Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Тангараг бүтэн явах сайхан

Хаяа багтвал бууж, хошуу багтвал иднэ гэх зан үйл нүүдэлчин монголчуудын аж төрөхийн бичигдээгүй хууль болон үйлчилсээр олон зууныг илээжээ. Нутаг нуга, айл саахалтынхантайгаа ам муруйхгүй эвтэй найртай, тангараг бүтэн амьдарч байсан нь бидний элэнц хуланцын үеэс мөрдөж ирсэн уламжлал заншлын маш том үнэт зүйл мөн аж. Тиймээс ч айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг гэх үгийг хотлоороо мэдэж, түүнийгээ аж амьдралдаа ягштал сахин биелүүлсээр ирсэн байна. Чухамхүү амь нэг, санаа нэг байж л байгалийн хатуу ширүүн ааш араншинг харьцангуй бага хохиролтой давж туулсаар өдий хүрч. Амь нэгтэй, санаа нэгтэй байж чадаагүй нь айл саахалтынхандаа ад үзэгдэнэ. Амиа тойглогч айлтайгаа таарахгүй болдог учир ийм таагүй байдалд орохоос аль болох зайлсхийнэ. Айл буухыг буу, нохой хүүхдээ мэд гэх монгол үг маш эртнийх байх. Айл буусан хот айлын учир мэдэхгүй, ухаан суугаагүй хүүхдүүд нь тоглоом наадмаа булаацалдан уйлалдах, зүс мэдэхгүй ноход нь яс булаацалдан хэмлэлдэхээс өөр санаа зовж болгоомжлох зүйл байсангүй. Ухаан суусан хүмүүс нь учраа олж, хүчээ нэгтгээд амьдрах тангарагтай байсан нь бахархам уламжлал. Айл аймаг эетэй нь сайхан, ах дүү нар эвтэй нь сайхан гэдгийг мах цусандаа шингэтэл ойлгосон байсан учир цус нэгтэй ах дүүс биш ч, тангараг нэгтэй нөхөд болон айл бууж, аж төрөн суудаг байсан нь дээдсээс улбаатай ариун нандин заншлын нэг яах аргагүй мөн. 

Амаа хичээхгүй бол гай тарина, галаа хичээхгүй бол гамшиг тарина. Амаа мэдэж явах нь тангараг бүтэн явахын эхлэл. Болгоомжгүй хэлсэн болчимгүй үг, бодож хэлсэн заналт үгний аль аль нь тангараг таслах гайтай гэдгийг залуу хүн бүр ой тойндоо санаж явбал зохилтой. Тос шиг сэтгэлийг царцаах, сүү шиг сэтгэлийг ээдүүлэх болчимгүй үгээр сэтгэл хямраан, бодол түйвээдэг хүнтэй ам муруйхгүй, аяыг аялж явах хэцүү. Үйлдэл бүхнээс өө эрж, үг хэлээр өөнтөглөн хажиглах хүнтэй ойр байх бүр хэцүү. Доромж тохуу үгээр дайрч давшлан, доош хийн дээрэлхээд байвал хариу дуугарахгүй хүлцэнгүй номой байж хэн чадах билээ? Голд нь ортол гомдоох үг хэлсэн хүнийг голт зүрхнээсээ хайрлах сэтгэл төрнө гэж үү? Агсам согтуу тавьж, амаа мэдэхгүй бурж, айл хотынхоо хүмүүсийн тав тухыг алдагдуулагчид аятай найрсаг хандах хүн байхгүй, ад үзэн нүд үзүүрлэнэ. Гомдол дагуулах гоомой үгсийг сонсоод өнгөн дээрээ инээх дүр эсгэвч, өрцөн дороо өс өвөрлөн үлдвэл таарч тохирч явсан хүнтэйгээ тангараг тасрах муу ёрын хорлол шүглэнэ. Тангараг таслах хор шингэсэн хорлонтой үгсийг бие биен рүүгээ битгий чулууд. Элгэн садантайгаа ч, эгэл олонтой ч эв эвдэх эв зүйгүй яриа бүү өдөө. Үнс нурмаа ил задгай асган өвс бэлчээрээ түймэрдэхээс сэргийлж, гал хөсөө хичээж, гамшиг тарихаас хамгаалж ирсэн сайхан уламжлал монголчуудад бий. Гал алдаж, бэлчээр шатаасан хүнд үлэмж хатуу ял оноох цааз хуультай байсан нь буурал түүхийн ой санамжид тод томруун үлджээ. Одоо цагт ч галаа хичээж, гамшиг тарихаас болгоомжлох хэрэгцээ шаардлага нэн чухал хэвээр байна.
Ялих шалихгүй жижиг зүйлээс эхлээд яршиг төвөг удсан том асуудлаар хүнтэй ам муруйж муудалцахгүй байх нь тангараг бүтэн явахын гол нөхцөл. Хэрүүл хийж, хэдэрлэн муудалцаж байгаа хүмүүс хамгийн хорлонтой үгсийн цуглуулгыг шорвог давс, гашуун чинжүүгээр амталж урд урдаасаа урсган цацна. Хэрүүл хэтэрвэл зодоон болно, хонзон хэтэрвэл хорлол болно. Дургүй хүрч, шар гозойм муу муухай үгсийг сонссон хүний сэтгэлийн мухарт хорсол цуглаж, өс хуралдана. Өст санаа биеэ тамлана. Өс санасан хүнээ өрөөсөн нүдээрээ ч харахгүй үзэн ядаж, хорсон хорлох сэтгэлдээ хөтлөгдөн, таарч тохирч явсан хүмүүс танаггүй муудалцан, тангараг тасрах нь тун таагүй явдал. Өс хадгалж, хонзон өвөрлөх нь зөвхөн дайсагнасан хүндээ хор хохиролтой биш, өөртөө маш их хортой. Өс санаж, хонзон өвөрлөсөн хүн хорлонт бодолдоо хордон бузартаж, нүглийн тулам нь сунан тэлэх хэрээр хүн чанараа хаяж гээнэ. Хорт могой хүртэл миний сүүлэн дээр хэн гишгэлээ гэдгийг маш сайн санаж байдаг гэх үг бий. Өс хонзон санадаг хүн тун зуумтгай, өрсөлдөгчдөө хангалттай хор хүргэж, бах таваа хангаж байж бага зэрэг санаа нь амарч, сэтгэл нь тайтгарах охор бодолтой. Гэхдээ хүнд ямар нэг хэмжээгээр хор хүргэж, муу үйл хийвээс түүнээс олон дахин илүү хорлол өөрт нь буцаж ирнэ гэдгийг боддоггүй нь харамсалтай. Яг л мэлхий үсрээд хаана буухаа бодож мэддэггүйтэй адил. Сайн санаж, буян үйлдэх гэгээн бодлын орон зайг хорт бодол, муу ёрын хорлол эзэлсэн, хүнийг хэрхэн муулах, яаж хорлох тухайгаа өдөр бодож, шөнө зүүдлэгчид бусдад муу үйл хийхээсээ урьд өөртөө бөөн уршиг тарьж, гай дуудна гэдгийг мэдэх хэрэгтэй. Хэрэг төвөг хийж гавьяатай болохгүй, хэрүүл доруул өдөөж алдартан болохгүй. Хэрэлдсээр байгаад хэтийн жаргалаа алдвал хайран. Хэрэлдвэл хохирно, эвлэвэл хожно. 
Хүн хэлээрээ, мал хөлөөрөө. Шалтгаантай шалтгаангүй хэрэлдэж болсон юм чинь шахалтгүйгээр эвлэрч чаддаг бай. Хэрэлдэж тэрсэлдэж байснаас хэл амаа олж, эвлэрч ойртох ухаан зарж, уучилж өршөөхийг бодох нь хэн хэндээ хэрэгтэй. Уучилж өршөөх чадвар нь хүнд заяасан эрхэм нандин чанаруудын нэг, хүн мөсний хэмжүүр мөн. Уучилж өршөөх чадвартай байна гэдэг нь хүнээрээ байгаагийн шинж, нинжин сэтгэл, нигүүлсэх үйлсийн эзэн хэвээр байгаагийн нотолгоо. Уучилж өршөөж чадсанаараа тархи толгойд хуралдсан үзэн ядалт, туйлшрал тунирхлын бараан үүлсийг хөөн зайлуулж, тэнгэр цэлмэх адил дотоод сэтгэл чинь ариусан онгойх болно. Уучилж өршөөх мэдрэмж нь буруу харсан зөрүүд хүн үзэн ядах, хорсон зүхэх сэтгэлийн тамд өөрийгөө тарчлаан зовооно. Зөв зүйлийг өмгөөлөн зүтгэх нь туйлбартай хүний шинж, буруу зүйлийг хамгаалан зүтгэх нь гажуу өжүүн хүний зан. Өжүүн зөрүүд хүнтэй үг хэлэлцэж, үгсэн тохирох зовлонтой ч эвийг нь олбол эвлэрч ойлголцохгүй, төмөр модоор бүтээсэн мэт нугарч зөөлрөхгүй хатуу сэтгэлтэн байхгүй. Мах цусанд төрсөн хүний энэрэх сэтгэл, өршөөх мэдрэмж нь хатаж ширгэн, арилж устах учиргүй. Тийм болохоор сэтгэл засах сайхан үгээр буруу харсан өршөөх мэдрэмжийг нь зөв тийш нь залж засан, өжүүгий нь хөдөлгөсөн үгээ буцаан авч уучлал хүсэн, хүнд заяасан эрхэм нандин чанарыг нь эргүүлэн сэргээх боломжтой гэдэгт итгээрэй. 
Буянт нөхдийг хутган үймүүлсэн нүгэлт хүмүүсийн үйлдэл бүтэн байсан тангаргыг бусинуулан эвдэх хорлолтой. Хов жив ярьж, амаа мэдэхгүй бурж, дэмий задгай чалчих нь буруудах хүний буруу гажуу үйлдэл. Буруудах хүний шинж нь бурах, зарах хоёр. Буруудан уруудаж яваа хүн л байгаа бүхнээ үр ашиггүй үрж заран, үрэн таран хийж доройтно. Хатуу ширүүн үгээр бусдыг дайрч доромжлох, худал хэлж, хуурч мэхлэх нь бүтэлгүй хүний нүгэлт үйлдэл. Бусдаас дамжиж ирсэн замын муу үгсийг давс хужраар амтлан баяжуулж, тараан цацах нь сайн хүний сайхан сэтгэлээр хийдэг үйл биш. Замын үг жаран худлаа. Дамын үг далан худлаа. Зуурдын үг зуун худлаа. Уулзах зуур сонссон замын хүний дамын үгийг үнэн худлыг нь үл ялган дам дамаа дамжуулан ярих осолтой. Хүний хэрэгт хошуу бүү дүр. Урт хошуу хүзүү ороохыг ямагт санаж явах хэрэгтэй. Эвдрэлийн хор шингээж, худал хуурмагт дэвтээсэн хорлонт муу үгсээр сайн нөхдийн дунд яс хаяж, эвийн цавуугаар наасан мэт байсан эвсэг найрсаг харилцаанд цав суулган, бүтэн байсан тангаргыг бусинуулан эвдрэлцүүлэх муу хүмүүсийн хорт үйлдлээс болгоомжил. 
Бусдын эд зүйлст хомхойрон шунаж, ёс бусаар өөрийн болговол эзэн хүнтэй нь тас муудалцан, тангараг тасрана. Хомхой сэтгэл бол хүний биш, бирдийн сэтгэл, дааж давшгүй том хорлол. Хомхой сэтгэлтнээс шудрага зан салан одож, зарчимч бодол хийсэн алга болсон байдаг. Хязгааргүй хомхой сэтгэл хязгаарлашгүй их эмгэнэлийг сүүдэр мэт дагуулна. “Мөнгөний шунал хэрэв ханахгүй бол улам бүр гаардаг. Яагаад гэвэл хүсэл хэдийчинээ их болно, төдийчинээ их хэрэгцээг төрүүлнэ”. Авсан нь өгөх дургүй, өгсөн нь авахаас нааш салахгүй эд зүйл, хөрөнгө мөнгөний маргаан эвлэршгүй хатуу, авч өгч байж арайхийж нэг юм хоёр тийш болно. Дууссан хойноо ч сэтгэлд сэв үлдээж, уруул шүд мэт ойр байсан хүмүүсийг ч уулын орой, бэл мэт холдуулна. Инээж аваад уйлж өгдөг хүнтэй өгөх авах нь байтугай үг ярилцах ч хэрэггүй. Зээлж аваад зэлэрч зугатах муу хүн, мунхаг амьтантай сүлбэлдэхээ таслан цээрлэ. Муу хүнээс сайн хүн зугатаж, мунхаг амьтнаас сэцэн оюут зугтдаг учиртай. Бага зээл өр болж, их зээл өстөн болгодгийг мэд. Зээлээ төлөх үедээ зэс гууль нь цухуйх, шудрага шулуун зангаа шуналын мухарт төөрүүлсэн хүнээс шулуулж, цөлмүүлээгүй дээрээ шууд холдон зай барь. “Хэтэрхий хүлцэнгүй байдлаас өөр юу ч муухай явдлыг тийнхүү өөгшүүлдэггүй”. Муу үйлдэл, муухай явдлыг өөгшүүлэн дэвэргэж яасан ч болохгүй, уудлан илчилж, таслан зогсоох хэрэгтэй. Үйлдсэн нүглээ гэмшин наманчилж, муу муухай бүхнээ ухааран засч байхгүй бол хүний хорвоод гишгэх газар ховордоно. Нүгэл хураах нь тамд очих бэлтгэлээ базааж, замаа сонгож байна гэсэн үг. Харин сайн үйл, сайхан сэтгэлийг хүндэтгэн дээдэл. Хүний сайхан сэтгэлийг сайхан сэтгэлээр хариулж байж л тэнгэрт ивээгдэж, бусадтай тангараг бүтэн, амар тайван, амгалан жаргалан амьдрана. Хүнд муу санаж, муу юм хийдэггүй мөрөөрөө зөв яваа хүн бусадтай тангараг бүтэн, сэтгэл амар, дүүрэн жаргалтай. Өөрөө жаргахдаа бусдыг зовоохгүй байх зарчмаас гажиж, замд хөндөлсөж яавч болохгүй. Бусдын жаргалын нуранги дээр өөрийн жаргалын орд харшийг цогцлоон амар тайван амьдрах туйлын хэцүү, мянган бэрхшээл, түмэн зовлонтой учирна. Атаа хорсол нь цээжиндээ багтаж ядсан буюу бусдын ул шагайж, хорлох сэтгэлдээ дөртэй хайнаг мэт хөтлөгдсөн хүн түмэн олонтой тангараг бүтэн байх тавилангүй. Үнэн зөвийг худал хуурмагт хутгаж, худал хуурмагийг үнэн зөвд дээдэлсэн, буруу ишлэсэн сүх шиг хүмүүс олон түмэнтэй таарч тохирч, тангараг бүтэн амьдрах заяагүй. Гарын салаагаар нь юм унахгүй харамч хатуу, амнаас унасан үг нь хахир ярдаг хүн олонтойгоо явна гэж саналтгүй. Чадах мэдэхээ бусадтай харамгүй хуваалцдаг, хавь ойрынхондоо туслахын төлөө төрсөн ажилсаг тусархуу хүнийг бүгд хайрлан хүндлэнэ. Хүнд тусалж байж, бусдын тусыг хүртэнэ. Хармын бодолгүй, хариу нэхээгүй чин сэтгэлийн тус үнэ цэнэтэй. Тусархуу сэтгэлтэй хүн бусадтай тангараг бүтэн, эв найртай аж төрнө. Тангараг бүтэн амьдрах таатай сайхан. 
 
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.