Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

С.Оюун: Байнга л “алтан үе” байх юм шиг бодоод байж болохгүй

УИХ-ын гишүүн С.Оюунтай уулзлаа. Саяхан түүний ах, Монголын нийгэм, улс төрийн гарамгай зүтгэлтэн С.Зориг агсны төрсөн өдөр болов. Гэвч бидний яриа зөвхөн уул уурхай тойрон өрнөсөн юм. Мэргэжлийн геологич, намын дарга, хууль тогтоогч түүний үг уншигчдад маань сонирхолтой байх нь мэдээж билээ.

-Оюутолгойн үйл ажиллагаа эхлэхэд бэлэн болсон учраас энэ талаар эхний асуултаа тавьсан нь зөв байх. Хөрөнгө оруулалтын гэрээ сайн болсон, муу болсон гэсэн яриа, шүүмжлэл одоо ч хөвөрсөөр байна. Мэргэжлийн хүний нүдээр харахад энэ төсөл Монголд яаж нөлөөлөхөөр байна вэ?

-Монголд ганцхан асуудал байна гэж би бодож байгаа. Тэр нь ажилгүйдэл. Маш олон тулгамдсан асуудал байгаа л даа мэдээж, гэхдээ ажлын байр бол хамгийн том асуудал юм. Ажлын байрыг аль болох олноор бий болгож, хүмүүс орлоготой болж, амьдрал урагшлах хэрэгтэй байна. Гэтэл энэ тулгамдсан асуудал олон жилийн турш хэвээрээ л байгаад байдаг. Ядуурлын судалгааг 15 жилийн өмнө хийхэд монголчуудын 36 хувь нь ядуу байсан, одоо энэ үзүүлэлт 36 хувьтай хэвээр л байна. Хүмүүсийн тэвчээр барагдах гэж байна шүү дээ. Тэгэхээр ажлын байр, орлогыг л нэгдүгээрт тавих ёстой. Тэрийг хэн бий болгож чадах вэ гэхээр өнөөдрийн байдлаар уул уурхай, түүнийг дагасан дэд бүтэц, үйлчилгээ юм. Тиймээс энэ салбарыг аль болох дэмжээд, төр засаг зөв, оновчтой шийдвэрээ гаргаад, хүмүүсийг ажлын байртай л болгох хэрэгтэй. Оюутолгойн гэрээний хувьд дэлхий дээрх хөрөнгө оруулалтын гэрээнүүдээс хамгийн сайн нь ч биш, хамгийн муу нь ч биш гэж би ойлгож байгаа. Дундаж л байх. Гэхдээ цаг хугацаа их чухал байдаг юм байна шүү дээ. Оюутолгойг эдийн засгийн эргэлтэд оруулна гэж таван жил ярилаа, дахиад таван жил хүлээх юм бол тэр олон хүний ажлын байр л хойшлогдоно гэсэн үг.

Тиймээс цаг хугацаа алдалгүй шийдвэрээ гаргаад, эдийн засгийг хөгжүүлэх, ажлын байр, орлого бий болгох л хамгийн чухал байна. Энд бас Тавантолгойн асуудал сөхөгдөх байх. Тавантолгойг ашиглалтад оруулах тал дээр 2008 онд УИХ-ын тогтоол гарсан. Засгийн газарт даалгавар өгснөөс хойш хоёр жил болж байна гэсэн үг. Зөв, оновчтой шийдвэрээ Засгийн газар УИХ-д оруулж ирээд, хууль тогтоогчид оновчтой шийдээд, ажил урагшлаасай, олон хүний ажлын байр бий болоосой л гэж хүсэж байна даа. 2006 онд Ашигт малтмалын тухай шинэ хууль батлагдаж, 2007 онд стратегийн 20 гаруй ордын жагсаалтыг УИХ баталсан. Нэгэнт стратегийн орд гээд л нэрлэчихсэн учраас Тавантолгойн гэрээ заавал УИХаар орж, хэлэлцэгдэх учиртай. Гэхдээ төр засаг нэг ордод, нэг гэрээнд тав, зургаан жил зарцуулаад байвал тэр хэрээр л боломжууд хойшлогдоно гэсэн үг. Оюутолгой, Тавантолгойгоос гадна дараагийн стратегийн ач холбогдолтой ордуудаа эргэлтэд оруулах нь маш чухал байх аа.

-Тавантолгойг төр 100 хувь эзэмшихээр болж байна. Үүнийг тендерт оролцож буй гадаадын компаниуд яаж хүлээж авах бол. Ер нь манайд энэ томоохон ордыг өөрсдөө ашиглах техник, технологийн, хамгийн гол нь хөрөнгө мөнгөний бололцоо бий юү?

-Төр 100 хувь эзэмшсэн ч гэсэн “контракт майнинг” буюу гэрээгээр ашиглуулна гэж би ойлгосон. Энэ бол байдаг л хувилбар. Боломжийн гэж би хувьдаа үзэж байгаа. Дорж гэдэг хүн 100 хувь эзэмшиж байгаа ч гэсэн Дулмаа гэрээгээр бүх хөрөнгө мөнгөө босгоод, ажлаа хийгээд, олборлоод, тэгснийхээ төлөө ашгийнхаа ч юм уу, бүтээгдэхүүнийхээ тодорхой хувийг авна. Тэр Дулмаа дотоодынх ч байж болно, гадаадынх ч байж болно. Ийм л гэрээ орж ирнэ гэж би ойлгоод байгаа шүү дээ. УИХ-д хараахан өргөн бариагүй болохоор нарийн ширийнийг нь сайн мэдэхгүй байна л даа.

-Тавантолгойг үндэсний компаниудад ашиглуулах нь дээр гэсэн санал сүүлийн үед нэлээд гарах болсон. Оюутолгойн хувьд бол гүний уурхай учраас манайд техник, технологийн боломж байхгүй. Харин нүүрс олборлох тал дээр үндэсний компаниуд гайгүй туршлагатай болчихсон шүү дээ.

-Үндэсний компаниудад техник технологи, санхүү, мэргэжлийн чадавхи байвал оролцуулах л ёстой. Гэхдээ манай компаниуд туршлагатай болсон гэж шууд хэлчихэж болохгүй болов уу. MCS, “Петровис” зэрэг Монголын тэргүүлэх компани оролцож байгаа ч гэлээ “Энержи ресурс”Австралийн нүүрсний салбарын “Leighton” компанийг ажиллуулж байгаа шүү дээ. Үндэсний томоохон компаниуд маань өөрсдөө хийхгүй, тэр чиглэлээр мэргэшсэн гадаадын компанийг ажиллуулж байна гэдэг нь бас нэг юм хэлээд байна аа даа, тийм ээ? Өөрөөр хэлбэл, үндэсний компаниуд боломжтой бол оруулах л хэрэгтэй. Монголчууд маань зэрэгцээд бас сурна шүү дээ. Өнөөдөр чадахгүй байлаа гэхэд маргааш чадна гэж итгэж байгаа. Чили улс анх уул уурхайн салбартаа гадаадын хөрөнгө оруулалтыг асар ихээр татаж чадсан. Эхэндээ ихээхэн тааламжтай нөхцөлүүдийг хөрөнгө оруулагчдад бий болгосон гэдэг. Тэгээд явцын дунд үндэсний компаниа байгуулсан шүү дээ. Одоо “Коделко”-г дэлхий даяар мэднэ. “Коделко” явцын дунд сураад, дэлхийд томоохонд тооцогдох компани болсонтой адил Монголд зориуд бодлогоор үндэсний компаниудыг оруулж, чадавхийг нь нэмэгдүүлэх нь чухал байх. Тавантолгой бол дэлхийн хамгийн том нүүрсний ордуудын нэг. Тэгэхээр энд орчин үеийн дэвшилт техник, технологийг нэвтрүүлэх нь чухал. Манайх бол “Эрдэнэт”-ээс өөр томоохон орд ашиглалтад оруулж байгаагүй.

-BHP “Рио Тинто”-гийн нэгдэх асуудал сүүлийн үед бас сөхөгдөх боллоо. “Рио Тинто” манай Оюутолгой ордод Засгийн газартай хамтран ажиллахын хувьд дээрх нэгдэл Монголын уул уурхайд яаж нөлөөлөх бол. Та энэ компанид ажиллаж байсан хүний хувьд юу гэж бодож байгаа вэ?

-Нэгдэх, нэгдэхгүй тухай асуудлыг сонин хэвлэлээс л уншиж байгаа. Нэгдлээ гэхэд миний бодлоор нэг их сүртэй өөрчлөлт орохгүй л болов уу. Нэгэнт л гэрээ байгуулаад, үүрэг хүлээчихсэн шүү дээ. Түүнийхээ дагуу л үйл ажиллагаа явуулах байх гэж бодож байна.

-Гэхдээ томоохон компаниуд нэгдэхдээ бүтцийн өөрчлөлт хийж, зарим төслөө царцаах, ажилчдаа цомхтгох асуудал гардаг шүү дээ.

-Би “Рио Тинто”-д ажиллаж байсан ч, төслийн геологич хийж байлаа. Тэдний судалгааны төвд ажиллаж байсан учраас хөрөнгө оруулалт зэргийн нарийн ширийнийг мэдэхгүй байна л даа. Тухайн үед “Рио Тинто” Англид төвтэй, RTZ гэдэг нэртэй байсан юм. Тэгээд Австралид төвтэй CRA компанитай нэгдэж, “Рио Тинто” бий болсон юм шүү дээ. Тэгэхдээ Лондон, Австралийн хөрөнгийн биржэд бүртгэлтэй, Англи-Австралийн компани гэж явдаг болсон. Нэгдсэнийхээ дараа “Рио Тинто” өмнө нь хүлээсэн үүргүүдээ, хайгуул олборлолтуудаа үргэлжлүүлээд л явж байсан. Ер нь 1997-98 онд ашигт малтмалын үнэ унаж байсан үе л дээ. Үүнээс болж томоохон компаниуд, тэр дундаа BHP ч гэсэн бүтцийн өөрчлөлт хийж, олон хүнийг ажлаас нь чөлөөлсөн. Зөвхөн томоохон компани гэлтгүй, нэлээд олон алтны уурхай хаагдаж байлаа. Алт олборлох өртөг 200-250 доллар байхад унц нь 250 доллар болтлоо бууж байсан үе шүү дээ. Уран гэхэд л тухайн үед фунт нь 8-9 доллар байсан, уржнан 140 доллар болтлоо өсөөд, одоо дунд хугацаанд 80-90 доллар дээр тогтоно гэсэн таамаглал гарч байна. Ашигт малтмалын үнэ байнга хэлбэлзэж байдаг юм шүү гэдгийг л бид санах хэрэгтэй гэж хэлэх гээд байна л даа. Энэ нь компаниудын үйл ажиллагаа төдийгүй улс орнуудын төсвийн асуудалд ч нөлөөлдөг. Байнга л “алтан үе” байх юм шиг санаад явж болохгүй шүү дээ.

-Төсвийн тогтвортой байдлын тухай хууль батлагдчихвал үүнийг зохицуулна гэж яриад байгаа.

-Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг УИХ-д өргөн барьсан, одоо хэлэлцэх гэж байна. Үүнийг би их чухал хууль гэж бодож байгаа. Ашигт малтмалын үнэ өндөр байсан ч төсөвт үүнийг болгоомжтой тусгах хэрэгтэй. Зэсийн үнэ тухайн жилд тонн нь 8000 доллар байна гэсэн таамаглал байлаа гэхэд 6000-аар төсөвлөдөг, үлдсэнийг нь хуримтлуулдаг байх жишээтэй. Өнгөрсөн жил зэсийн үнэ 3000 доллар болтлоо унасан даа. Тийм үед л нөгөө хуримтлалаа ашигладаг байхад л энэ хуулийн ач холбогдол оршиж байгаа болов уу. Манай төсөв 15 жилийн турш алдагдалтай байсан бол хямралаас өмнөх гурван жилд төсөв төлөвлөж байснаасаа илүү гарч байсан шүү дээ. Гэхдээ энэ нь сайндаа ч биш, зэсийн үнэ өндөр байсантай л холбоотой. Тэрийгээ бид хуримтлуулж чадаагүй. Одоо энэ хууль батлагдаасай л гэж бодож байна.

-Ашигт малтмалын орлогыг хэрхэн зөв, зүйтэй зарцуулах ёстой вэ. Та бол бэлэн мөнгө тараах нь буруу гэсэн байр сууриа нуудаггүй. Би “Эх орны хишиг”, “Эрдэнийн хувь”-ийн талаар асууж байна л даа.

-Эрдэс баялгийн орлогоо зөв зохистой ашиглах нь дэлхийн хэмжээний томоохон асуудал болчихоод байна. Манай улстөрчид 2008 оны сонгуулиар хариуцлагагүй амлалт өгснөөс болж, эдийн засгийг хөлдөө чирэх буруу шийдвэр гарчих вий гэдэгт их санаа зовж байгаа. Мэдээж хүмүүст мөнгө хэрэгтэй, тэрийг өгүүлэхгүй гэж байгаадаа биш. Байхгүй юмыг амласныг л би “хариуцлагагүй амлалт” гэж байгаа юм. Хүн бүрт 1-1.5 сая төгрөг тараах хэмжээний хөрөнгө 2008 оны төсөвт байгаагүй, 2010 оны төсөвт ч алга. Оюутолгой, Тавантолгойгоо эргэлтэд оруулсан ч бодитойгоор тэр их мөнгө багаар бодоход л 5- 6 жилээс наашгүй. Тэгэхээр нэгдүгээрт, байхгүй юмыг амласан нь хариуцлагагүй. Хоёрдугаарт, орлого орж ирсэн ч бэлэн мөнгө тараах бас л хариуцлагагүй. Инфляцыг хөөрөгдөхөөс эхлээд л сөрөг үр дагавар их. Ер нь хүн хөдөлмөрлөж, бүтээгдэхүүн, баялаг бий болгож байж л ажлынхаа хөлс, урамшууллыг авч, нэмүү өртөг бий болгох ёстой шүү дээ. Гэтэл юу ч хийгээгүй, бүтээгээгүй байхад мөнгө тараана гэдэг нь буруу л бодлого. Одоо 70.000 төгрөг тарааж байна. Улаанбаатарын хог дийлдэхээ байлаа гэж яриад байгаа. Тэгвэл нийслэлчүүдээр хогоо цэвэрлүүлээд, түүнийх нь хөлсөнд 70.000 төгрөгөө тараавал ядахдаа хот цэвэрхэн болно биз дээ? Хүмүүс ч хөдөлмөрийнхөө хөлсийг авч байгаа хэлбэр болно. Цаашлаад ажилгүй хүмүүс нэг удаа 70.000 төгрөг авахдаа биш, ажлын байртай л болохыг бодож байгаа шүү дээ. Хэзээ нэгэн цагт нэг сая төгрөгийн хишиг хүртэхдээ гол нь биш, сая төгрөгийн цалинтай ажилтай болъё л гэж бодож байгаа ш дээ, мэдээж.

-Гэхдээ л 1.5 сая төгрөгийн хишиг хүртээнэ гэдэг шийдвэр гарчихлаа…

-2012 оны сонгуулийн өмнө амлалт өгсөн, эрх барьсан намууд хишгээ хүртээхийн тулд зүтгэхээс өөр аргагүй. Нэгэнт өнөөдөр мөнгө байхгүйгээс хойш буруу аргаар энэ мөнгийг олох гээд улайрчих вий гэхээс л айж байна. Урьдчилгаа 1-2 тэрбум доллар өгсөн компанид л Тавантолгойг ашиглуулна гэх мэтийн дэл сул яриа яваад эхэлж байна шүү дээ. Гэхдээ би буруу мэдээлэл авсан ч байж магадгүй.

-Одоо ч гэсэн 70.000- ыг тараахдаа Оюутолгойн урьдчилгаа төлбөр буюу хүүтэй зээлийг л ашиглаж байгаа биз дээ?

-Тийм, тэгэж байгаа. Тэр 1- 2 тэрбум долларын урьдчилгаа төлсөн хүнд нь Тавантолгойг өгье гэж байгаа нь үнэн бол тэр их хэмжээний мөнгийг бэлнээр төлөх чадвартай газар дэлхийд ховор шүү дээ. Одоохондоо ганц хоёрхон л орон байгаа байх. Энэ чинь хараат болно, нэг юманд баригдана л гэсэн үг. Эрх баригчид бодлогоо чөлөөтэй, бие даасан байдлаар явуулж чадахгүй, амлалтдаа баригдаад байгаад л их санаа зовж байна даа. Хоёулаа эдийн засаг, уул уурхай ярина гэсэн чинь улс төр болоод явчихлаа шүү.

-За тэгвэл ажлын байрны талаар ярих уу. Ажилгүйдэл маш том асуудал болсон. Оюутолгой, Тавантолгойг бушуухан ашиглалтад оруулснаар энэ асуудлыг шийдвэрлэхэд нэмэртэй гэж Та хэлсэн дээ. Гэхдээ тэр их ажлын байрыг хангах инженер, техникийн мэргэжилтэн, мэргэжилтэй ажилчин Монголд байхгүй. Хүмүүсээ яаралтай сургах тал дээр төр, засгаас хэрхэн анхаарах хэрэгтэй вэ?

-Үнэхээр хамгийн тулгамдсан асуудлуудын нэг энэ л дээ. Одоо ажлын байр бий болсон ч гэлээ том асуудал үүснэ. Мэргэжлийн сургалтын төвүүдэд сүүлийн хоёр жилд арай илүү анхаарал хандуулж байгаа. Энэ нь ч зөв. Мэргэжлийн сургалтын төвүүдэд сурдаг хүүхдүүдэд тэтгэмж өгдөг боллоо, ингэснээрээ хүмүүсийг татаж байна. Мянганы сорилтын сангийн хөтөлбөр хэрэгжиж байгааг ч сайн гэж бодож байна. Гэхдээ л илүү их анхаарал хандуулах ёстой. Ер нь цаашид томоохон төслүүд дээр гэрээ хэлэлцээр хийхдээ залуучуудыг сургах, боловсон хүчин бэлдэх асуудлыг түлхүү оруулах хэрэгтэй байх. Уул уурхайгаас бий болох орлогоос боловсролд хөрөнгө оруулах нь маш чухал. Мэдээж богино хугацаандаа уул уурхайн мэргэжилтэн бий болгоно. Дунд, урт хугацаанд бидний тогтвортой хөгжлийн гол зам боловсрол л болно. Мэдээж ганц уул уурхайгаар хөгжинө гэж юу байх вэ дээ, эрсдэлтэй салбар. Мөнгөтэй болж, боловсролдоо аль болох их хөрөнгө оруулж чадвал бидний ирээдүй баталгаатай болж байна гэсэн үг.

-Ер нь уул уурхайн салбарын ирээдүйг Та яаж харж байгаа вэ?

-Сүүлийн 20 жилд бид улс орноо хөгжүүлнэ гэж зөндөө л хичээлээ. Дотоодынхоо үйлдвэрийг дэмжинэ ч гэж ярилаа, гадаадын хөрөнгө оруулалтыг татна ч гэж ярилаа. Гэтэл яг бодит амьдрал дээр гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид зөвхөн уул уурхайн салбарыг л сонирхож байна. Мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлэх гэхээр амаргүй байгаад байдаг. Хэцүү л дээ. Хүн ам багатай учраас ийм жижигхэн зах зээлтэй газар хөрөнгө оруулах сонирхол бага байна. Дотоодын бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа тэлье гэж бодсон ч зах зээл жижиг болохоор хэцүү. Дэлхийн зах зээлд бүтээгдэхүүнээ гаргаж байж л үйл ажиллагаагаа тэлэх боломжтой. Гэтэл бүтээгдэхүүнээ гадаадад гаргахын тулд өрсөлдөх чадвар хэрэгтэй. Ноолуурыг аваад үзэхэд л асуудалтай байна. Аялал жуулчлалаа тэлье гэхээр бас л хязгаарлагдмал. Бид 20 жил хөгжих гээд чадсангүй. Азаар ашигт малтмалын үнэ өссөнтөй холбоотойгоор уул уурхай, түүнийг дагасан дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулах сонирхол бий болж байна шүү дээ. Тэгэхээр энэ боломжоо зөв зохистой ашиглаад, хүмүүсийн амьдралыг дээшлүүлэх нь чухал. Мэдээж зэрэгцээд эрүүл мэнд, боловсрол зэргээ хөгжүүлэх ёстой. Мөн сүүлийн 20 жилд нөгөө алтны шороон ордууд уул усаа сүйтгэсэн шиг уул уурхай хөгжиж л байвал гээд байгаль орчноо гаргуунд нь гаргаж бас болохгүй.

-Байгаль орчин гэснээс нэг урт нэртэй хууль гарсан даа. Ой, усны сав газарт ашигт малтмал хайх, олборлохыг хориглох тухай хууль амьдрал дээр хэрэгжих боломжгүй, нинжа нарт боломж өгч, байгаль орчныг улам сүйтгэнэ гэсэн шүүмжлэл нэлээд гарах болсон.

-Амьдрал дээр үнэхээр хэрэгжихгүй байна гээд яриад байгаа, тийм ээ? Уул уурхайн үндэсний чуулганд оролцох үед хамгийн гол шүүмжлэл энэ хууль дээр л төвлөрч байна лээ. Бодит амьдрал дээр хэрэгжих замаа олохгүй байвал хууль санаачлагчид эргэж хараад, хэрэгжих байдлаар нь боловсруулах, эсвэл дүрэм журмаа гаргахдаа хэрэгжих талаас нь бодолцох хэрэгтэй болов уу. Нөхөн олговор өгнө гээд байдаг, яаж өгөх гээд байгаа юм бүү мэд. Ер нь их ойлгомжгүй хууль. Санаа нь сайхан ч гэсэн амьдрал дээр хэрэгжих боломж муу байна.

-Тэгвэл уул уурхайн салбарын хөгжлийг байгаль хамгаалалтай яаж уялдуулбал зүгээр юм бол оо?

-Монголын уул уурхай гэхээр л алтны шороон ордууд харагдаад байдаг шүү дээ. Бай галь орчноо нөхөн сэргээж ча даагүй, уул ус горхио сүйтгэчихсэн. Сүүлдээ нинжа нар гарч ирээд, тэднийгээ ч зохицуулж чадахгүй байна. Ер нь байгаль орчин талаасаа уул уурхайн дүр зураг маш “бараан” байна шүү дээ. Болдогсон бол зөвхөн томоохон уурхайнуудаа дэлхийн жишгийн дагуу хөгжүүлээд, бусдыг нь нөөцөлчихмөөр. Орчин үеийн дэвшилт технологи ашигладаг, байгаль орчноо нөхөн сэргээдэг, тэгэхдээ дэлхийн хэмжээний стандартыг мөрддөг байдлаар цөөн хэдэн томоохон ордоо хөгжүүлээд, түүнийгээ дагаад дэд бүтэц, үйлчилгээнийхээ хүрээнд олон ажлын байр бий болгоод явмаар байна. Хүн ам цөөтэй учраас тэртэй тэргүй хангалттай ажлын байр бий болох байх гэж бодож байна л даа. Заавал жижиг ордууд, шороон ордуудыг олборлоод, байгалиа сүйтгээд баймааргүй байна. Гэхдээ яг одоохондоо томоохон ордуудаа эргэлтэд оруулж чадахгүй байна шүү дээ. Хоёр толгойгоо ойрын хугацаанд ашиглаж эхэллээ гэхэд бусдыгаа урагшлуулж чадахгүй байгаа учраас нэг тийм шилжилтийн үед л бид орчихсон байх шиг байна.

Д.МӨНХЧИМЭГ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.