Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Тусгаарлах байрны шинэ журам буюу иргэдээ авчрах ажиллагаа

-Гадаадаас ирсэн иргэдийг CLIX GPS системээр хянана-

“Монгол Улсын Засгийн газарт манай гэр бүл маш их гомдолтой байна. Бидний бүтэн жилийн ажил, амьдрал хилийн гадна, аймшигт үхэл, тахал, аюул дунд өнгөрлөө. Иргэдээ эх оронгүй мэт харийн нутагт хөсөр хаясандаа төр, засаг албан ёсоор уучлалт гуйх ёстой. Би гэр бүлээ төлөөлж өнгөрсөн тавдугаар сараас хойш эрх бүхий албан тушаалтан, холбогдох газарт энэ талаар хандсаар ирлээ” хэмээн ярих эмэгтэйг Б.Тунгалаг гэдэг. Тэрбээр өнгөрсөн оны хоёрдугаар сарын 20-нд Улаанбаатар- Истанбулын чиглэлийн нислэгээр Турк улсыг гэр бүлээрээ буюу зургуулаа зорьжээ. Ингэхдээ бага хүүгээ Кипр дэх Европын их сургуулийн тэтгэлэгт хамруулах зорилготой байж. Монголд цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон байсан тул дөрвөн настай хоёр ач, ээжийгээ ч дагуулан тус улсад хөл тавьсан байна.

Юм үзэж, нүд тайлж, гадаад оронд амарч зугаалахыг хүсдэггүй хүн ховор биз. Хэдийгээр дэлхий нийтэд аюулт өвчин дэгдсэн ч ажиллаж, сурч, эмчлүүлэх зорилгоор хил давсан ч зорчих эрх нь зөрчигдсөн монгол иргэдээ буруутгах аргагүй. Б.Тунгалагийн гэр бүл Туркт 30 хоноод эх орондоо буцаж ирэх зорилготой байж. Гэвч өнгөрсөн гуравдугаар сард Турк, Монголд коронавирусийн халдвар зэрэг шахам илэрсэн юм. Туркт халдвар авсан хүний геометр прогрессоор өсөж, нэг сар хүрэхгүй хугацаанд өвчлөл, нас барсан хүний тоогоор дэлхийд дөрөвдүгээрт бичигдсэн. Тэд гуравдугаар сарын 12-нд Кипр лүү нисэх тийзтэй байсан ч бүх нислэг цуцлагдаж, хил хаагджээ. Нас өндөр ээжийнх нь даралт байнга ихсэж, зүрхнийх нь хэм алдагдан, нойргүйдэж эхэлсэн тул нэлээд хөөцөлдсөний үр дүнд өнгөрсөн долдугаар сард тусгай үүргийн нислэгээр Монголдоо иржээ. Ганц сар зарцуулах төсөвтэйгөөр хүний нутагт хөл тавьсан тэд хөл хорионы хатуу дэглэмд буюу 20-иос доош, 60-аас дээш насны хүн гэрээсээ гарахыг хориглосон, зөвхөн хүнс цуглуулах зорилгоор л дэлгүүр орох болзолтой нөхцөлд сар гаруй хугацааг өнгөрүүлсэн гэнэ. Хэдийгээр өнгөрсөн тавдугаар сард тусгай үүргийн нислэгээр эх орондоо буцах боломж олдсон ч нэг хүнийхээ зардлыг төлж дийлээгүй учраас аргагүй эрхэд үлджээ. Тухайн үед Монгол руу буцахад тэдэнд 24 сая төгрөг хэрэг болсон гэнэ. Тэр хэмжээний мөнгө байгаагүй учир аргагүйн эрхэнд үлджээ. Хүний нутагт ажилгүй, орлогогүй болсон тул хоосон хонохгүйн тулд Монгол дахь гэрийнхээ тавилга, хэрэгслийг зарж, түрээслээд өмчлөх гэрээтэй авсан орон сууцаа ч буцаасан байна. Жуулчны ангиллаар олгосон визээр Туркт ажиллах боломжгүй. Тэгээд ч цар тахлын улмаас олон сая ажлын байраа хумьсан тус улсад тэд ямар ч орлогогүй, зөвхөн зарлага гаргаж амь зогоожээ. Б.Тунгалаг ГХЯ, УОК, ХЭҮК, МИАТ зэрэг холбогдох газарт өргөдөл, хүсэлт, шаардлага удаа дараа явуулсны эцэст Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаар дамжуулан ихэр ач хүүгээ аавынх нь хамт буцааж чаджээ. Тэдний тусгаарлах байрны зардлыг ГХЯ-ны нөөц сангаас гаргасан аж. Харин Б.Тунгалаг анх Туркт ирсэн зорилгоо биелүүлэх, нөгөөтээгүүр, явах зардлаа олохын тулд хилийн цаана үлдсэн байна.

Түүн шиг олон хоног, сар эх орон руугаа буцаж чадахгүй хохирсон иргэн хилийн чанадад цөөнгүй. Дэлхийн бараг л бүх улс “Ковид-19” дэгдсэн даруйд иргэдээ эх оронд нь авчирсан. Харин манай улс хувь, “хувьсгал”-ын ажил, эрүүл мэндийн шалтгаанаар гадаад улсыг зорьсон элэг нэгтнүүдээ “вирус” хэмээн үзэж, хилээ хаасан билээ. Үүний улмаас олон хүний зорчих эрх зөрчигдөхийн зэрэгцээ сэтгэл санаа, эдийн засгийн хохирол амссан юм. Тэдний нэг болох Б.Тунгалагийн адил санхүүгийн боломжгүйн улмаас хилийн чанадад “хоригдсон” олон монгол хүн бий. Тодруулбал, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнгөрсөн баасан гарагт “Сард 8-13 удаа тусгай үүргийн нислэг үйлдэж, 2000 гаруй иргэнээ авчрахаар төлөвлөсөн. Нийт 9411 иргэн эх орондоо ирэх хүсэлт илэрхийлсэн” гэв. Манай улс халдвар дэгдсэн даруйд гадаадад гацсан монгол иргэдийнхээ ирэх боломжийг хязгаарлан, хилээ хаасны горыг амссан олон хүн Засгийн газраас нөхөн олговор шаардах ёстой хэмээн үзэж буйгаа илэрхийлэв. Хилийн чанадад буй зорилтот бүлэгт зориулахаар ОБЕГ-аас өнгөрсөн есдүгээр сарын 18-нд ГХЯ-ны дансанд 300 сая төгрөг шилжүүлсэн ч зарцуулалт нь одоо болтол тодорхойгүй байна.

Гадаадаас ирсэн иргэдэд тулгамдсан өөр нэг асуудал нь тусгаарлах байр. Өнгөрсөн сарын 27-нд тусгаарлах 33 байранд Монголын 2017, гадаадын 105, нийт 2122 иргэн байв. Орон нутаг дахь тусгаарлах гурван байранд Монголын 30, гадаадын 72 иргэн байгаа бөгөөд тэд онцгой байдал, цагдаа, эрүүл мэндийн байгууллагын 303 албан хаагч ажиллаж буй юм. Тусгаарлах байрны хүрэлцээ хангалтгүй, ариутгал, халдваргүйтгэл тааруу, хоол, хүнсний орц, хэмжээ бага зэрэг асуудал байнга хэл ам дагуулсаар ирсэн. Одоо ч байдал хэвээр бөгөөд тусгаарлах байр нь халдварын голомт болсон тохиолдол нэгээр зогсохгүй. Үүнийг сайжруулахын тулд өнгөрсөн сарын 25-нд УОК-ын дарга С.Амарсайханы тушаалаар тусгаарлах байрны түр журам баталжээ. Эл журмаар гадаадаас ирсэн иргэдийг нийт 14 хоног тусгаарлах юм. Ингэхдээ эхний 10 хоногт тусгаарлах байранд, үлдсэн дөрөвт нь гэртээ байхаар зохицуулжээ. Иргэдийн гар утсанд CLIX GPS систем суулгаж хянах аж. Харин “Ковид-19”-өөр өвчилсөн иргэдийн ойрын хавьтлыг тусгаарлах байранд долоо хоног “саатуулах” гэнэ. Тусгаарлах байр нь зочид буудал, амралтын газар, сувилал, их, дээд сургууль, МСҮТ, ерөнхий боловсролын сургуулийн дотуур байр, эмнэлэг, гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын байр гэсэн эрэмбэтэй юм байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гадаадаас ирсэн иргэдийг хоногийн 50 000 төгрөг гэхгүй, 1000 ам.долларын үнэтэй өрөөнд ч оруулах боломжоор хангана гэж мэдээлсэн. Харин элдэв өвчин, гачигдлын улмаас эх орондоо ирж буй иргэд онгоцны тийз, тусгаарлах байрны төлбөрөө арай ядан олcноо учирлаж, өндөр үнэтэй буудалд тусгаарлагдах боломжгүйгээ илэрхийллээ. Тэр ч бүү хэл, коронавирусийн шинжилгээний хариу нь сөрөг буюу халдваргүй гарсан тохиолдолд гэрт нь тусгаарлах хэрэгтэйг онцолсон. Маргааш (өнөөдөр) тусгаарлах байрнаас гарах, БНСУ-аас ирсэн иргэн А “Онгоцны тийзийн үнийг 15 хувиар хямдруулсан гэсэн ч цар тахлын үед үнэндээ хоёр талын нислэгийн өртгийг иргэдээсээ авч байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл, БНСУ руу ирж, очих тийзийн зардал өмнө нь 1.2 сая төгрөг байв. Гэтэл би Монголд ирэхдээ нэг талдаа 1.3 сая төгрөг төлсөн. Хүний газарт жил гаруй ажиллаж, хуримтлуулсан хэдэн төгрөгөө өндөр үнэтэй буудалд зарцуулмааргүй байна. Засгийн газрын шийдвэрийг хүндэтгэн, тэвчээртэй хүлээж, тавьсан шаардлагыг нь биелүүлж байсан. Гэтэл гэр бүл, элэг нэгтнүүддээ халдварт өвчин тээж ирээгүй, эрүүл иргэдээ ингэж тусгаарлах хэрэг байна уу” гэж ярив.

Гадаадад буй иргэдийг “зоосны нүхээр” харж, тусгаарлах байрны сонголт нэмэх нь нэг талаар зөв байх. Гэхдээ мөнгө багатай иргэд хямд өртөгтэй байр сонгож, өнөөх газар нь ч төлбөр хямд гэдгээрээ шалтаглан халдвар хамгааллын дэглэм зөрчвөл хэн хариуцлага хүлээх вэ. Ийм эрсдэл байгааг гадаадаас ирсэн цөөнгүй иргэн хэлсэн. Тусгаарлах байрны шинэчилсэн журамд зааснаар өрөө бүрт ариун цэврийн цаас, эдийн саван, аяга, таваг угаагч шингэн, цэвэрлэгээний бодис, алчуур байх ёстой. Гэвч нэр бүхий хэд хэдэн зочид буудалд эдгээр зүйл байхгүйг өнгөрсөн сарын 24-нд эх орондоо ирсэн иргэд хэллээ. Зочид буудалд зөвхөн гар тээштэйгээ л очсон тэд “Өрөөгөө цэвэрлэх алчуур, савангаа цүнхлэх үү” хэмээн бухимдсан. Зочид буудлын зүгээс “Өрөөгөө өөрсдөө цэвэрлэ” гэсэн шаардлага тавьсан ч хэрэглэх материалыг нь өгөөгүйгээс тэд халдвар хамгааллын дэглэм сахиж чадахгүйд хүрчээ. Энэ мэтийг ч жижиг асуудал хэмээлгүй, тусгаарлах байрны шинэчилсэн журмаа дагаж мөрдөх нь бүхнээс чухал байна.

1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “Тусгаарлах байрны шинэ журам буюу иргэдээ авчрах ажиллагаа

  • Avatar Иргэн says:

    2сарын 19 нөөс хойш 2 нислэг явчихаад байхад одоо болтол нэрсийн жагсаалт шинэчлэгдэж гараагүй байна.Уок солонгос элчин маш удаан ажиллаж байна.Тийзний үнэ хэвээрэй 2 талын зардлаар эх орондоо ирж байна.Одоо болимоор юм.Иргэдээ ав
    жил гаран шулж байна арай дэндүү юмаа