Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

С.Баяр-Очир: Албан тушаалтнууд цэргийн сургалт бэлтгэлийн үед л дүрэмт хувцас өмсөнө

Цэргийн дүрэмт хувцсыг төрийн захиргааны зарим албан тушаалтан, иргэд өмсөж байгаатай холбогдуулаад тодорхой хязгаарлалтууд хийх, хувцасны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Зэвсэгт хүчний Жанжин штабын Материал, техникийн газрын Материал хангалтын төлөвлөлтийн хэлтсийн дарга, хурандаа С.Баяр-Очироос энэ талаар тодрууллаа.

-Та бүхэн “Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрэм”-д ямар өөрчлөлтүүдийг оруулахаар ажиллаж байна вэ?

-Хууль эрх зүй, зарлиг, тогтоолоор цэргийн дүрэмт хувцас нь цэргийн жинхэнэ албыг биеэр хааж байгаа генерал, офицер, ахлагч, сонсогч, түрүүч, байлдагчид л хамаатай болохыг тодорхой зааж өгсөн. Цэргийн дүрэмт хувцас гэж цэргийн жинхэнэ алба хаагч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, цэргийн анги, байгууллагын цэргийн сургалт бэлтгэл, өдөр тутмын үйл ажиллагааг хангах, хувцаслалт, гадаад үзэмжийг жигдрүүлэхийн тулд баталсан төрөл, загвар, эдэлгээний хугацаа, хангалтын нормоор хүн нэг бүрт олгодог хувцас, хэрэглэлийг хэлнэ. ЗХЖШ-ын даргын 2019 онд баталсан тушаалаар “Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрэм”-д өөрчлөлт оруулах нэгдүгээр шалтгаан нь цэргийн дүрэмт хувцсыг өмсөж, эдлэх эрхгүй хүмүүс буюу төрийн зарим алба хаагч, иргэд өмсөж байгаатай холбогдуулаад хязгаарлалт хийх зорилготой. Хоёрдугаарт, жигдрүүлэх зорилготой жижиг өөрчлөлтүүд багтаж байна. Тухайлбал, бидний хэрэглэж байгаа бууны гэр хуучны загвараараа, харин дүрэмт хувцас шинэчилсэн учир хэрхэн, яаж зүүх вэ гэдгээ нэг мөр цэгцэлнэ. Дүрэмд заасанчлан хээрийн хүрэм өмссөн үедээ гадуур нь бууны гэрээ бүсэлнэ гэснээрээ явна гэж ойлгож болно. Дараагийн удаад хээрийн хувцас өмссөн үедээ өмдний шуумгийг хагас түрийтэй гутлынхаа гадуур тавина, хээрийн хүрмийн захыг хээрийн гаралт, сургалт дадлагын үед босоогоор нь, бусад үе буюу өдөр тутамдаа буулгаж өмсөнө зэрэг тодорхой өөрчлөлтүүд оруулж байна. Энэ нь цэргийн дүрэмт хувцсыг нэгэн жигд өмсөж хэвшүүлэхтэй холбоотой.

-Цэргийн дүрэмт хувцсыг төрийн захиргааны албан тушаалтан, иргэд өмсөж буйг шүүмжилдэг. Гэхдээ тэдгээр албан тушаалтныг Дайчилгааны тухай хуулийн дагуу цэргийн сургалт бэлтгэлд хамруулаад бэлтгэл офицер, ахлагч цол олгодог. Тэгвэл нэгэнт олгосон цэргийн дүрэмт хувцас, цолыг тэр хүмүүс нь хэзээ өмсөх ёстой байдаг юм бэ?

-Цэргийн албаны тухай хууль болон одоо мөрдөгдөж байгаа “Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрэм”-д цэргийн цолны нэр, тэмдэг, түүний ялгах тэмдгийн загвар, цэргийн дүрэмт хувцсыг нөгөө л дээр дурдсан буюу Монгол Улсын Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Дотоодын цэрэг, Онцгой байдал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Тагнуулын байгууллагад алба хааж байгаа офицер, ахлагч, цэргийн сургуулийн сонсогч, цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчдаас бусад төрийн болон төрийн бус байгууллага, албан тушаалтан хэрэглэхийг хориглоно гэж заасан. Цэргийн алба хаагчаас бусад төрийн албан хаагч, иргэд нь дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнд л хамаарна. Тэд зөвхөн цэргийн сургалт, дайчилгаатай сургууль, цугларалтад оролцох үедээ цэргийн дүрэмт хувцсыг өмсөнө гэдгийг Цэргийн албаны тухай хуульд тодорхой заагаад өгчихсөн байдаг юм. Дайчилгаатай сургууль, цэргийн сургалт бэлтгэлээс бусад үед өмсөх эрхгүй.

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн цаг үед ч, цар тахал, зуд турхантай үед ч өмсөх эрхгүй гэсэн үг үү?

-Цэргийн жинхэнэ алба хаагч биш л бол өмсөхгүй. Гагцхүү бэлтгэл үүрэгтэн танд “Дайчилгаатай сургуульд оролц, цэргийн сургалт бэлтгэлд хамрагд” гэдэг зарлан ирвэл л өмсөөд очно гэж ойлгох хэрэгтэй.

Аймаг, нийслэл, сум дүүргийн онцгой комиссын гишүүд цаг үеийн мэдээлэл хийхдээ цэргийн дүрэмт хувцсыг энгийн хувцастай хольж өмсөх тохиолдлууд байсан …

-Мэдээж буруу. Монгол Улсын хууль, захиргааны хэм хэмжээг зөрчиж л байгаа хэрэг. Цар тахлын нөхцөл байдлыг мэдээлэх үүрэгтэй төрийн захиргааны алба хаагчид цэргийн хээрийн дүрэмт хувцсыг өмсөх, өмсөхдөө бүр дүрмийн бусаар өмсөж хэвлэл мэдээллийн байгууллагаар гарч байгаатай холбогдуулан ЗХЖШ-аас 2020 оны арванхоёрдугаар сард аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газар, Цэргийн штабуудад албан бичиг хүргүүлсэн. Цэргийн дүрэмт хувцасны дүрмийн бус хэрэглээг арилгуулах тухай гэж. Энэхүү албан бичиг хүргэсэнээр энэ зөрчил харьцангуй багассан. Мэдээж цар тахал, гамшиг ослын үед аймаг, орон нутаг, дүүргийн удирдлагууд нэгдсэн шугамаар жигдэрч болно. Энэ нь өөрөө цэргийн дүрэмт хувцас биш бөгөөд өөр өнгө, загвараар хийлгэхийг нь бид үгүйсгээгүй. Цэргийн дүрэмт хувцас нь үзэмжтэй, дулаахан, биед эвтэйхэн байдаг учраас л ийм төрлийн зөрчлүүд гараад байна гэж харж байна.

-Дүрмээ хэзээ шинэчлэн батлах вэ?

-Нэмэлт, өөрчлөлт оруулж шинэчилсэн төслөө төрийн цэргийн байгууллагуудад санал авахаар хүргүүлээд байна. Мөн Зэвсэгт хүчний алба хаагчдаасаа ч цахимаар санал авч байна. Хэрэв бодитой саналууд ирвэл бид дүрмэндээ оруулна. Дүрмийн төслийг аль болох богино хугацаанд ЗХЖШ-ын даргын тушаалаар батлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Шинэчлэн батлагдсаны дараа Хууль зүйн яаманд хүргүүлж, бүртгүүлсний үндсэн дээр цэргийн дүрэмт хувцсыг өмсөж хэрэглэх эрхгүй этгээдүүд өмссөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцдог механизм бүрдэх юм.

-Цэргийн дүрэмт хувцсыг Зэвсэгт хүчин, Дотоодын цэрэг, Шүүхийн шийдвэр, Тагнуулын байгууллагын алба хаагчид нэгэн загвараар нь, ижил түвшинд нь өмсөж буй. Тэдгээр байгууллагуудын алба хаагчдын дүрмийн дагуух хувцаслалтанд хэн хяналт тавих ёстой вэ?

-ЗХЖШ-ын даргын тушаалаар “Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрэм”-ийг батлахдаа эдгээр байгууллагуудын удирдлагад нь энэхүү дүрмийн хэрэгжилтийг хангаж, хяналт тавих үүргийг зааж өгдөг. “Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино” гэдэг шиг ижил төрлийн дүрэмт хувцас өмсдөг байгууллагууд хяналтаа маш сайн тавихгүй бол өнөөх л Зэвсэгт хүчний алба хаагч гэж харах гээд байдаг тал бий. Цэргийн дүрэмт хувцсыг хэн дүрмийн дагуу өмсөнө тэр л хамгийн зөв харагдана. Түүнээс дүрэмт хувцас нь гангараа гоёл биш юм. Харин дүрэмт хувцсыг өмсөх эрхгүй энгийн иргэд өмссөн үед тавих хяналтыг Зэвсэгт хүчний Цэргийн цагдаагийн алба хэрэгжүүлнэ. Үүний тулд эрх зүйн орчныг нь боловсронгуй болгохоор ажиллаж байгаа юм.

1
ТэнэглэлТэнэглэл
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.