Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ТАМАРА РОХО: БАЛЕТ БОЛ ГЭРЭЛ ГЭГЭЭ

 Д.Алтанхуягт баярлалаа. Чин сэтгэлээсээ дахин дахин талархъя. Өнгөрсөн зун олон улсын нэртэй балетчдыг эх орондоо урьсан тэрбээр энэ удаа Английн хатан хааны “Роял опера” театрын гоцлол бүжигчин Тамара Рохогийн бүжиглэхийг үзэх боломжийг монголчууддаа бүрдүүллээ. Сонгодог урлагийн ертөнцөд хөл тавиад “Төгс, төгөлдөр” гэдэг үнэлгээ авсан бүжигчин тийм ч олон биш. Тэгвэл 20 насандаа дэлхийн шилдэг шүүгч, бүжигчдээс ийм үг сонссон балетчин бол Тамара Рохо. Тэрбээр Монголын тайзнаа А.Аданы “Жизель” бүжгэн жүжигт гоцлохоор ирсэн юм.

Өдгөө Английн хатан хааны “Роял опера” театрын гоцлол бүжигчин тэрбээр 1984 онд Испанид төржээ. “Эмэгтэй балетчдын мөрөөдөл болсон Жульеттагийн дүрээс илүүтэйгээр би Жизель бүсгүйн дүрдээ хайртай. Жульетта надад их ойрхон сайхан дүр. Би энэ дүрд тоглох дуртай, гэхдээ л Жизелээс илүү гэхгүй” хэмээн нэгэн ярилцлагадаа дурдсан Т.Рохо хэвлэлийнхнээс жаахан дөлдөг гэсэн. Үүнийгээ тайлбарлахдаа “Оргил цэгт хүрч, гол баатар нь байх миний талбар бол тайз” хэмээжээ. “Өнөөдөр” сонин түүнтэй цөөхөн хором ярилцлаа.

-Таныг Жизелийн дүрээр илүү танигдсан бүжигчин хэмээдэг юм билээ. Жизель бусад дүрээс юугаараа онцлог юм бэ?

– Энэхүү бүжгэн жүжигт Жизелийн хоёр өөр дүрийг гаргадгаараа онцлог. Цайлган сэтгэлтэй, гэнэн, итгэмтгий тариа чин бүсгүй Жизель хайр сэтгэлтэйгээ учирч, аз жаргалаар дүүрэн байдаг. Гэвч хайрлаж дурласан залуу нь өөр бүсгүйн сүйт хархүү байсныг мэдээд Жизель галзуурч, амь тавьдаг. Дараагийн хэсэгт Жизель өмнөхөөсөө тэс өөр болж, амьдрал үзсэн, хэрсүү хэрнээ ууч сэтгэлтэй нэгэн болдог юм. Гэхдээ үнэн хэрэгтээ тэр бол Жизель биш, түү ний сүнс л дээ. Энэ хоёр хэдийгээр нэг хүний дүр ч тус бүртээ өөрийн зан чанартай хоёр өөр ертөнц.

-Танд онцгой эрх олгоод “Жизель”- ийн аль нэг хэсэгт өөрчлөлт оруулах боломж олговол яах вэ?

-Тэгэх боломжгүй. Гэхдээ үнэхээр тийм нөхцөл байдал бий болбол би энэ бүтээлийг өөрчлөхгүй. “Жизель” бол төгс бүтээл. Хүнд гомдож, гутарсан ч эцсийн бүлэгт уучилж, өршөөж чаддаг байхын сайхныг өгүүлдэг болохоор тэр.

-Балетийн бүжигчинд техниктэй байх нь чухал уу, авьяас, хичээл зүтгэл чухал уу?

-Аливаа зүйлд зүтгэл чармайлт, уйгагүй хөдөлмөр чухал. Балетийн урлагт ч ялгаагүй. Амжилтад хүрэхэд 20 хувийн авьяас, 70 хувь нь чармайлт, үлдсэн 10 хувь нь аз байдаг гэж боддог. Уйгагүй, шантрахгүй хөдөлмөрлөсний үр дүнд техниктэй, ур чадвартай бүжигчин болдог юм.

-“Хар хун” киноны гол баатар балетчин бүсгүй бүтээх гэж буй дүрээрээ өвчилж, үүнээсээ болж стресст орж, хий юм хардаг болчихдог шүү дээ. Үүнтэй адил дүрээр өвчлөх явдал байдаг болов уу?

-(Кинонд гардаг шиг хэвлий рүүгээ дүрж байгаа хөдөлгөөн хийгээд инээв). Тэр кино сонгодог бүжгийн урлагийг дэнд үү хар бараанаар гаргасан, амьдралаас хол болсон гэж боддог. “Хар хун” киноны ерөнхий найруулагчийн дүү эмэгтэй нь балетчин болохыг хүссэн ч чадалгүй замын голоос буцсан юм билээ. Түүнээс үүдэн хэтэрхий хувийн сэтгэгдлээр энэ ертөнцийг дэндүү сөргөөр гаргасан гэж боддог. Балет бол гэрэл гэгээ. Би энэ урлагаас баяр баясгалан, аз жаргалыг мэдэрдэг.

-Монголын балетчидтай сая хэдхэн цагийн бэлтгэл хийлээ. Дүгнэлт хийх боломжгүй богинохон хугацаа хэдий ч манай бүжигчдийн тухай анхны сэтгэгдлээ хуваалцана уу?

-Сайн ажилладаг хамт олон байна. Техниктэй, чадварлаг бүжигчидтэй юм. Одоогоор үүнээс өөр зүйл хэлэх боломжгүй. Маргааш дахин бэлтгэл хийж, илүү ихийг мэдрэх байх.

Ж.ЭРДЭНЭЦЭЦЭГ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.