Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Т.Дэлгэрмөрөн: Төрийн төмөр нүүр нь цагдаа байдгийг ухаарлаа

Дуучин Т.Дэлгэр­мөрөн­гийн хувьд өн­гөр­сөн үхэр жил багагүй барцадтай байж, байнга л хэл аманд өртөж, “Дуучин Дээгий эхнэрээ зод­чихож, төрийн цаг­даад гар хүрчихэж” гэдэг таа­гүй мэдээлэл цацагдаж бай­сан. Харин он гараад удаа¬гүй байхад тэрбээр шинэ цомогтой, сайхан мэдээтэй, бас гарын бэлэгтэй хэвлэлийн хурал хийлгэлээ. “Үл­гэр жар­гаа­сан тал” цом­гоороо сон­согч, фенүүддээ шинэ оны мэнд дэвшүүл­сэн түүн­тэй ярилцлаа.
-Шинэ уран бүтээлийн дээжээ гарын бэл­гийн хамт сэтгүүлчдэд өгч байгаа нь шинэ¬лэг боловч “сэжигтэй” санагдаад байна. Ая¬тай­хан тал засаж цадаж байна шүү.
-Уг нь шинэлэг байж, сэтгэлийн холбоо үүсгэхийг л хүссэн юм. Ер нь уран бүтээлчид болон сэтгүүлчид хоорондоо амьд холбоо үүсгэж чадахгүй байгаагийн улмаас худал мэдээлэл цацагдаж, сураг сонсоод л тодруулалгүйгээр шуугиан тарьдаг гэж боддог. Хэн хэнээ ойлгодог бол тийм хүн муутай, худлаа зүйл бичихгүй байх. Энэ мэтээр бодоод Дэлгэрмөрөнгийн сэтгэлийг ойл­гоо­сой гэж бэлтгэсэн юм. Сэтгэ¬лээсээ өгч байгаа бэлгийг нь авчи¬хаад буруу санаж, муу хэлэх хүн байхгүй л болов уу.
-“Миний төлөө саналаа өгөө¬рэй” гэж сон­гуулиар бэлэг тараа­дагтай утга нэг менеж­мент биш үү?
-Миний толгойд тийм бодол тө¬рөөгүй шүү. Яагаад гэвэл би өөрөө бэлэг авахдаа тэр хүний сэтгэл юм шүү гэж ойлгож, дандаа баярладаг. Тийм болохоор сэтгэлийн минь бэл­гийг авсан хүмүүс баярласан байх аа.
-Ер нь бэлэг өгөх дуртай юу?
-Дуртай. Бэлэг гэхээр заавал эд материал байх албагүй л дээ. Сэтгэлийн, урмын, уран бүтээлийн бэлэг байж болно шүү дээ. Удахгүй болох Цагаан сараар настан буурлууддаа зориулж үнэгүй тоглолт хийнэ. Тасалбарыг Засаг дарга нараар нь дамжуулан тараахаар төлөвлөж байгаа. Монголын үндэсний баяраар ахмадуудад зориулсан тоглолт учраас ард түмний хүндэлдэг, дууг нь сонсох дуртай дөрвөн ардын жүжигчинтэй хамтарсан, симфони найрал хөгжимтэй том тоглолт болно.  
Би бусдыг баярлуулаад,  аз жаргал мэдрэхийг хүсдэг. Нэг л сайхан байдаг юм.  
-Хэвлэлийн хурлын үеэр “Монгол орон, монгол хүн, монгол бахархал” гэж их ярилаа. Удахгүй болох тог­лолтоо “Монгол” гэж нэрлэжээ. Ер нь хэн дуртай нь “Монгол” гэж цээ¬жээ дэлдэж, хамаагүй ярих болж. Ялангуяа рок попынхон. Тийм их эх оронч хүмүүс үү, эсвэл Мон¬голын үнэлэмж дээшилж байгааг ашиг¬лаад, имиж болгоод байна уу?
-Миний хувьд монгол хүн болсондоо баярлаж, бахархдаг. Би Монголын эст¬¬рад урлагийн залуу төлөөлөгч. Ми­ний үеийнхнээс эх орноо бүтэн хоёр удаа тойрч, тоглолтоо хүргэж, хөдөөгийнхөн юу хүсэж байгааг, тэд ажил, амьдралын төлөө яаж тэмцдэгийг мэдэрсэн хүн надаас өөр байхгүй гэж боддог. Мэдэрч байж л тэр хүмүүст зориулан уран бүтээлээрээ бэлэг барьж, урам хайрлаж байгаа. Тиймээс эх орныхоо нэрээр гул барьж, имиж хийдэг хүн би биш. Монголчууд атгасан гар шиг нэгдмэл, эвтэй байж чадахгүй байна  гэж боддог юм. Энэ санаагаа гаргахаар “Монгол” гэдэг сэдэв сонгоод уран бүтээл хийж байна. Энэ утгаараа би эх орныхоо төлөө тэмцэгч. Хүний өмнөөс төлөөлөөд хариулж болохгүй учраас бусад хүн хэр эх оронч талаар ярьж болохгүй байх л даа.
-Монгол эр хүний нөхөрлөл, мөн чанарын тухай дуулсан гэлээ. Ямар нөхөрлөлийг монгол эрийнх гэж онцлоод байна вэ?
-Бид өдгөө хүн чанарын сэрүүн улиралд амьдарч байна. Тэр хүйтэн, сэрүүнийг нөхөрлөл л дулаацуулж чадна. Нөхөрлөл бол харилцан ойлгол¬цол. Би олон сайхан андтай. Тэд хүнд үед сэтгэлийн мөн чанарыг  харуулсан. Өнгөрсөн жил “аавынд” байхад нө¬хөрлөл гэдгийг улам их ойлгож, мэдэрлээ.
-Давж заалдах болсон шалтгаан нь юу байв. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрөхгүй байсан хэрэг үү?
-Хүн ер нь хуулиа мэддэггүй юм байна гэдгийг энэ явдлаас хойш би ойлгож, мэдлээ. Би тэр хүнийг санаатайгаар цохиогүй. Бидний дунд үйл ойлголцол, үл хүндлэл байсан учраас ийм хэрэг болсон. Намайг дайрч, доромжилсон болохоор уур хүрээд, шударгаар үзэх гээд цохичихсон юм.  Уг нь би хуулиа мэддэг байсан бол хүнд гар хүрэхгүй байсан болов уу. Харин манай цагдаа, хүчнийхэн, шүүх шударга шүүсэн гэж бодож байгаа. Энэ хэрэг явдлаас хойш ихийг ухаарч, би дахин төрсөн. Намайг ялгүй мултарчихлаа гэсэн яриа байгаа. Хоёр жилийн тэнсэн харгалзах ял авсан шүү дээ. Энэ бол сэтгэлийн их  дарамт шүү. Надад их зовлонтой л байна.
-Хуулиа мэддэг бол зодоон хийх¬гүй гэдэг юу л бол. Хувь хүний араншингаас бас шалтгаалах байх л даа.
-Би хүн л юм хойно янз бүрийн асуудалтай тулгардаг. Намайг болоод гэр бүлийн хүнийг минь доромжилж, үгээр дайрах явдал гардаг. Би эр хүн шүү дээ. Эхнэрийг нь доромжлоод байхад зүгээр хараад суух эр хүн ховор байх.
-Ер нь цагдаатай муудалцаж, цо¬хих шалтгаан нь юу байсан бол?

 -Аливаа зүйлд шалтаг, шалтгаан байдаг. Энэ явдал хүн хүнээ үл хүндэлдэг байдлаас л үүдэлтэй.
-“Овоо босгоогүй бол шаазгай суухгүй” гэдэг. Үл ойлголцлын суурь нь юу байв?
-Хэдийгээр  хоёр хүний хооронд үүссэн асуудал ч хэргийн суурийг архи тавьсан гэж боддог. Эрүүл байсан бол тийм явдал гарахгүй байсан байх аа.
-Төрийн цагдааг сайн, муу гээд янз бүрээр л хэлдэг. Цагдаагийн та¬лаар ямар бодолтой байдаг вэ?
-Төрд төмөр нүүр байдаг. Төмөр нүүр нь цагдаа байдгийг ухаарлаа. Төрийн элч болсон цагдаатай буруу харилцсанаараа би буруутай. Нөгөө айхтар газарт байхдаа цагдааг нэг бодлын өрөвдөж, нөгөөтэйгүүр үзэн ядаж байсан. Миний уур хүрч, бачуурч, ганцаардаж байлаа. Гэхдээ би ойлгосон. Энэ зэргийн зүйлийг ойлгох ухамсар надад бий.
-Зөвхөн энэ удаагийн асуудал биш, өмнө нь ч иймэрхүү зүйл дуулд­даг байсан. Яагаад ингээд бай­даг юм бэ. Багын зан уу, эсвэл нэр нүүрэндээ бардаж, омогшдог юм уу?
 -Ер нь хүний хүмүүжил, гэр бүлийн хүмүүжилтэй холбоотой байдаг болов уу. Аав, ээжүүд үр хүүхдэдээ үлгэр дуурайлтай амьдраасай гэж хүсдэг. Хүүхдийнхээ хажууд хэрүүл, зодоон хийж, салж, сарнимааргүй байна аа. Хүн төлөвшүүлж байгаа хүмүүс өөрсдөө үлгэрлэж амьдрах хэрэгтэй. Би ч гэсэн хүүхэдтэй хүн. Энэ тухай их боддог болсон.  
-Тэгэхээр зодоон цохион хий­гээд байгаа нь танай гэр бүлийн хүмүүжилтэй холбоотой гэж ойлгож болох уу?
-Тийм гэж хүлээн зөвшөөрөхгүй ч, амьдрал  маань дардан байгаагүй. Маш их тэмцэл байсан. Тэр дундаас авахаа авч, гээхээ ч гээсэн. Хүмүүжил гэдэгтэй холбоотой надад нэг бодол байдаг юм. Юу гэхээр бидэнд нэг хүчтэй удирдагч дутаад байх шиг. Заримдаа хаантай байсан бол гэж боддог. Манай залуучууд  хэтэрхий замбараагүй, хөл, толгойгүй болчихсон юм шиг.
-Яавал хөл, толгойгоо олох бол?
-Хүн өөрийгөө л зөв жолоодож, ухамсарлах хэрэгтэй юм болов уу. Зарим хүн архинаас гарах гээд бөөд очиж  шавхуурдуулж ч байх шиг. Тэр юу л бол. Өөрөө л ухамсарлаад боль¬чихмоор санагдаад байх юм.  
-Дэлгэрмөрөнгийн үйл хөдлөл, үг ярианаасаа зөрөөд байх шиг санагддаг.
-Би шударга талдаа, илэн далангүй хүн шүү дээ.
-Шударга гэхээр яах вэ, шууд цохиод л авах уу?
-Хүн айхдаа чичирч, ичихдээ улайж, уурлахдаа шүдээ хавирдаг ч юм уу ямар нэгэн байдлаар сэтгэл хөдлөл нь илэрдэг байгалийн зохицуулалт байдаг шиг би ингэж л төрсөн байх.
-Дуучин Дээгийг хөдөлмөрч гэж ярьдаг. Өнгөрсөн жил шүүх,  цагдаа гээд завгүй явах шиг болсон. Хэдийд нь амжуулаад цомог гаргав?
 -Зовлонтой байна гээд суугаад байвал жаргалыг яаж олох юм бэ. Жаргалаа олох гэж бүтээлээ хийсэн. Бодлоо  цэгцэлж, уран бүтээлээ хийх урам хайрласан хүмүүст баярласнаа хэлмээр байна.
-Өөрөө дуурийн дуулаачийн мэр­гэжлээр сурдаг. Ари дуулахыг тань сонссон л доо. Орчин үеийн дуу дуу­лахаасаа илүү далайцтай өнгө гарч, гайхалтай байсан. Зарим хүн “Wow” гэж дуу алдаж байна билээ. Энэ чиглэлээр дагнасан тоглолт хийх бодолтой байдаг уу.
-Баярлалаа. Тийм бодол байдаг шүү. Төрийн шагналт Н.Жанцанноров гуай надад “Дээгий чи одоо дорвитой бүтээл дээр ажилла. Бүтээл гэж онцолж байгаа нь ари, романс юм” гэсэн шүү. Тэр хүн надад ингэж хэлсэнд их баярласан.
-Дэлгэрмөрөнг сайн тогооч гэж сонссон.
-Жижиг саванд жин банг нь тааруу¬лаад хийсэн хоолоороо найз нөхдөө дайлах дуртай. Миний хийсэн хоолыг идээд тамшаалахыг нь харах гоё шүү дээ. Энэ бол миний нэг хообий. Охин маань одоо хоёр настай. Охиндоо бан­тан хийж өгөх дуртай. Ээжийнх нь хийсэн бантангаас өөр, аав хүний гарын бантан хийхийг  хүсдэг. Манай эх­нэрийн хийсэн цуйван, паста гоё шүү. Хоол гэдэг сэтгэлийнх. Тийм болохоор хоолоо хийгээд зогсож байгаа эхнэрийнхээ төрхийг ажиглаад буйдан  дээрээ хэвтэх бас их жаргал.  
-Бүл нэмэх төлөвлөгөө байна уу?
-Бүл нэмэхийг хүсдэг юм аа. Гэхдээ эхнэрээ төрөхөд дэргэд нь байсан болохоор жаахан айгаад байдаг юм. Төрөх агшинг харж, мэдрэхэд хүнд их зүйл бодогддог юм билээ. Агуу, баатар гэж эх хүнийг л хэлэх байх. “Тэнгэрийн бүсгүй” дуугаа тэгэхэд би дуулсан шүү дээ.
-Тийм агшинг харсан хүн эхнэр­тээ гар хүрлээ гэж үү. Янз бүрийн яриа сонсогддог.
-Хэзээ ч чадахгүй. Яах вэ залуу хүмүүсийн хувьд ам зөрөх, бие биедээ тунирхах асуудал гардаг л юм. Гэхдээ миний хань бид хоёр муудалцаад шалихгүй ээ. Ам мурийсан үедээ бие биенээ гомдлын нүдээр хараад, нэг нь эрхлэх гэж үзнэ. Нөгөөх нь тоохгүй дүр эсгэнэ. Тэгээд муу охиноо хараад л бүх зүйлийг мартчихдаг шүү дээ. Хүний амьдрал биз дээ. Дуучин Дэлгэрмөрөн ч гэсэн бусдын адил хүн.
-Шинэ цомгийн хавтсаа чонын зургаар чимсэн учир юу вэ?
-Монголын түүхийн өнгөрсөн, одоог харуулахыг зорьсон. Монголчууд чонын сүлдтэй гэдэг.
-Олон зүйл дээр анзаарахад, их шүт­лэгтэй мэт санагдлаа.
-Бурхан байдагт итгэдэг. Будда, Исүс, Аллах хэн гэж тайлбарлах нь ха¬маагүй. Улс, үндэстнүүдийн нэрлэж, тайлбарласан нь тэр байх.
-Бурхан байдгийг яаж мэдэрдэг бол?
-Шоронд явах шахлаа. Ер нь явчих магадлал өндөр байсан. Гэхдээ энд ингээд байж байна. Энэ бол бурхан намайг харсан л хэрэг. Бурхны ивээлээр муу газраас мултарч чадлаа. Их зүйлийг ухаарсан. Шинэ хүн болсноо үйл хөдлөлөөрөө харуулна аа.
Би эцэг, эхээс хоёулаа. Ганц дүүгээ ярьж чаддаг болоосой гэж байнга залбирдаг.
-Ямар хувцас, эдлэл хэрэглэх дуртай вэ?
-Байнга олны өмнө гардаг болохоор хувцаслалтдаа анхаарахаас өөр аргагүй. Гар хийцийн бүтээгдэхүүн болон Burberry, Armani-д дуртай. Гэхдээ дэлхийн ямар ч үнэтэй брэндээс манай үндэсний дээл дутахгүйг мэдэрсэн. Дэлхийн уралдаан тэмцээнд явсан хүмүүс ч тэгж ярьдаг. “Алтан сарнай” наадмын ёслолоор ханьтайгаа хамт монгол дээлээр гоёсон юм. Тэр үед үнэтэй, тансаг брэндийн хослол өмссөн хүн олон байсан ч биднийг хараад “Дээл үнэхээр гоё юм аа” гэсэн. Өнөөдөр Поло-гийн бүс зүүсэн байна. Энийг манай нэг найз надад зориулж Цагаан сараар бэлэглэж байсан. Ер нь Цагаан сараар найзуудын маань аав, ээж нар надад тусгайлан бэлэг өгдөг. Тэгэхээр настангууд Дээгийд сайн байна гэсэн үг.
Үргэлж  нээлттэй байдаг Дэлгэр­мөрөн энэ удаа нэг л өөр, үгээ цэгнэж, зөөж ярилаа. Тамхи татаж байхад нь зураг авах гэтэл “Тамхи татаж байгаа зураг харчихаад нөгөө шар сонины хэд элдэв хачир нэмээд, юу ч гэж мэднэ. Хар тамхи татаж байна гээд туухдаа ч сийхгүй хүмүүс”  гэж их л сандарсан.  
“Борлуулалтаа л бодоод юу ч ха¬маагүй бичдэг залуу сэтгүүлчдэд хан­даад нэг зүйл хэлмээр байна. Үзэгний чинь үзүүрт хүний амьдрал байдаг юм шүү.
Бодолгүй бичсэн зүйл чинь хүний амьдралд хэчнээн асуудал үүсгэдгийг бодож байгаач ээ. Бид ч гэсэн хүн шүү дээ. Бас нэг зүйл гэвэл, хар бараанаасаа илүү гэгээлэг зүйл хүмүүст хүргэж байгаасай. Бичиж байгаа хүндээ ч сэтгэлийн таашаалтай сайхан мэдээ, сайн үйл зөндөө байна шүү” гэдгийг зарим нэгэн хүнд зориуд хүргэе гээд тэрбээр яриагаа дуусгалаа.  

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.