Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сонгуулийн үеэр гардаг бичиг баримтын зөрчлөөс сална

 Монгол Улсын иргэн гэдгийг батлах албан ёсны баримт бичгийг 1951 оноос олгож эхэлсэн бололтой юм. Тэр үеэс хойш хүн бүрт төрсний гэрчилгээ бичиж өгдөг болсон байна. Одоо бидний нэрлээд буй иргэний үнэмлэхийг анх 1968 онд хэрэглэж байжээ. Сүүлд паспортжуулах аян өрнүүлж, 1981 онд бүх иргэнээ хамруулж дууссан гэж үзэв. Долоон жилийн дараа иргэн нэг бүрт регистрийн дугаар олгож эхэлсэн байна. Удахгүй “халагдах” иргэний үнэмлэхийг 1999 оноос олгожээ. Өнгөрсөн жил иргэдээ шинэчлэн бүртгэж, иргэний цахим үнэмлэх төслийг энэ онд, тодруулбал сонгуулийн өмнө хэрэгжүүлж дуусгах юм байна. Ноднингийн бүртгэлд насанд хүрсэн хүн амын 98 хувь буюу нэг сая 925 мянга, 772 хүнийг хамруулжээ.

Хэзээ ч давтагдашгүй хурууны хээг нь бүртгэж, архивласан учраас биеийн байцаалт давхардах асуудал үүнээс хойш хэзээ ч гарахгүй. Зөрчил, давхардлыг бүрэн арилгасан гэж Улсын бүртгэлийн ерөнхий газрын удирдлага баталж байна. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос томилогдсон Ажлын хэсгийн гишүүн Д.Дондог, Ж.Батсуурь, Д.Оюунхорол нарыг цахим үнэмлэхний хэвлэлтийн явцтай өчигдөр танилцах үеэр ийм мэдээлэл өглөө. Биеийн байцаалттай холбоотой зөрчлийг бид сүүлийн хэдэн жилийн хэрэг шиг ойлгодог. Тэгвэл тийм биш аж. 1960-аад оны эхээр нэгдэлжих хөдөлгөөнд малчин өрхүүд өртөж, нэг хүнд ногдох малын тодорхой хязгаар тогтоож өгсөн байдаг. Олон мал авч үлдэхийн тулд хуурамчаар гэрлэх нь эрс нэмэгдэж тэр хэрээр өрхийн тоо өсчээ.

Картын бараагаар амьдарч асан 1990-ээд оны үед ахиу хүнс авахын тулд талийгаачдаа бүртгэлээс хасуулахгүй байх арга их нарийсчээ. Бас шатахууны нэмэгдэл авахын тулд амьд хүнийг үхсэн гэж бүртгүүлж, оршуулах нэрээр бензин нөөцөлдөг байсан байгаа юм. Эрт тэтгэвэрт гарах гэж насаа нэмдэг гэх мэт зөрчил зөндөөн байсныг саяын шинэчилсэн бүртгэлээр нэг мөр цэгцэлж. Энэ мэтийн 611.215 ширхэг зөрчил арилгасан гэж УБЕГ-ынхан ярьж байна. Цахим үнэмлэхийг хэвлэж, тараах ажлын явцтай танилцах үндсэн зорилгоор УИХ-ын гишүүд тэнд очсон юм.

Сонгуулийн насны нэг сая 925 мянга, 772 хүний мэдээллийг цахим санд бүртгэж авчээ. Үнэмлэх хэвлэх тоног төхөөрөмжөө оруулаад ирчихсэн, одоо суурилуулах ажил ид байна. Сонгуулиас хэдэн сарын өмнө шинэ үнэмлэхийг иргэдэд үнэ төлбөргүй тарааж дуусгана. 14 төрлийн нууцлалтай, олон улсын ISO8710, ISO10373 стандартад бүрэн нийцсэн учраас өмнөх сонгуулиудын үеэр гардаг бичиг баримтын зөрчил хэзээ ч гарахгүй гэж УБЕГ-ынхан баталж байна. Хаяж гээчихгүй бол дор хаяж 10 жилийн эдэлгээ даах эд гэнэ, цахим үнэмлэх.

Го.ЭНХТӨР

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.