Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

СТРАДИВАРИЙН НУУЦ

Цагийн хүрд ухарсаар 1721 оны нэгэн шөнийг заалаа. Италийн Кремона хот дахь дэлгүүртээ домогт хийл урлаач Антонио Страдивари төрөхийн хүндрэлээс болж нас нөгчсөн эхнэрийнхээ дурсгалд зориулан шинэ бүтээл туурвих аж. Тэрбээр шинэ зэмсгээ эхнэрийнхээ цусаар будаж, “Red Mendelssohn” хэмээн нэрлэжээ.

Энэхүү түүхийг найруулагч Франсуа Жерард дэл – гэцнээ амилуулан, “Улаан хийл” киногоо бүтээсэн гэдэг. Антонио Страдивари амьдралынхаа турш хөгжмийн 1200 зэмсэг ур ласан гэдгийг судлаачид батал даг. Тэдгээрээс өдгөө 600 гаруй нь Их Британийн Хааны хөгжмийн академи, Америкийн Метрополитан музей, Конгрессын номын сан, Йелийн их сургуулийн сан хөмрөг болон цуглуулагчдад хадгалагдан үлджээ.

Страдиварийн урласан нэг хийлийн үнэ сая доллараас буудаггүй. Өнгөрсөн аравдугаар сард Италид болсон дуудлага худалдааны үеэр түүний “Molitor” хийлийг нэрээ нууцалсан эрхэм 3.6 сая доллараар худалдан авсан нь дэлхийн дээд амжилт тогтоосон юм. Бусад хийлээс ялгагдах зүйлгүй ч хосгүй гайхамшигтай аялгуу түгээдэг түүний бүтээлүүд үе үеийн хөгжимчид, урлагийн хорхойтнуудын сэтгэлийг гижигдсээр… Антонио Страдивари эхнэрийнхээ цуснаас өөр ямар нууцыг бүтээлдээ шингээсэн юм бол? Түүний бүтээл яагаад давтагдашгүй болдог байв?

НУУЦЫГ ТАЙЛЛАА

Америкийн Техасын A&M их сургуулийн биохимич, профессор Жозеф Нагивари 1976 онд “Будаг, лакны нарийн орц болон химийн урвалд Страдиварийн хийлийн аялгууны нууц оршдог” хэмээн таамаглал дэвшүүлэхэд хүн бүр түүнийг гайхан харсан гэдэг. “Антониогийн нууц ердөө энэ байсан гэж үү” хэмээв. Учир нь хүмүүс ямар нэгэн ид шид, нууцлаг зүйлсийг хүлээж байж. Харин Жозеф Нагивари 30 гаруй жилийн турш их сургуулийнхаа лабораторид модны зомгол шатааж, элдэв төрлийн будагч бодис, лак зэргийг урвалд оруулан туршилт хийсний дүнд зорилгодоо хүрчээ.

“Тухайн үед элбэг байсан хортон шавьжаас бүтээлүүдээ хамгаалж, фтор, хром, тунсаа буюу пироборын хүчлийн натри их хэрэглэдэг байжээ. Эртний египетчүүдийн шарил занданшуулахдаа хэрэглэдэг байсан эл аргыг Антонио мэддэг байсан нь түүний нууц юм” хэмээн тэрбээр тайлбарласан байна. “Антонио Страдивари геометрийн өндөр мэдлэгтэй байсан нь хийлийн бүтэц, царны хэмжээ, зузаан зэргийг нь нарийн тааруулдаг байсныг ихэнх хүн мэддэг. Түүнчлэн тэрбээр зэмсэг урлахдаа залуу мод сонгодог байсан” хэмээн профессор Нагивари ярьсан байна.

ХИЙЛЧЭЭС ХИМИЧ РҮҮ

Домогт Страдиварийн нууцыг тайлсан эрдэмтэн Жозеф Навигари есөн настайдаа хийл тоглож сурсан байна. Дунд сургуулийн найрал хөгжмийн хамтлагт гоцолдог байсан ирээдүйтэй хөг жимчин химич болохоор шийдсэн нь олон хүний гайхлыг төрүүлсэн гэдэг. Гэрийнхэн нь түүн рүү гайхан харж, “Бие чинь зүгээр үү” гэж асууж байлаа. Жозеф тэдэнд нууцхан инээмсэглэлээр хариу барина. Хожим тэрбээр “Эйнштейнийг агуу нээлтээ хийхэд нь хийл тусалсан гэдгийг анх сонсоод шинжлэх ухааны зам руу орохоор шийдсэн юм. Хийл тоглож байхдаа орчлон ертөнцийн талаарх бодол түүнийг эзэмддэг байж. Тийм ээ, би ирээдүйн Эйнштейн болохыг хүссэн” хэмээжээ. “Scientific American” сэтгүүлд өгсөн түүний ярилцлагыг хүргэе.


-Страдиварийн урласан хийлийн аялгууг сонссон хүн ер бусын хүчинд илбэдүүлсэн мэт болдог гэдэг. Тэрхүү эгшгийн нууц юунд оршдог вэ?

-Страдиварийн хийлийн аялгууг лааны гэрэл сүүмэлзэхтэй адилтгаж болно. Намуун зөөлөн, дотно мэдрэмж төрүүлдэг. Би 30 жилийн турш судалгаа хийхдээ өнөөдрийг хүртэл хадгалагдан үлдсэн 600 хийлийнх нь тал хувийг нүдээр үзэж, заримынх нь аялгууг сонссон. Тэдгээрийн аялгуу бүр давтагдашгүй байдаг юм билээ. Үнэндээ энгийн сонсогч энэ ялгааг сайн мэдэрч чаддаггүй юм. Зөвхөн хөгжим судлаач, шүүмжлэгчид л тэрхүү хийлийн аялгууг мэдэрч, ялгана.

-Хийл шинжлэх ухаантай холбогдсон нь сонирхолтой юм?

-Хөгжмийн хэмнэл, эгшгийн зохицол гэдэг тэр чигтээ шинжлэх ухаан шүү дээ. Тэр дундаа олон зууны турш хүмүүсийн зүрх сэтгэлийг татсаар ирсэн Страдиварийн хийлийг судална гэдэг хөгжим судлаач, шүүмжлэгчдээс илүүтэй эрдэмтдийн хийх ажил гэж би боддог. Түүний бүтээсэн хөгжмийн зэмсгийн дууны давтамж 2.000- 4.000 герцийн хэлбэлзэлтэй. Энэ нь хүний дуу чимээ хүлээн авах төвшинд хамгийн тохирсон хэмжээ юм. Тухайн хийл тоглож буй орчин, өрөөний хэмжээ томрох тусам дуу нь улам тод сонсогддог нь Страдиварийн зэмсгийн бас нэг онцлог. Өөрөөр хэлбэл, дууны чанга, сулыг өөрөө тааруулдаг тун ухаантай зэмсгүүд байгаа биз.

-Тэгээд энэ бүхний үндэс ердөө л химийн урвал гэж үү?

-Ердөө биш ээ. Бүхэл бүтэн химийн урвал гээч. Бидний хүн болох эсэх нь ч химийн урвалаас л хамаардаг шүү дээ. Ямар төрлийн бодисоор хийлээ арчсан, будгаа хэрхэн сонгосон нь тохиолдол байсан уу, эсвэл Антонио бодис зүйн ухааныг нарийн мэддэг байсан уу гэдгийг одоо хэн ч хэлж чадахгүй. Гагцхүү түүний бүтээлүүд гайхамшиг гэдгийг л бид мэднэ.

-Та яагаад түүний хийлийг судлах болсон юм бэ?

-1960-аад оны үед Швейцарьт сурч байхад Итали руу аяллаар явах завшаан тохиолдсон юм. Тэндхийн хуучин эдлэл, хөгжмийн зэмсгийн дэлгүүрээр ороход модны өтөнд идэгдсэн эд зүйлс олон харагдсан. Бяслагт байдаг нүхнүүдийг санаж байна уу, өт хорхой модон эдлэлийг яг тэгж нүхэлдэг юм билээ. Дараахан нь Антонио Страдиварийн музейд очиж бүтээлийг нь үзлээ л дээ. Тэгэхэд модны өтнүүд түүний хийлүүдэд огт хүрээгүй байсан. Тэрнээс хойш л Антониогийн нууц ямар нэгэн ид шид, увдис, эсвэл модны чанарт биш бодисын найрлагад байгаа юм болов уу гэх асуулт толгойд эргэлдэх болсон доо.

Сургуулиа төгссөний дараа би хортон шавьжийн эсрэг бэлдмэлүүд, тэдгээрийн нөлөөллийг дагнан судлах болсон. Энэ чиглэлээр мэргэшиж байгаа мэт харагдсан ч үнэндээ хийлийн нууцыг тайлахаар эртнээс бэлдсэн хэрэг. Судалгааны явцад Страдивари пироборын хүчлийн натриг хийл урлахдаа ихээр ашигладаг байсныг тогтоосон нь том алхам болсон. Тэрхүү натри мод, лак, бусад химийн бодистой нэгдсэнээр хийлийг бат бөх болгохын зэрэгцээ уран яруу эгшиг түгээхэд нь ч нөлөөлдөг байж.

-Нэгэнт нууцыг нь мэдсэнээс хойш Страдиварийн хийлтэй адил дуугаралттай зэмсэг бүтээж болох уу?

-Тогоочийн жорыг бүрэн тэмдэглэж, яг адил аргаар хоол хийсэн ч амт нь түүнийхийг гүйцдэггүй шүү дээ. Үүнтэй адил Антонио Страдиварийн аргаар хийл урласан ч түүний бүтээсэн зэмсгийн аялгууг гаргаж чадахгүй. “Жор”-ыг тайлсан нь Страдиваригийн авьяас билгийг үгүйсгэж байгаа хэрэг биш шүү дээ. Харин би өөрөө хийл урладаг болсон. Жимсний чанамал, өндөгний цагаанаас эхлээд ариутгагч бодисыг будганд уусган туршдаг. Би олон удаа бүтэлгүйтсэн. Гэхдээ алдаа бүр надад сургамж болсон учраас өнөөдөр энд сууж байгаа юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.