Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ТЕРМИНАТОР цагаан ордныг сүйрүүлэх үү

АНУ-ын Үндсэн хууль болон сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулбал АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөд бэлэн гэж Арнольд Шварцнеггер мэдэгдэл хийсэн нь олон хүнийг гайхшруулжээ.
Америкийн Калифорни муж улсын захирагч Арнольд Шварцнеггерийн ирээдүйн төлөвлөгөөний тухай олон шог яриа байдаг билээ. Түүний нэг болох Терминатор Америкийг сүйрүүлэхээр шийдсэн гэсэн онигоо нь бодит болоход ойр байна гэж улс төрийн ажиглагчид ярьж байна. Холливудын жүжигчний амьдралаас Америкийн улс төрд орж ирсэн Арнольд Шварцнеггерийн талаар бичсэн нийтлэлийг та бүхэнд хүргэе.

АНУ-ын Калифорни муж улс нь улсынхаа ДНБ-ий 13 хувийг бүрдүүлдэг бөгөөд тус муж улс дампуурахад тун ойр байгаа аж. Америкийн хамгийн баян муж улсуудын нэг Калифорнийн байдал одоо ихээхэн хүнд байгаа бөгөөд муж улсын удирдлагууд багш, гал сөнөөгч, цагдаагийн ажилтнуудын цалин, тэтгэмжийн асуудлаар багагүй бэрхшээлтэй нүүр тулж байгаа юм. Калифорни муж улсын захирагч Шварцнеггер төрийн албан хаагчдын цалинг хасч, ажилгүйчүүдэд олгодог тэтгэмжийг багасган шоронгийн хоригдлуудыг хугацаанаас өмнө суллах гэх мэтийн төвийг сахисан арга хэмжээ авдаг байна. Энэ байдал нь тус муж улсын оршин суугчдын амьдралыг доройтуулж байгаатай калифорничууд аль хэдийнэ санал нэгджээ.
Гуравдугаар сард явуулсан санал асуулгаар Шварцнеггерийн нэр хүнд хамгийн бага үзүүлэлттэй гарч, түүний гүйцэтгэсэн ажлыг ердөө 23 хувь нь дэмжсэн бол 71 хувь нь түүнийг ажлаа сайн хийхгүй байна хэмээн хариулсан байна. Америкийн бусад муж улсад моргэйжийн хямрал эхэлсэнтэй зэрэгцэн Калифорни эдийн засгийн асуудалтай болжээ. Түүнчлэн Шварцнеггерийн эдийн засгийн тааруу бодлого дарин дээр давс нэмнэ гээч болгосон байна.
Тэрбээр саяхан хийсэн мэдэгдэлдээ Калифорни муж улс их зардал гаргаж байгааг дурдан төрийн албаны 5000 гаруй ажилтныг ажлаас нь халж, боловсролын зардлаас гурван тэрбум доллар хасахаар төлөвлөж байгаа аж. Калифорнийн парламент захирагчийнхаа гаргасан төлөвлөгөөг хүлээн аваагүй бөгөөд төсвийн зардал хасахаас илүү ашиг нэмэгдүүлэх ажил хийх хэрэгтэй гэж хэлжээ. Эдийн засгийн мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, олон хүнийг ажлаас халж, хэмнэлт хийх нь эдийн засгаа аврах зөв зам биш.
Хүмүүсийн хошигнон хэлснээр, Калифорни муж улс Терминаторын сүүлийн хохирогч юм. Үүнтэй адил Америкийн долоон муж улс эдийн засгийн бэрхшээлтэй тулгарч, төсвийн алдагдал нь нийтдээ 121 тэрбум доллар хүрсэн байна.
2010 оны 11 дүгээр сард мужийн захирагчийн сонгууль болох бөгөөд Холливудыг хамтрагчид нь Шварцнеггерийг дэмжихэд бэлэн байгаа ч АНУ-ын Үндсэн хуулийн дагуу тэрбээр нэг албан тушаалдаа хоёроос олон удаа дахин сонгогдох боломжгүй билээ. Гэвч тэрбээр улс төрөөр цааш явах хүсэлтэй байгаа аж.
Америкийн “Эн-Би-Си” телевизийн “Шөнийн шоу” нэвтрүүлгийн хөтлөгч Жей Лено Калифорни муж улсын захирагчаас “Цагаан ордны эрх баригчид Үндсэн хуулиа өөрчилбөл та Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх үү” хэмээн асуухад “Мэдээж хэрэг, эргэлзэх зүйлгүй” гэж Шварцнеггер хариулсан байна. “Терминатор” киногоороо олны танил болсон Холливудын жүжигчин, улстөрч Шварцнеггер Австрид төрсөн билээ. АНУ-ын Үндсэн хуулийн дагуу гадаадад төрсөн хүн тус улсын дээд албан тушаал хашихыг зөвшөөрдөггүй аж. Тэрбээр 1983 оны АНУ-ын иргэн болсон юм. Тэрбээр мужийн захирагчийн сонгуульд өрсөлдөх эрхгүй болсон ч кино урлагтаа дахин хүч үзэх боломжтой бөгөөд кино найруулагч Жеймс Камеронтой хамтран “Үнэн ба Худал” киноныхоо шинэ ангид тоглохоор төлөвлөж байгаа гэсэн яриа ч гарчээ.
Шварцнеггер албан тушаалаа хүлээлгэн өгсний дараа кинонд тоглох уу? Цагаан ордныг зорих уу? гэдгийг одоогоор зөвхөн тэрбээр өөрөө л мэдэж байгаа байх. Гэхдээ Америкт боломжгүй зүйл гэж байхгүй шүү дээ.


С.Отгонбаяр "Монцамэ"

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.