Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ТАВАНТОЛГОЙН НҮҮРСНИЙ ОРДЫГ АШИГЛАХ ТАЛААР ХЭЛЭЛЦЭН ШИЙД ГАРГАВ

    Мөн хуралдаанаар Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах тухай хэлэлцэн  ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх, гэрээний төсөл боловсруух ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн байгууллаа.
    Ажлын хэсгийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд ахлах бөгөөд Сангийн яам болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайд орлогчоор нь ажиллана. Ажлын хэсэгт яамдын газрын дарга болон бусад албан тушаалтан орсон байна.

ТАВАНТОЛГОЙН ОРДЫН ТАЛААР
    Тавантолгойн ордыг ашиглах нь ордын нөөц, нүүрсний олборлолт, нүүрс баяжуулах, угаах үйлдвэр байгуулах, тээвэрлэлт буюу төмөр зам, авто зам, эрчим хүч, усны хангамжийг шинээр бий болгох, бүтээгдэхүүн борлуулах, хилийн боомтын чадавхийг нэмэгдүүлэх болон хөрш орнуудын далайн боомтыг ашиглах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг олон асуудлыг шийдвэрлэж, шинэ боломж бий болгох юм.
    Тавантолгойн нүүрсний орд манай улсын хувьд хамгийн сайн судлагдсан ордын нэг бөгөөд урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэлийг хэд хэдэн удаа хийлгэсэн байна.
    Нүүрсний нөөцийн ордыг олон улсад түгээмэл хэрэглэдэг ангилалд шилжүүлж тооцвол нөөц нэмэгдэх боломжтой. Ордоос жилд 15-30 сая тогг нүүрс олборлох боломжтой ч энэ нь төмөр замын тээвэрлэлт, усны хангамжаас шалтгаална.
Канад Улсын техникийн зөвлөх “Норвест” компани нь ордын уул, геологийн нөхцөл нь сайн судлагдаж, нөөц нь тогтоогдсон Цанхийн хэсгийн талбайг ойролцоо хэмжээний нүүрсний нөөц бүхий бие даасан хоёр хэсэгт хувааж ашиглах боломжтой. Бусад талбайд тусгай зөвшөөрөл эзэмшигч нөөц нэмэгдүүлэх  хайгуулын ажлыг үргэлжлүүлэн хийх нь зүйтэй гэж зөвлөжээ.
    Эрчим хүчний хангамжийг бүтээн байгуулалтын эхний үед болон олборлолтын үндсэн шатанд хэрхэн хангах, шинээр байгуулах цахилгаан станцын хүчин чадал, хөрөнгө оруулалтын нөхцөл, санхүүжилтын талаар хэлэлцээнд оролцогч компаниудтай дэлгэрэнгүй ярилцана. 
Тавантолгойн ордын усны хангамжийг одоо тогтоогдоод байгаа газрын гүний эх үүсвэрээс төслийн дунд үе шат хүртэл хангах, түүнээс цааш шинэ эх үүсвэр ашиглахын тулд нэмэлт хайгуул, судалгааг төсөлтэй зэрэг эхлэхээр төлөвлөжээ.
    Тавантолгойн ордыг түшиглэж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь манай улсын зорилго бөгөөд нүүрс угаах үйлдвэр байгуулж, хүчин чадлыг нь үе шаттайгаар өргөтгөх, коксын үйлдвэрийг гадны хөрөнгө оруулагчтай хамтран барихыг чухалчилж байна.
    Ажлын хэсэг, “Эрдэнэс МГЛ” компани хамтран нүүрсний ордын геологийн судалгаа, орд газрын уул, техникийн нөхцөл, нүүрсний нөөц, дэд бүтэц, урьдчилсан техник, эдийн засгийн үнэлгээ, холбогдох бусад мэдээллийг мэдээллийн нэгдсэн санд байршуулжээ.
Геологи, уул уурхайн салбарын эрдэмтэн, судлаачид, орон нутгийн төлөөллийг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлгийг Улаанбаатар, Даланзадгад хотод зохион байгуулж, нүүрсний ордыг хэрхэн ашиглах талаар эрдэмтэн, судлаачдын санал, зөвлөмжийг аваад байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. 2010 оны 4 дүгээр сар 2 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.