон “амьтдын” цугладаг ээлжийн газар болж хувирсан байна гэхэд хатуудахгүй болов уу.

Ичиж, эргэлзэх юм энд алга. Эх нь булингартай бол адаг нь бохир байдгийн жишгээр улс орон идэж уухын хүсэл шуналаар нэг дүүрлээ. Энэ бүхнийг засаж залруулахын тулд хамгийн түрүүнд хариуцлага тооцох ёстой болж байна. Хэн юу дуртайгаа хийж, цөлмөх, “жунглийн” хуулиар замнаж болохгүй биз дээ. Тэр тусмаа төрд зүтгэж яваа гэж өөрсдийгөө тодотгодог хүмүүс. Социализмын үед хариуцлага гэдгийг жинхэнэ утгаар нь ойлгодог, хариуцлага алдсан бол тооцоо хийж чаддаг байсан нь бахархал байжээ. Одоо бол хэдий чинээ хууль зөрчинө, төдий чинээ сайн гэх жишиг тогтох нь. Ухаандаа банкны захирал хадгаламж эзэмшигчдийн мөнгийг завшиж, банкаа аль болох хурдан хугацаанд дампууруулж, төрийн өмчийг хариуцсан дарга, түшмэд хэдий чинээ завших тусам хамгийн шилдэг менежерт тооцогдож, ухаантай нэгнээр тодордог болсон цаг иржээ. С.Баяр анх гарч ирэхдээ хариуцлагатай нийгмийг байгуулахаа чангаар тунхаглан шийдэмгий эхлүүлсэн ч, ганцхан хурандаагаар шувтраад дууссан даа. Үнэндээ тэр азгүй хурандаагаас хойш нэг хэсэг дураараа зоргоороо “нөхөд”-ийн чих зөөлөрч, ханд нь дарагдах тийшээ болж ирээд буцчихсанаар барахгүй бүр буйлж эхэлсэн.

С.Эрдэнэ, С.Отгонбаяр, П.Даш, Л.Гүндалай… гээд үргэлжлэх, хашиж байсан албандаа хариуцлага алдсан хүмүүсийн нэрсийн жагсаалтыг цуваанд оруулах аваас энэ сонинд багтахгүй юм болно.БНСУын Ерөнхийлөгч нь авлигын асуудалд холбогдсон ч хадан дээрээс нисээд үхчих хэмжээний ёс суртахуунтайгаа үлдсэн байсныг бид санаж байгаа. Манайд бол үгүй юм аа, хаднаас нисэж амиа хорлох нь бүү хэл, авираад ахиад байх нь тэр. Хүн хэдий чинээ ёс зүйгүй, увайгүй загнана, төдий чинээ алдаршин, нэрд гарч омойтдог гэсэн ойлголт бий болжээ. Хариуцсан салбар, ажил нь ердөө ч урагшаа явахгүй байхад л алдар нэр, шагнал урамшуулалд дарагдаад байдаг тогтолцоотой учраас Монголд зах замбараагүй бүхэн зах замбараагүй өрнөдөг болсон. Эрүүл мэндийн салбарын ажлыг сайн гэж өнөөдөр хэн хэлж чадах бол. Эмч нар хариуцлага, тангараг, үүргээ умартаад удлаа. Эмнэлэг нь тун ч бохир, заваан байгаагаас болж халдварт өвчин гараад байгааг л болиулчихаж чадахгүй арчаагүй эмнэлгийн дарга, сайд, ажлаа хийж байна гээд л яриад суух юм.

Яг үнэндээ С.Ламбаагийн туйлын хариуцлагагүй, муу ажиллаж байгаагаас болж дөрвөн нярай амь алдсан гэвэл хилс биш ээ! “ Та бүхэн намайг өршөөгөөрэй, Миний удирдсан салбар туйлын муу байгаагаас болж, та бүхний амин үрс үрэгдлээ. Иймд би сайдын суудалд суух ёс суртахуунгүй гэж үзлээ, өөрийгөө” гээд ажлаа өгчих зориг түүнд байсангүй ээ. Түүнийг ингэж чадсан бол түшмэд нь дагадаггүй юм аа гэхэд ядаж ширэлсэн нүүр нь улайж, ичиж мэдэх байлаа. Хурлаа удирдаж цөхөөд гөлийчихсөн атлаа л Д.Дэмбэрэл шүд зуугаад суудал, алхаа тавихыг, бодохыг ч үл хүсэн, өөрийгөө ч, өрөөлийг ч зовоох хачин дуртай байна. Чуулганы танхимд хурал хурал биш болсон нь түүний хариуцлагагүйнх мөн үү.

Хараад өрөвдөх юм даа. Хилийн цэрэгт саяхан жигшүүрт хэрэг явдал гарснаар генерал А.Баатарцогт ажлаа өглөө. Энэ чинь л эрүүл саруул сэтгэж байгаагийн шинж. Энэнээс олон хүн жишээ авах ёстой. Дөрвөн хүүхдийн амь нас гэдэг С.Ламбааг зөвлөлтэй нь огцруулах хангалттай шалтгаан. Эс бөгөөс энэ тоог хэд хүргэх гэж гүрийх юм бол. Хувь хүнийх нь хувьд өрөвдөлтэй ч, хариуцлага гэдэг мянган С.Ламбаагаас илүү үнэ цэнэтэй. Монголын банкны систем гэж нурсан балгас шиг юм болчихоод байхад Д.Пүрэвдорж гэдэг нөхөр орлогч дарга нараа золигт гаргачихаад санаа зовсон шинжгүй тууж явах ямар ичгүүртэй вэ? Анх томилогдохдоо, “Би энэ ажлыг хүчрэхгүй гэж хэлсэн юм аа, гэхдээ болсонгүй” гэж байсан хүн одоо үнэхээр авч явж дийлэхгүй ахадсан ачаа үүрснээ мэдсэн бол хоёр орлогчтойгоо цуг огцрох өргөдлөө өгөхгүй яав.

Харин ч “Би 28 мянган еврогийн цалин авдаг” гэж бахархалтай хэлээд зогсдог хэнэггүй, гуниггүй дүүрсэн ч толгой юм даа. Байгаль орчны асуудал найгаа алдаад байхад баруун, зүүнгүй улс орон хэсэж зугаацаад, ирмэгцээ шонхор, аргаль, үнэг, чоноо намнан, бүр өөрийн нэрэмжит ав төлөвлөөд суудаг сайдыг тэгээд сайн гэж магтаад сууцгаах уу? Үүнийг нь илчилсэн сэтгүүлчдэд өсөрхөн шүүхдэлцэж байсан дор, өөрийн хүсэлтээр албаа өгье гэсэн бол “коко” үнэлгээ авах байлаа Гансүх сайд. Ийм хөгийн үзэгдэл зөвхөн энэ хэдэн хүнтэй холбоотой юм биш ээ. Хариуцлага гэдэг аль ч шатанд байхгүй болсоон. Энэ байдлаар цаашаа удвал… тэсрэлт болох буй за. Тэвчээрт хүртэл хязгаар байдаг.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.