Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сонгууль угтсан улс төр: Баян-Өлгий

 Баян-Өлгий ер нь “улаан” талдаа тойрог. Таван удаагийн сонгуулийн дөрөвт нь МАН-аас нэр дэвшигч ялж байв. Гэхдээ огцом “цэнхэртэж” бас чаддаг. 1992, 1996, 2000 онд МАН-ын нэр дэвшигчдийг сонгож байв. Харин 2004 онд анх удаа АН-ын гурван гишүүнийг УИХ-д сонгосон. Нөгөөдүүл найдваргүйд тооцогдсон уу, эргээд МАН-ыг “100 хувь” дэмжсэн юм. Гэхдээ манай зарим тойргийн сонгогчид шиг нэг хүнийг “тахин шүтээд” байхгүй. Ер нь тодорхойлоход түвэгтэй тойргийн нэг. Р.Сандалхан, А.Болат, Т.Султан, Х.Жекей нарыг л тус бүр хоёр удаа сонгож байжээ. Баян-Өлгий аймаг УИХ-ын хоёрдугаар тойрог гэж явдаг. Шинэ хуулиар 2012 онд хоёр мандат ногдоно. Цөөнхийн төлөөлөл гэдэг утгаар нь пропорционалиар сонгогдох 28 дотор 1-2 хүн УИХ-ын гишүүн болох магадлалтайг үгүйсгэхгүй.

МАН, АН 28 суудлыг хувааж эзлэхээр бол цөөнхийн төлөөллөөс нам тус бүр нэг хүн оруулж мэднэ. Тэгэхээр дараагийн УИХ-д дөрвүүлээ ч болж магадгүй. Намын нэрээр авсан саналд хоёулаа казах түмнээс нэг нэг хүн оруулахгүй бол аль нэг тал нь улс төр хийхээс сийхгүй. Манай нам цөөнхийг дэмждэг. Гэтэл эднийх гэсэн агуулгаар хандана. Эсвэл Баян- Өлгийгөөс гурван гишүүн суудгаа болиод ердөө тойргоос сонгогдсон хоёр дээр ч тогтохыг үгүйсгэх арга алга. Тооны хувьд хоёр ба дөрөв гэсэн хувилбар байна. Ингээд ээлжит тандалтаа үргэлжлүүлье. Хоёрдугаар тойрогт хэн хэн нэр дэвшихээр зэхэж байна вэ?

А.Мурат, Ч.Куланда& Х.Жекей, Ж.Сауле

АН-ын хувьд нэр дэвшигчид нь бараг тодорхой болоод буй. 2004-2008 оны УИХ-ын гишүүн асан А.Мурат нэр дэвшинэ гэдгээ БСШУ-ы дэд сайд Ч.Куландагийн дараа илэрхийллээ. Сонгуулийн хуулийн дагуу нэр дэвших сонирхолтой этгээд зургаан сарын өмнө төрийн албанаас чөлөөлөгдөх ёстой. Тэр дагуу А.Мурат Гаалийн ерөнхий газрын дэд даргын суудлаа хүлээлгэж өгчээ. Ийн тэрбээр дэвших нь тодорхой болов. Ч.Куландагийн хувьд нэр дэвшигчийн татвараа намдаа төлөөд эхэлсэн. АН горилогсдоосоо 50 сая төгрөг хурааж байгаагийн талыг нь өгсөн гэдгээ өөрөө хэлнэ лээ. Тэрбээр 2000 оны сонгуулиар Баян-Өлгийд МоАН-аас нэр дэвшин өрсөлдөж, 23 хувийн санал авч Р.Сандалхан гуайн дараа орж байсан. Булангийн орнуудад суугаа Элчин сайд К.Сайрааныг нэр дэвшинэ гэсэн сураг бий ч өөрөө энэ тухайгаа ам нээгээгүй. Бараг л дэвшихгүй болов уу гэж зарим эх сурвалж ярьж байна. Ийн АН-ын нэр дэвшигчид бараг тодорч байна. Угаас эднийх цөөн хэдэн хүний хүрээнд л эргэлддэг.

МАН-ынхны хувьд нэр дэвших хүмүүс нь “чихэлдэж” байгаа гэлцэнэ. УИХ-ын гишүүн А.Баделхан нэр дэвших сонирхолгүй, шинэ залуусаа дэмжинэ гэсэн сурагтай. Х.Жекей, А.Тлейхан нар дахиад үзэх сонирхлоо огт нуухгүй байгаа. Орхон аймгийн ИТХ-ын дарга К.Даулетбай олон жилийн дараа нутагтаа очиж мандат өвөрлөх сонирхолтой юм гэдэг. Маш тодорхой болсон нэг нэр дэвшигч бол ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле. С.Баяр түүнийг өөд нь татсанаас хойш улс төрийн идэвх нь эрс нэмэгдсэн юмдаг. Заримдаа Монголын топ улст өрчдийн урд “гишгэчихсэн” яваа харагддаг. Нэг сайтаас явуулсан топ эмэгтэй улстөрчдийн чансааны 18-д бичигдсэн байсан. Ч.Куланда уг жагсаалтын 27-д эрэмблэгдсэн аж. Засаг дарга С.Хавалд бас санаа байхыг үгүйсгэхгүй. Аймгийнхаа шилдэг улстөрчөөр шалгарч байсан гэж байгаа. Гэхдээ энэ удаа дэвшихгүй л болов уу. Т.Аубакир, Д.Бауржин гэдэг залуусын нэр бас дуулдах болсон.

Бидэнд байгаа мэдээгээр Монголын казахуудаас төрсөн хоёр дахь генерал Х.Жекейгээр командлуулаад Т.Аубакир гэдэг залууг Баян-Өлгийн тойрогт МАН-ын залуучуудын байгууллага нь нэлээд зүтгүүлэх юм гэнэ билээ. Хувь хүнийхээ хувьд би нэр дэвшинэ гэдгээ албан бусаар мэдэгдсэн хоёр нь бол Ж.Сауле, Х.Жекей нар юм. Шинэ хүмүүсийн талаар товч мэдээлэл өгье. Т.Аубакир нь Сэлэнгэ аймагт төрж, тэндээ ажиллаж амьдарч байжээ. Аав нь олон жил Сангийн аж ахуйд хариуцлагатай албан тушаал хашиж байсан нэгэн гэх сураг гарсан. Баян-Өлгийд тоотой хэдэн удаа очиж үзжээ. Тус аймгийн Нийгмийн ардчилал-Монголын залуучуудын холбооны тэргүүний сонгуульт алба хашдаг юм байна. Энэ ажлаа ерөнхийд нь хотоос удирдан чиглүүлж суудаг хүн дээ гээд ах гишүүдийнх нь зарим нь ам сайнгүй байна билээ.

Д.Бауржиний хувьд Х.Жекей гишүүний туслах юм гэсэн. Баян-Өлгийд өрнөх тулааны урьдчилсан тойм ийн харагдаж байна. АН-ын Ч.Куланда, А.Мурат, МАН-ын Х.Жекей, Ж.Сауле нарын хооронд л 2012 оны сонгуулийн гол өрсөлдөөн бараг болох болов уу. Хамгийн сүүлд Баян-Өлгийд болсон Цагааннуур тосгоны захирагчийн сонгуулиар багцаалбал МАН-ын рейтинг арай илүү харагдана. МАНын нэр дэвшигч 58.6, АН-ынх 40.2 хувийн санал авсан байсан.

Го.ЭНХТӨР

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.