Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Төрийн тавиул”

УИХ-ын болон орон нутгийн “Сонгууль-2020”-иор Авлигатай тэмцэх газар их л сайн ажиллах шиг боллоо. Хойшлуулшгүй ажиллагаа явуулж, тэрийг ч саатуулж, энийг ч шалгаад л. Илрүүлсэн хэргээ хэдэн арваараа нь прокурорт шилжүүлсэн дуулдсан. Зарим шилжүүлсэн хэргийн тоон мэдээллийг байгууллагынхаа цахим хуудсандаа байршуулсан. Гэхдээ гарт баригдам, нүдэнд харагдам овойж, товойсон үр дүн хаана байна аа. Тоон мэдээллээс нь харахад үр гараад ч байгаа юм шиг. Нийгэмд авлига буурахгүй байна гэхээр АТГ ажлаа тааруу хийгээд байгаа юм шиг. Тус байгууллагын комиссаруудын баривчилсан хүмүүс нь “Байх ёстой газраа ирээгүй” хэмээн бархираад л. Энэ үйл явцыг нь харахаар АТГ захиалгаар ажилладаг бололтой юм. Баахан хүмүүсийг баривчилж, “Байх ёстой газарт чинь аваачина” хэмээн ажил уддаг. Хамгийн гол нь ард түмэн авлигачдыг намналаа хэмээн баярлах хойгуур баривчилсан хүнээ хэдийн сулласан байх жишээтэй. Өнгөрсөн сонгуулиар гэхэд АТГ цөөнгүй хүнийг шалгасан.

Өөрөөр хэлбэл, тухайн компани, албан хаагч УИХ-ын гишүүний “тавиул”-ын үгэнд ороогүй, нэхсэн зүйлийг нь өгөөгүй эсвэл албан байгууллагад нь “тавиул” тавих боломжийг нь хаасан болохоор илтэд шүүмжилж, дарамталж байгаа нь тэр. 

Гэхдээ тэдгээр шалгасан хүмүүсээс цөөнгүй нь өнөөдөр УИХ-ын сэнтийд заларчихсан л явна. Авлига өгсөн, авсан, зуучилсан нь баригдаагүй, тэр байтугай өндөр дээд албан тушаалд гарсан хүмүүс амтшихгүй гэж үү. Амташсан хэрээ юу гэдэг билээ. Ер нь тэгээд Монголд авлигын сүлжээ, тор үүсэж, бүлэг болтлоо зузаарсан гэж зарим хуульчид хэлдэг. Тэрхүү авлигын бүлэглэлийн ажлыг амжуулдаг гол хүмүүс нь “тавиул”-ууд. “Тавиул” гэдэг нь юу вэ гэж үү. Нэг ёсондоо тагнуул юм уу аа. Тодорхой тайлбарлах гээд үзье. Өөрийн бизнесээ хамгаалуулахаар сонгосон хүмүүс тавиул байж болно. Харахад андашгүй гэх. Цалин багатай ч хангалуун амьдардаг. Ажилдаа алдаа дутагдал гаргахгүй, авлига хээл хахуулиас хол мэт харагддаг. Үүрэг нь зөвхөн хамгаалж буй компанидаа үйлчлэх юм. Мөн хамгийн түрүүнд мэдээлэл өгч байхаар тарааж байрлуулсан хүмүүсийг “тавиул”-д тооцож болно. Ийм төрлийн “тавиул”-д өгдөг хангамж бага учир олсон мэдээллээ олон хүнд зарж амьдардаг. Энэ хүмүүсийг голдуу улстөрчид ашигладаг. Чадваргүй танил, хамаатан садан, сонгуульд тусалж буй хүмүүс өөрийн мэдэлгүй “тавиул”-ын үүрэг гүйцэтгэдэг талтай.

Гэм хор багатай гэх боловч дүрдээ орчихвол маш хорон, хамгийн аюултай үйлдэл тэднээс л гардаг. Бас л ард нь хэн улстөрч удирдаж суудаг.  Дарга нарын дагуулж очсон хүмүүс бас “тавиул”-ын үүрэг гүйцэтгэнэ. Хуучин даргадаа мэдээлэл дамжуулж, шинэ даргынхаа сандлыг хөрөөдөж, ажлыг нь унагах зорилготой “тавиул”-ууд. Хөөрхийс мөнгө муутай. Олсон мэдээллээ олон хүнд зарж амьдардаг “тавиул”-тай ижил төстэй аргаар багахан мөнгө олдог. Өөрөөр хэлбэл, хошуугаа худалдаж мөнгө олно. Гэхдээ гомдвол их аюултай. Авлигад автамтгай, мөнгөнд шунамтгай хүмүүс. Эдгээрээс улс төрийн “тавиул”-ууд хамгийн аюултай. 

Авлига, албан тушаалын хэрэгтэй холбоотой хамаг мэдээллийг нуун дарагдуулж байдаг. Гомдвол даргынхаа хамаг булхайг баримтжуулж дэлгэдэг хүмүүс тэд. “Тавиул”-ууд энэ мэтээр ажиллаж, ард нь авлига, хээл хахууль хөгжиж байдаг. Ийм болохоор Ерөнхий сайд яаж ч “атамандсан”, ямар ч сайхан зүйл ярьсан тогтолцоо нь өөрийн эсрэг ажиллаад байгаа юм. Жишээ нь, Улсын онцгой комисс элдэв тушаал шийдвэр гаргаад, эргэж буцаад, өөрчлөөд байгааг бид харсан, зарим маань хохирсон. Гадаадад гацсан иргэдээ авчрах гэж яаж самарлаа, ямар их хэл ам дагууллаа. Тус комисс иргэдээ шударгаар авчиръя гэхээр дундуур нь улстөрчид, тэдний “тавиул”-ууд ороод л журмыг нь алдагдуулаад байсан хэрэг. Тавьсан “тавиул”-уудыг албаныхан ажил хий гэж шахаж, шаардаад эхлэхээр улстөрч уурладаг. Тэд уураа дараах хэлбэрээр гаргадаг. Тухайлбал, хэн нэг улстөрч УИХ-ын индэр дээрээс дүрдээ ороод аль нэг компани, байгууллагын талаар шүүмжлээд эхэлбэл, ард нь өөрийнх нь эрх ашиг хөндөгджээ л гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, тухайн компани, албан хаагч УИХ-ын гишүүний “тавиул”-ын үгэнд ороогүй, нэхсэн зүйлийг нь өгөөгүй эсвэл албан байгууллагад нь “тавиул” тавих боломжийг нь хаасан болохоор илтэд шүүмжилж, дарамталж байгаа нь тэр. Харин АТГ-ынхан энэ бүгдийг мэдэхгүй өнгөрүүлнө гэж байхгүй. УИХ-ын тогтоолоор АТГ-ын бүтэц, орон тоог төсвийг баталдаг хуультай. Тиймээс л АТГ-ынхан УИХ гэдэг “хүлээснээс” гарч, хараат бусаар ажиллаж чадахгүй байгаа бололтой. Хамгийн сүүлд өчигдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн. 

Уг хуулиар Авлигатай тэмцэх газрын дарга нь дэд даргаа томилох зохицуулалт хийжээ. Өмнө нь АТГ-ын дарга, дэд даргыг Ерөнхийлөгч санал болгосноор зургаан жилийн хугацаанд УИХ томилдог байсан юм. Үүнийг өөрчилж, АТГ-ын дэд даргыг УИХ-аас бус тус газрын дарга нь томилдог байхаар зохицуулалт хийж, төсөлд тусгажээ. Ажлын хэсэг энэ тухайд “УИХ АТГ-ын дэд даргыг томилдог байхдаа Засгийн газрын гишүүний дайтай хангамж, баталгаа өгч байсныг өөрчилж байгаа юм” хэмээн тайлбарлаж харагдсан. Нэгэнт томилгооны асуудал хөндсөнийх иргэний нийгмийн гишүүн, хуульчдын өмнө нь гаргасан саналыг энд дурдая. АТГ-т ХЭҮК-ынхон шиг гишүүд томилъё гэсэн саналыг УИХ-д хэдэнтээ гаргасан юм билээ. Ингэвэл АТГ-ынхан захиалгаар хэрэг шалгаж чадахгүй гэж үзэх хуульч ч таарсан. 

Даанч хүлээж аваагүй. Үүнээс гадна нэр бүхий хуульчид УИХ-ын гишүүдээс Авлигын эсрэг бүлэг байгуулаач, авлига гэдэг цар тахалтай тэмцэх талаар дорвитой санаачилга гаргаач хэмээн уйгагүй л гуйж ирсэн. Харамсалтай нь, гишүүд авлигын эсрэг бүлэг байгуулахаас төвөгшөөж хойш суугаад байгаа юм билээ.  АТГ-ын газрын өнөөгийн дүр төрх нэг иймэрхүү. Гэтэл авлигын индекс жил ирэх тусам буурсаар Монгол өдгөө 180 орноос 106-д жагсаж байна. Уг үзүүлэлтээр бол АТГ-ыг  тийм ч сайн ажилласан гэж хэлж боломгүй. Угаасаа АТГ улстөрчдийн тавьсан “тавиул”-уудыг үндсэндээ “Төрийн тавиул”-уудыг илрүүлсэн ч илчилж чадахгүй, цөөлж барахгүй байгаа нь бодит үнэн. Тэгээд ч сонгуулийн өмнө баахан шалгасан, хэвлэлд өгч багагүй балбуулсан улстөрчид өнөөдөр өндөр сэнтийд заларч байгааг хараад захиалгаар л хэрэг үүсгэн шалгаж байж гэх хар өөрийн эрхгүй төрснөө нуумааргүй байна. Ингээд болохоор АТГ-ынханд өнөөдөр тохиож буй Авлигын эсрэг олон улсын өдрийн мэнд хүргэе хэмээн даанч хэлж чадахгүй нь.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.