Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сүрбаатарын талбайд гэр барьж суулт хийх зөвшөөрөл олгожээ

Өчигдөр АНАТХ-нөөс Сүхбаатарын талбайд  жагсаал хийлээ. Жагсаал цуглаан элдэв үймээн самуунгүй тайван болж өнгөрлөө. Жагсаалд оролцогчид голдуу ахмадууд байх бөгөөд нэгэн зэрэг чанга дуугаар УИХ-ыг тараая, Ард түмнээ хуурдаг төр засаг гэж байдаг юм уу хэмээн хашгиралдаж байв. Жагсаал цуглаан нэг цаг орчим нэлээд ширүүхэн өрнөсний эцэст Амлалт нэхэх ард түмний холбооны ерөнхий зохицуулагч Г.Уянга иргэдэд хандан бид УИХ-ын гишүүдэд шаардлага хүргүүлж, Их хурлаас хариу иртэл 72 цагийн улстөрийн суулт зарлана. Тиймээс орон нутгаас ирсэн иргэд үлдэн, бусад нь тарж, хэрэв Их хурал 72 цагийн дотор хариу ирүүлэхгүй бол гурав хоногийн дараа энэ цагтаа цуглана уу хэмээн уриалав.

Ингээд шаардлагаа гардуулахаар тус холбооны ерөнхийлөгч Д.Батцогт, ерөнхий зохицуулагч Г.Уянга, Миний монголын газар шороо хөдөлгөөний тэргүүн П.Болд, Тусгаар тогтнол эвслийн зохицуулагч Л.Цог, орон нутгийн төлөөлөл Д.Нинж нар Төрийн ордон руу оров. Энэ үеэр Увс, Ховд зэрэг холын аймгаас ирсэн Амлалт нэхэх ард түмний холбооны гишүүд бухимдаж байх нь ажиглагдав. “Тэр хол газраас ганцхан цаг жагсахын тулд ирсэн болж таарах нь. Өөрийн зардлаар ирсэн бид “шатаж” байна. Г.Уянга, Д.Батцогт тэргүүтэй хүмүүс мөнгө авсан байх. Орон нутагт очоод тэс өөр зүйл ярьж байсан шүү дээ. Ийм жагсаал гэж юу байсан юм бэ” гэх нь дуулдав. Амлалт нэхэх ард түмний холбооныхон ийнхүү нэлээд сүр дуулиан болгож бэлтгэсэн жагсаалаа хийж, шаардлагаа хүргүүллээ.

Амлалт нэхэх ард түмний холбооны зохион байгуулсан цуглааны үеэр Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас гэр барих зөвшөөрөл олгоогүй тул цагдаагийнханд “Төв талбайд гэр майхан оруулахыг хоригло” гэсэн үүрэг холбогдох газруудаас өгөөд байсан. Энэ дагуу цагдаагийнхан гэр, майхан зөөж ирж болзошгүй автомашиныг Сүхбаатарын талбай руу оруулахгүй байв. Гэтэл оройхон тус хөдөлгөөнийхөнд Сүхбаатарын талбайд гэр барих зөвшөөрөл олгосон гэлээ. Өчигдөр 19.30 цагийн үед төв талбайд цуглаанд оролцогчид “Гэр барих зөвшөөрөл авсан, машинаар авчирч байгаа. Маргааш дахиад нэмж гэр барина” хэмээгээд эсгий туурган дээрээ сууцгааж байсан юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.