Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сталин хэний хүү вэ

Газар зүйч, тагнуулч генерал Николай Пржевальскийг Сталины эцэг гэж яагаад ч юм бэ үзээд байх юм. “Бүх ард түмний жолоодогчийн” удам судрын тухай маргаан одоо ч тасрахгүй байна. Ер нь хэн нэгнийг олны танил болохоор эцэг, эхийг нь сонирхоод эхэлдэг сонин зуршил хаа сайгүй байдагюм байна. Сталиныг шүтэн бишрээд эхэлмэгц л түүний өвөг дээдсийн тухай домгууд бий болжээ. Оросыг зөвхөн хаадын удам захирсаар ирсэн гэж үздэгээс жирийн нэгэн ийм үйлсийн эзэн байх учиргүй гэсэн бодол хүмүүст байдаг. Гэтэл үүнийг зөрчиж, жолоодогчоороо “харц” Сталиныг тодруулж гаргасан тийм хувьсгал Орост гарав.
Сталины эцэг хэмээн нэр алдартай олон хүнийг таамаглаж байснаас Оросын нэрд гарсан аялан явагч, Хятадад хааны зараалаар тагнуул хийж явсан генерал Николай Михайлович Пржевальскийн нэртэй холбоотой яриа хамгийн их тархсан нь юм. Тэгэхдээ Сталин овоглож байсан Виссарион Иванович Жугашвили гэгч хэн болохыг мэдэхгүйгээр энэ таамгийн талаар элдвийг хэлэх боломжгүй нь мэдээж. Виссарион Жугашвили 1850 оны орчимд Өмнөд Осетийн Диди-Лило сууринд төржээ. Тэрбээр осети үндэстэн байсан бололтой. Осети хэлээр “Жуга” гэдэг нь “сүрэг”, “швили” нь “хүү” гэсэн утгатай аж. Жугашвили гуталчин болж, 1874 онд хамжлагын тариачны охин Екатерина Геладзетэй суужээ.

1875 онд хүү төрөөд долоо хонолгүй нас барсан байна. 1876 онд бас нэг хүү төрсөн ч хагас жил болоод амьсгал хурааж. 1878 оны арванхоёрдугаар сарын 6-нд мэндэлсэн гурав дахь хүү Иосиф нь харин урт наслах хувьтай байв. Түүнийг эх нь өсгөсөн бөгөөд ганц хүүгээ лам болгох хүсэлтэй байлаа. Сталины эхийн зураг маш ховор, ямар ч байсан царайлаг эмэгтэй байсан гэдэг. Сталин эцэг нь тэдэнтэй хамт амьдраагүй аж. Түүнийг согтуудаа зодоон хийж байгаад 1890 онд алуулсан гэсэн яриа бий. …Хэрэв генерал Пржевальский Сталины эцэг юм бол тэрбээр 1878 оны хавар Гүржид байсан байх ёстой. 2009 онд Пржевальскийн 170, Сталины 130 насны ой болсон. 1878 он гэхэд Сталины ээж Екатерина Геладзе 22 настай, гуталчин Виссарион Жугашвилитэй суугаад дөрвөн жил болсон байжээ. Гэвч эх байхын жаргалыг энэ хугацаанд амссангүй. Ийм үедээ буюу 1878 оны эхээр энэ залуу бүсгүй Гори хотод байдаг өөрийн нэгэн садангийнд очихдоо тэнд зочилж ирээд байсан дунд зэргийн насны, царайлаг дэгжин, сахалтай, өндөр үнэтэй цэмбээр хийсэн дүрэмт хувцсан дээрээ олон одон зүүсэн орос офицертой танилцжээ. Тэр нь Николай Пржевальский байв. Смоленск нутгийн язгууртан, Алс Дорнод, Төв Азийг судлагч, эрдэмтэн Жанжин штабын олон даалгаврыг биелүүлсэн цэргийн сайн тагнуулч, эзэн хааны ордонд ихэд үнэлэгддэг байсан Пржевальский үнэхээр энэ үед Кавказад очсон, Геладзегийн ойрын садан Маминошвили гэдэг хэргэмтнийд амарсан гэж нэгэн судлаач үзэж байна. Түүний өгүүлснээр бол Пржевальский ч залуу гүрж бүсгүйн гоо үзэсгэлэн, өөрийгөө сүрхий авч яваад нь сэтгэл алдарч байжээ. Энэ бүсгүй бас ухаалаг, боловсролтой нэгэн байж.

Тэдний энэ уулзалтыг хувь тавилан гэлтэй. Тэд яваандаа биентэйгээ уулзах, цагийг хамт өнгөрөөх боломжийг алдахгүйг хичээх болжээ. …Иосиф хүү багадаа юугаар ч гачигдалгүй өсчээ. Пржевальский хүүгийн амьдрал, боловсролд нь зориулж Оросоос байнга мөнгө илгээж байв. Тэгэхдээ элдэв хэл амнаас болгоомжилж мөнгийг Маминошвилигээр дамжуулдаг байсан аж. Алсын хараатай “бүх ард түмний удирдагч” Смоленскийн газрын эзэн, хааны армийн генералын бутач хүү гэгдэж явснаас ядаж цаасан дээр ч гэсэн “цэвэр пролетари гаралтай” байсан нь зөв гэж үзсэн нь мэдээж. Тийм ч учраас 1878 онд биш, Пржевальский Хятадад байсан 1879 оныг төрсөн жилээ болгож сонгож авчээ. Ингэсэн тохиолдолд нэрт эрдэмтнийг түүний эцэг гэж хэн хэлэх билээ. Сталины үед хэвлэсэн нэвтэрхий толь бичигт Пржевальскийн зургийг Маркс, Энгельск, Ленинийхээс ч томоор, өнгөтөөр оруулсан байдаг. Пржевальскийн нэрэмжит алтан медалийг 1946 онд бий болгосон. Түүний тухай уран сайхны өнгөт кино ч “хийсэн”. Энэ бүхэн нь хүү нь төрсөн эцэгтээ хожуу ч гэлээ, босгосон “хөшөө” юм биш үү. Коммунист дарангуйлагч болсон хүү нь эцгийнхээ төлөө ийм юм хийхийг өөртөө зөвшөөрөлгүй яахав дээ. Бас нэг судлаач Пржевальскийн нууц дээр өөр юм нэмж байна. “Пржевальский 1878-1879 онд Горид байсан. Сурсан зангаараа өдрийн тэмдэглэлээ ч хөтөлж байж. Гэтэл Сталины засаглалын үед Пржевальскийн архиваас чухам энэ үеийнх нь тухай материалууд алга болжээ. Гэлээ ч хүүдээ зориулж Сталины ээжид Пржевальский мөнгө илгээж байсан тухай тэмдэглэсэн зүйл архивын материалыг устгахдаа хариуцлагагүй хандсан хэн нэгний “буруугаар” үлдэж хоцорсон байжээ”.

Сталин, Пржевальский хоёрын зураг үнэхээр төстэй юм гээч. Гэтэл тэдний зураг төстэй байгаа нь Сталины ээж Геладзе, Пржевальский хоёр энгэр зөрүүлсний үр дүн байх боломжийг эрс үгүйсгэсэн баримт бас цөөнгүй байна. Тэдгээрээс сонирхуулъя. Сталин шинэ тооллоор 1879 оны арванхоёрдугаар сарын 21-нд биш, хуучин тооллоор 1878 оны арванхоёрдугаар сарын 6-нд төрсөн болохыг хөдөлбөргүй тогтоосон гэж үзвэл алдарт аялагч 1878 оны 2-5 дугаар сард хаана байгаа вэ. Ялангуяа гуравдугаар сарыг онцгойлон авч үзэхээс аргагүй. Яагаад гэвэл хэвлийд үр тогтосноос хойш есөн сар орчим болж байж хүүхэд төрнө шүү дээ. Пржевальскийн хайгуулын анги Хятадад байхдаа 1877 оны наймдугаар сарын 28-нд Кульжен гэдэг газраас Гучен рүү шилжиж энд арваннэгдүгээр сарын 4-нд иржээ. Ийн нүүдэллэж явах үед хүмүүсийн ихэнх нь хүндээр өвчилж, 1878 оны тавдугаар сар хүртэл хаашаа ч хөдлөөгүй аж. Тэгээд хавар тийш хүмүүсийнх нь биеийн байдал илт сайжирч, тавдугаар сарын сүүлийн хагасаас Пржевальский Түвд рүү явахаар бэлтгэж эхэлжээ.

Гэтэл гуравдугаар сарын 20-нд ах Владимираас нь аймшигтай мэдээ ирсэн нь “өнгөрсөн оны зургадугаар сарын 18-нд ээж бурхан боллоо” гэсэн байв. Пржевальскийн хувьд үүнээс илүү муу мэдээ гэж байсангүй. Ээждээ их сайн хүн байж. Тиймээс ээжийнхээ шарилд хүндэтгэл үзүүлэхээр Смоленскод даруй ирсэн байж болох юм. Түүнээс гадна Бээжинтэй “улс төрийн үл ойлголцолд” хүрсний улмаас Хятад руу явалгүй Петербургэд эргэж ир гэсэн шийдвэр Пржевальский хүлээж авсан аж. “Ачлаганы тэмээнүүдээ, хайгуулын ангийн хэрэгсэлтэйгээ Зайсангийн харуул дээр орхиод би Петербургийг зорихдоо 1879 оны 1-2 дугаар сард дахиад замд гарна гэсэн итгэлтэй байлаа”. 1878 оны гуравдугаар сарын 31-нд буюу Петербург рүү буцахын нь өмнөхөн Пржевальскийн тэмдэглэлд “Өнөөдөр би 39 нас хүрлээ. Бие сайжирвал ирэх оны /1879/ хавар дахиад явна” гэсэн мөрүүд бичсэн байв. Энэ тэмдэглэл одоо архивт байхгүй гэж бичээд байна. Пржевальский 1878 оны тавдугаар сарын 20-дын үед Петербургэд иржээ. Түүнийг хөдөө нар, салхинд явахыг эмч нар зөвлөсөн аж.

“Миний баярласан гэж. Питерээс гарч Смоленскод сааталгүйгээр Отраднод очив” гэж Пржевальский бичсэн нь бий. Хурандаа /1886 онд генерал болсон юм/ Пржевальскийг хоёр жилийн хугацаагаар Түвд рүү явахыг 1878 оны арванхоёрдугаар сарын 14-нд зөвшөөрөв. Тэгээд 1879 оны нэгдүгээр сарын 20-нд Петербургээс гарлаа. “Замд онцгой явдал тохиолдсонгүй. Харин их л хүйтэн байлаа. Оренбург, Омск, Семипалатинскэд хэд хэд хоног саатав”. Пржевальский өөрөө бичсэн хийгээд сонинд мэдээлж байсныг харьцуулж үзвэл тэрбээр дайраад л өнгөрч байснаас биш, ирээдүйн жолоодогчийн ээжтэй аль ч талаар тухтай аятайхан уулзаж байгаагүй бололтой. Ердөө эрдэм шинжилгээний төдийгүй тагнуулын зорилготой хариуцлагатай алба хашиж байсан хааны армийн хурандаа 39 настай эр бүх ачаа бараа, материалаа аваад хүүхэд шиг гэнэн шийдвэр гаргаж хоёроос доошгүй долоо хоногийн хугацаагаар Кавказад амрахаар явчихна гэж төсөөлөхөд бэрх. Тэгээд ч тухайн үед төмөр зам тавих ажил Оросын зах хязгаар нутагт дөнгөж эхэлж байсан юм…

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.