Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

СҮХБААТАРЫН ХӨШӨӨ 74 НАСТАЙ

Нийслэлчүүд бид эх хотынхоо үүх түүхийг сайн мэддэг бил үү? Өглөө бүр, орой болгон хажуугаар нь өнгөрдөг түүхэн барилга, хөшөө дурсгалууд он цагийн буурал түүхийн гэрч болж хэчнээн оныг үдсэнийг та ер нь мэдэх үү? Хэн гэгч эрхэм ямар зорилгоор барьж байгуулсан, ямар түүх үүхтэй талаар хэрэг болгон сонирхож байсан уу? “Өнөөдөр” сонин Нийслэлийн Соёл урлагийн газартай хамтарч нэгэн шинэ булан нээж байна. Нэр нь “Нийслэлийн нэрийн хуудас”. Энэ удаа бид нийс лэлийн маань төвд сүндэрлэн байдаг Сүхбаатарын хөшөөний түүхийг Танд сонирхуулахаар шийдлээ.

1921 оны долдугаар сард Монголын ард түмний эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө тэмцэгч, жанжин Д.Сүхбаатарын удирдсан ардын журамт цэрэг, Зөвлөлт, Оросын улаан армийн цэргийн ангийн хамт Хиагтаас нийслэл хотод орж ирж, Тасганы овоогоор дамжин хотын төв хэсэгт ирж зогсчээ. Тэр үед “Морин толгой” хочит Гаваа гэгч цэрэг жанжин Д.Сүхбаатарын морь шээсэн тэр газрыг ихэд бэлгэшээн төмөр гадас хатгаж, тэмдэглэн үлдээсэн бөгөөд хожим Д.Сүхбаатарын хөшөөг тэнд босгож, уг талбайг Д.Сүхбаатарын нэрэмжит болгосон түүхтэй. Их жанжны хөшөөг МАХНын Төв хороо, Сайд нарын зөвлөлийн 1946 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн 13/3 дугаар тогтоолоор төв талбайд байгуулах шийдвэр гарч, 1946 оны долдугаар сарын 8-нд Ардын хувьсгалын 25 жилийн ойгоор хөшөөний нээлтийг хийжээ.

Уг хөшөөг уран барималч С.Чоймбол хуучны монгол урчуудын барилаар бүтээсэн байна. Д.Сүхбаатарыг дөрөөн дээрээ өндийн зогсоод баруун гараа өргөж, ард түмнээ шинэ шинэ ялалт амжилтад уриалан дуудаж байгаагаар дүрсэлжээ. Хөшөөг өндөр чулуун суурин дээр байрлуулж, хажуу хавтгай дээр нь Д.Сүхбаатарын “Бидний улс эв саналаа нэгтгэн нийт нэгэн хүчийг нийлүүлэн нэгэн зэргээр зориглон хөдөлбөөс, үл хүрэх газар үгүй бөгөөд мэдэхгүй, чадахгүй хэмээх явдал огт үгүй болж, цэнгэлийн манлайг олж болохыг дан ганц сэтгэлийн чин зориг мэднэ” гэсэн үгийг монгол бичгээр товойлгон сийлсэн байдаг. Хөшөөг тойрсон 14 чулуун арсланг ардын уламжлалт ур маягийн дагуу хийж, төмөр гинжээр хооронд нь холбосон байдаг. Тэрхүү арслангуудын аманд зуулгасан 208 ширмэн гогцоо бүхий тус бүр нь зургаан кг жинтэй гинжийг тухайн үед төмрийн зоводын ажилчин, Улсын бага хурлын гишүүн Ш.Найманбай урласан гэдэг.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.