Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ТАНИЛЦ: Энэ цаг үеийн “ЭГЭЛ БААТАР” А.Амбасэлмаа даргын тухай 13 баримт

Цар тахал гарсан энэ үед ард иргэдийнхээ эрүүл аюулгүй байдлын манаанд зогсож байгаа төлөөллийн нэг бол ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа дарга. Түүний тухай 13 баримтыг уншигч та бүхэндээ хүргэж байна.

-Та хаана төрж өссөн бэ? Бага насныхаа дурсамжаас хуваалцана уу?

-Би Дундговь аймгийн Дэрэн суманд төрсөн. Бага нас, дунд сургуулийн нас маань аймгийн төв Мандалговь хотод өнгөрсөн дөө. Айлын ганц охин, доороо таван эрэгтэй дүүтэй. Тиймээс эршүүд талдаа. Хүний хамгийн дурсамжтай сайхан мөчүүдийн нэг бол юунд ч санаа зовохгүй, бодож санах юмгүй явж байсан сурагч нас, оюутны амьдрал юм. Үе, үе дурсахад сайхан байдаг.

-Та ямар сургуулийг дүүргэж байсан бэ?

-Би Монголын Анагаах Ухааны Дээд Сургуулийг Эрүүл ахуй халдвар судлалын мэргэжлээр төгссөн. Энэ мэргэжлийн чиглэлээр Нийгмийн эрүүл мэндийн зохион байгуулагч, халдвар судлалын мэргэжил олгох, дээшлүүлэх гээд олон курс дүүргэсэн. Жинхэнэ алтан үеийнхэнтэйгээ практик дадлага, талбар дээр ажилласан минь хамгийн том сургууль байж дээ.

Ялангуяа халдвар судлагч эмч хүнд халуун цэг дээр, халдварын голомтод орж ажиллах хамгийн сонирхолтой бөгөөд халдварын шалтгааныг тогтоох голомтыг хязгаарлан, цомтгож олон хүнийг халдвараас хамгаална гэдэг бол энэ мэргэжлийн ид хав юм.

– Анх яагаад эмч мэргэжлийг сонгох болсон бэ?

-Би уг нь эмчилгээний ангид анх хуваарилагдаж ирээд Сангийн аж ахуй яваад ирсэн чинь ангийг маань солиод дээрх ангид хуваарилсан байсан тэгээд л тэр чигтээ явж байгаад төгссөн.

-Эрүүл мэндийн салбарт хичнээн жил ажиллаж байна вэ? Туршлагаасаа хуваалцана уу?

-Эрүүл мэндийн салбарт 38 жил ажиллаж байна. Анх хөдөлмөрийн гараагаа Дундговь аймгийн Эрүүл мэндийн газар, Ариун цэвэр халдвар судлалын станцаас эхэлсэн. Орон нутагтаа мэргэжлээрээ ажиллаж, Эрүүл ахуй халдвар судлалын хяналтын газарт улсын байцаагч, улсын ахлах байцаагч, дарга удирдлагыг нь хийж, 24 жил ажилласан.

Улаанбаатар хотод ирээд ХӨСҮТ-д ороод 13 дах жилдээ ажиллаж байна. Энэ тандалтын албаны даргын ажлыг 11 жил хийж байна. Энэ хугацаанд улсын хэмжээний халдварт өвчний бодлого чиглэлийн баримт бичиг боловсруулах, хэрэгжүүлэх, халдварт өвчинтэй тэмцэх сэргийлэх ажлыг зохион байгуулж ирлээ. Хөдөө орон нутаг болон нийслэл хотод гарсан олон ч халдвар хордлого дэгдэлтэд ажиллаж, баг хамт олноо удирдан зохион байгуулж явлаа даа.

 -Цар тахал гарсан ийм нөхцөл байдалд ажиллана гэж бодож байв уу?

-Би хоёр дах цар тахалтай учирч ажиллаж байна. 2009 онд томуугийн A(H1N1)-ийн цар тахал гарч Монгол улс анх удаа цар тахалтай учирч, манай баг хамт олон жинхэнэ голомтод ажиллаж байлаа.

Өнөө жилийн хувьд анх л БНХАУ-д шалтгаан тодорхойгүй уушгины хатгаа өвчин гарч олон хүнийг өвчлүүлж, хүндрэлтэй байна гэдэг мэдээллийг аваад л эрсдэлийг үнэлгээг санаачлан хийж энэ их ажлын гараа эхэлсэн дээ. Бид өмнө нь салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хамтран ажиллах тал дээр онцгой анхаарч, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед хамтран ажиллах, эрсдэлийг үнэлэх эрх зүйн баримт бичгийг боловсруулан гаргасан байсан нь ач холбогдлоо өгч тухайн эрсдэлийг үнэлж хариу арга хэмжээг эрт авч ажилласан.

– Цар тахлын тухай мэдээ мэдээллийг иргэдэд цаг алдалгүй хүргээд нэлээдгүй хугацаа өнгөрчээ. Энэ үед танд ирж байсан хамгийн муухай болон сайхан сэтгэгдэл юу байсан бэ ?

-Яах вэ хүмүүс янз янзаар л хүлээж авдаг байх, хүмүүс яаж ч хүлээж авсан бид хийх ёстой ажлаа хийх л болно. Бидний зорилго бол цар тахлыг аль болох хохирол багатай давах, ард иргэдийг үнэн зөв мэдээллээр, цаг алдалгүй хангах, сэрэмжлүүлэх, тэдэнд өөрийгөө хамгаалах мэдлэг, дадал хэвшил олгох л чухал юм.

-Хүмүүсээс ирж байгаа сөрөг сэтгэгдлийг хэрхэн хүлээж авдаг вэ?

-Хүн болгонд би таалагдах албагүй, би хийдэг ажлаа хийгээд л явж байна. Надад хүмүүсийн сэтгэгдэл бүрийг харах, үзэх зав ч байхгүй. Би өргөсөн тангарагтаа үнэн ч байж, төр намайг ажиллуулж байхад би хийх ёстой үүрэгт ажлаа чанартай сайн хийхийн төлөө л зүтгэнэ. Энэ бол миний олон жил төрд ажилласны үндсэн мөн чанар минь юм даа.

– Та хэвлэлийн хуралд хэд дэх удаагаа оролцож байна вэ?

-Би тоолоогүй ээ. Бараг 300 гаруй удаа болсон байх.

-Та өглөө хэдэн цагт босч, ажилдаа гарахаасаа өмнө юуг амжуулдаг вэ ?

-Энэ цар тахлын үед өглөө 06:00 цагт босч 07:00 цагийн үед л ажилдаа ирнэ дээ. Өглөө заавал цайгаа ууж явдаг. Орой заримдаа 21:30 заримдаа 22:30, түүнээс оройтох үе бий. Гэртээ ирээд хот, хөдөөгийн хүмүүст утсаар зөвлөгөө өгөх, зарим шинэ материалтай танилцах гээд маш завгүй ажиллаж байна даа. Хүүхдүүд унтаж амрахыг байнга зөвлөдөг. Харин бүтэн 11 сар хагас бүтэн сайнд амарсангүй, одоо ч тоохоо байсан.

 – Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

-Би аялах их дуртай. Заримдаа хөдөө болон гадаад руу томилолтоор явахад нэг талаар амраад л ирэх шиг болдог. Бас гэртээ юм угааж индүүдэх, цэвэрлэгээ хийх дуртай.

– Та ямар спортоор хичээллэдэг вэ?

-Дунд сургуульд байхдаа спортод их дуртай байлаа. Гар бөмбөг тоглох дуртай, манай ангийн охидууд их спортлог байсан. Их тэмцээн уралдаанд байнга ордог байв. Бидний дундаас спортын мастер, зэрэгтэй тамирчид олон төрсөн байдаг юм. (Дундговь 1975 оны 10А анги)

-Таны амьдралдаа баримталдаг зарчим юу вэ?

-Миний баримталдаг гол зарчим бол шулуун, шударга, ил тод байх.

– Гэр бүлийнхээ талаар танилцуулах уу?

-Би гурван хүүхэдтэй. Тэд нарын хүүхдүүд болох дөрвөн ач зээтэй хүн дээ. Эд нар минь миний хамгийн үнэт баялаг. Хань минь хүнд өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзээд дөрвөн жил болж байна.

-Ард иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө өдөр шөнөгүй ажиллаж байгаад түмэн олон гүнээн талархаж буй. Иймд ард иргэддээ хандаж юу гэж хэлмээр байна вэ ?

-Ард иргэд минь хичээгээрэй, тэвчээрэй, бүгдээрээ нийлж байгаад “КОВИД-19”-ийн ард гарна аа.

-Ярилцсанд баярлалаа. Эрүүл энхийг хүсье

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.