Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сонирхоод байх улс төр алга ч солиотой гажуу юм харагдаад байна

УИХ-ын гишүүд амраад тал тал тийш одлоо. Улс төр тэдэнд сонин биш байна, одоохондоо. Тархи толгойгоо амрааж, салхинд зугаалахыг мань хэд чухалд үзэж буйг нь буруутгах аргагүй. Намрын чуулганы сүүлийн хэдэн өдөр амьсгаа авах завгүй шахам ажиллаж, хууль бөөндсөн гишүүд шөнө дөлөөр завсарласан юм.

Тэгэхээр сайн амрах эрхтэй. Ерөнхий сайд, МАН-ын дарга гадаадад, УИХ-ын дарга гэр зуураа, Ерөнхийлөгч хөдөө яваа. Улс төр, төр ийн амсхийх нь үү гэтэл үгүй юм аа. Эрх баригч МАН, АН-гүй “сонирхолгүй” улс төрийг хэсэг хүн эхлүүлэв. Үйл явцын угийг харахаар намууд нэгдэх тийшээ явах нь зөв юм. Хэдэнтээ эвсэж, салсны эцэст АН, МАН хамтарсан Засгийн газрыг дажг үй аваад явчихаж байгаа. ИЗН, НН нам нэгдэх бодит алхмаа хийлээ. Ордноос гадуурх намууд ч нийлж, нэгдэхээ ил тод зарладаг. МАН-тай нэг замаар явахаас татгалзсан МАХН нэрийн дор нэгдэгсдийг эс тооцвол Монголын улс төр ер нь аятайхан харагдаад байсан юм.

Өргөн уудам нутагтай, тархай сийрэг амьдран суудаг, “акулуудын” ангайсан амны дор очсон монголчуудын хувьд намууд нэгдэх ,нийлэх нь муу юм яавч биш. Яах вэ, өвөр түрийдээ орлоо, намыг маань устгалаа гээд од болохын хүсэлд автсан жижиг гарууд байсаар ирсэн. Байх ч болно. Энэ бол тэдэнд таарсан жижиг асуудал юм. Гэсэн ч жижиг асуудал, сонирхолгүй улс төрийг сонжихгүй хаячихаж бас боломгүй санагдах боллоо.

Ерөнхийдөө улс төрийн намууд төлөвших, жигдрэх замдаа ороод эхэлсэн ч түүнд хорссон ч юм уу, яадаг ч юм тодорхойгүй сэдлүүдийг зарим хүн гаргах болсон нь ажиглагдаж байна. “Улс төрийн намуудын задрал, нэгдэл” сэдэвт хэлэлцүүлэг өчигдөр “Пума империал” ресторанд болсон юм байна. Ерөнхийлөгч, МАХН-ын дарга асан Н.Энхбаяр түүнийг нээж, Ерөнхий сайд асан М.Энхсайхан, Чингис хааны отгон хүү Тулуйн удмын ханхүү гэх Ч.Давааням, судлаач С.Молор-Эрдэнэ нар илтгэл тавьжээ. МАН, АН уг хэлэлцүүлгийг тоож очоогүй болохоос бусад бүх намын төлөөлөл тэнд ирсэн бололтой юм билээ. Энэ хэлэлцүүлэгтэй зэрэгцээд МоАХ-ны байранд “МоАХ-ны анхдугаар их хурлаас хойших ардчиллын дархлаа” гэсэн хэлэлцүүлэг бас болжээ.

Улсын баатар, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, төрийн шагналт, жүжигчин Д.Сосорбарам нар тэндхийн арга хэмжээний гол хүмүүс байсан гэнэ. Эсрэг тэсрэг үзэл бодолтнуудын хэлэлцүүлгүүд санамсаргүй тохиолдлоор давхцав уу, санаатайгаар бие биеэ давж гарах гэж үзээд байна уу гэдэг нь харин сонин байгаа юм. Сүүлийн үед Э.Бат-Үүл болзошгүй том аюулын тухай байн байн ярих болж, түүнээс сэргийлсэн хууль-эрх зүйн орчин бий болгох талаар ихээхэн чармайлттай ажиллаад байгаа нь учир мэдэх хүмүүсийн анхаарлыг татах болсон юм. Н.Энхбаяр эд нар нийлээд нам байгуулах гэж байгаа юм хэмээн Ц.Нямдорж таван жилийн өмнө тааварлаж байсан нь өнөөдөр биеллээ олоод байна.

Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах бүхий л боломжийг хаахын төлөө ажиллана гэдгээ Э.Бат- Үүл мэдэгдсэн бол “Долдугаар сарын 1”-нийх шиг үймээн гаргуулахгүй нь төлөө би ХЗДХийн сайдаар ажиллаж байгаа гэдгээ Ц.Нямдорж эрс шулуун хэлсэн. Өнөөдрийн улс төрд үнэндээ сонирхоод байх юм тун бага байна. Гэсэн ч солиотой гажуу зүйл мэр сэр гэлтгүй харагдаад байгааг юу гэх вэ?

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.