Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Том амбиц, шинэ бодлого

Цар тахлын улмаас тогтооосон хатуу хөл хориог сулласнаар нийслэлд үйл ажиллагаа явуулдаг нийт аж ахуйн нэгжийн 95 хувь нь үүдээ нээв. Улаанбаатараас бусад газарт ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн танхимын сургалт өнөөдрөөс эхлэх гэж байна. Цар тахлын эсрэг вакцинжуулалт ч эхэллээ.

Эдийн засгаа сэргээх их ажлын “хормой”-д зогсох түүнээс энгийн худалдаа эрхлэгч нэгэн БНСУ-д 90 хоног ажиллачихаад ирдэг байх боломж хүссэн нь Засгийн газрын тэргүүний хувьд нэгийг бодогдуулсан биз.

Харин цар тахлын хамгийн том хохирогч гэгдэж буй аялал жуулчлалын салбарынхны үгийг сонсохдоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эл талбарт шинэ бодлого, арга барилаар өөр “хуудас” нээхээ мэдэгдэв. “Алсын хараа-2050” бодлогын баримт бичигт манай эдийн засгийн хөгжлийн үндсэн зургаан суурь салбарын нэгийг аялал жуулчлал хэмээн тодорхойлсон бөгөөд Монгол Улс 2029 он гэхэд гурван сая жуулчин хүлээж авах боломжтойг тус салбарынхан хэлдэг. Эх орондоо 400 сая жуулчин хүлээн авах том амбицтай түүний үг үйл хэрэг болох, эсэхийг шинэ бодлогоос нь харах л үлдэв бололтой. Юутай ч эхний ээлжид “Ковид-19”- ийн хүндрэлийг даван туулахад аялал жуулчлалын салбарынханд эдийн засгийн дэмжлэг үзүүлэхээс гадна агаарын тээврийг либералчлахаа мэдэгдэв. “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд гурван хувийн хүүтэй, хоёр их наяд төгрөгийн зээлд олон жил тогтвортой ажиллаж байгаа тур оператор, буудал, жуулчны бааз, ресторануудыг хамруулахыг аялал жуулчлалын салбарынхан хүссэн юм. Ирэх тавдугаар сарын 1-нээс хилээ нээх саналыг нь нухацтай судалж, шийдвэрлэхийн зэрэгцээ визийн үйлчилгээг цахимжуулж, цахим консул ажиллуулах эрх зүйн орчин бүрдүүлэхээ амлалаа. Засгийн газраар эхний 100 хоногтоо энэ ажлыг багтааж хэрэгжүүлэхээ Гадаад харилцааны сайд хэлнэ лээ.

Мөн “Оюутолгой” ХХК Монгол Улсын татварын албанаас тогтоосон татварын актыг хэрэгжүүлж, 229.8 тэрбум төгрөгийн төлбөрийг барагдуулж эхэлснийг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар нэг сарынхаа ойн дээр мэдэгдэв. Энэ нь “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулагч талтай Засгийн газраас хийж буй яриа, хэлэлцээний эхний үр дүн болохыг тодотголоо. Тус компанийн 2013-2015 оны татварын ногдуулалт, төлөлтөд хяналт, шалгалт хийж, 2018 онд 377 тэрбум төгрөгийг нөхөн ногдуулах акт үйлдсэн. Үүнээс 350 гаруй тэрбум төгрөгтэй нь холбогдуулж “Оюутолгой” ХХК Лондоны олон улсын арбитрын шүүхэд маргаан үүсгээд байгаа юм. Түүнчлэн тус компанийн 2016-2018 оны албан татварыг шалгаж, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард нийт 649.4 тэрбум төгрөгийн акт үйлдсэнтэй холбоотойгоор “Оюутолгой” маргаан үүсгэхээ мэдэгдсэн билээ. Харин өрийг нь төлүүлэхээр татварын алба өнгөрсөн сард хоёр ч удаа нэхэмжлэх хүргүүлсний эцэст эхний ээлжид 229.8 тэрбумыг нь төлсөн байна. Энэ долоо хоногт 420 тэрбумыг нь манай төсөвт оруулах гэнэ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.