Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сонгуулийн зардлын дээд хэмжээг заавал нэмэх албагүй

Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд улс төрийн нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоох аргачлалыг Сонгуулийн ерөнхий хороо, Үндэсний аудитын газрынхан хамтран баталжээ. Үүнийг үндэслэн Үндэсний аудитын газраас нам, эвслүүд энэ удаагийн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоох юм. Улмаар нам, эвсэл, нэр дэвшигчид нь тогтоосон зардлын дээд хэмжээнд багтааж сонгуулийн мөрийн хөтөлбөрөө сонгогчдод тайлбарлан таниулах, сурталчлах ажлаа зохион байгуулах учиртай. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааснаар зардлын дээд хэмжээг гуравдугаар сарын 1-нээс өмнө буюу энэ долоо хоногт багтаан тогтоож, нийтэд мэдээлэх ёстой.

…Тэгвэл энэ удаа сурталчилгаанд ашиглах тээврийн хэрэгслийн тоог хүртэл хуульчилсан нь зардлыг бууруулахад нөлөөлж болох талтай. Тодруулбал, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 35.1-т “Нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгааны зорилгоор улсын хэмжээнд 100 хүртэл, аймаг, дүүргийн хэмжээнд 150 хүртэл тээврийн хэрэгсэл ашиглаж болно” гэж заажээ. Өмнөх хуульд ингэж тодорхой хуульчилж байсангүй…

Манай улс Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг найм дахь удаагаа зохион байгуулах гэж буй. Үүнээс сүүлийн гуравт нь буюу 2013 оны сонгуулиас улс төрийн нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоож ирэв. Тодруулбал, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлын дээд хэмжээг Сонгуулийн ерөнхий хороо тогтоож байсан бөгөөд нэр дэвшигчийн хувьд гурав, нам, эвслийнхийг 5.1 тэрбум төгрөгөөс хэтрүүлэхийг хориглосон. 2017 онд зардлын дээд хэмжээг Үндэсний аудитын газраас тогтоохдоо нэр дэвшигчийнхийг 3.9, нам, эвслээс зарцуулахыг нь 6.9 тэрбум төгрөгөөр хязгаарласан билээ. Тэгвэл сонгуулиас сонгуулийн хооронд тэрбум тэрбумаар нэмэгдэж буй зардлын хэмжээг энэ удаа ч өсгөх үү. Уг нь сонгуулийн зардлыг бууруулах дэлхий нийтийн чиг хандлага хүчтэй ажиглагдаж байна. Сонгуулийн кампанит ажлын зардал бага байх тусам тэгш гарааны зарчим хэрэгжих нөхцөл илүү бүрдэж, өрсөлдөгчид бэл бэнчингээр бус, мэдлэг, туршлага, бодлогоор өрсөлдөн, улмаар ардчилсан сонгуулийн үйл явц, үр дүнд чанарын дэвшил гарах бололцоотой гэж үздэг. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын гишүүн орнуудын гуравны хоёр нь улс төрийн намын ба нэр дэвшигчийн зардлыг хязгаарлах бодлого баримталж буй гэх судалгаа ч бий.

Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд оролцсон нэг нам (эвсэл), түүний нэр дэвшигчийн зарцуулж болох зардлын хэмжээ 10.8 тэрбум төгрөг байсан нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлын 70 хувьтай дүйх дүн юм. Хойд хөршид 2018 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуулийнх нь зардлын дээд хязгаар 400 сая рубль буюу 16 тэрбум орчим төгрөг байсан юм билээ. Газар нутгийн хэмжээ хийгээд сонгогчдын тооны хувьд хол зөрүүтэй хоёр орны нам, эвсэл, нэр дэвшигчдийн зардлыг ийн харьцуулан, хойшид бууруулах ёстойг манай нэр бүхий судлаачид онцлон анхааруулж байв. Тухайлбал, зардлын дээд хэмжээг бууруулснаар нам, эвсэл, нэр дэвшигчид том хандивлагчдын нөлөөнд автаж, мөнгөөр уралдахыг багасган, сонгуулийн өрсөлдөөнийг нэмэгдүүлэх нөхцөл бүрддэгийг “Шилэн нам” авлигын эсрэг түншлэлийн судлаачид онцолж байлаа.

Нөгөө талаас аль ч шатны сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтооход баримтлах бодлого, аргачлал байсангүй. “Шилэн нам” авлигын эсрэг түншлэлээс 2018 онд буюу өнгөрөгч Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа эрхлэн гаргасан “Улс төрийн санхүүжилтийн ил тод байдал, авлигын эрсдэлийн үнэлгээ” судалгааны хүрээнд Үндэсний аудитын газрын удирдлагатай хийсэн ярилцлагын үеэр “Зардлын дээд хэмжээг тогтооход баримтлах бодлого, аргачлал одоогоор байхгүй. Манайхаас сонгуулийн зардлын асуудлаар намуудтай зөвшилцөж байж дээд хэмжээг тогтоож байгаа ч тэд хэтрүүлж байгаа, эсэхийг хянах боломжгүй. Бид тухайн сонгуулийн жилд зах зээлийн ханшаар зардлуудыг тогтоодог. Цаашид зардлын дээд хэмжээ тогтооход баримтлах зарчим ба аргачлалыг хуульчлах хэрэгтэй” гэж байжээ. Үнэндээ өнгөрсөн хугацаанд улс төрийн намуудаас саналыг нь авч байсан ч зардалтай холбоотойгоор тэдэнд заавал хандах талаар ч хуульд заасан нь үгүй.

Ийнхүү нэгэн сонгууль хаяанд ирчихлээ. Үүнээс хойш юу өөрчлөгдөв. Улс орнуудад хэрэглээний үнийн индексийг үндэслэн зардлын дээд хэмжээг тогтоох аргачлал түгээмэл болж байхад манайд намуудын эрх бүхий албан тушаалтны хэлсэн үг, зах зээлийн ханш гээч багцаа, тоймгүй “хэмжүүр” нь хэвээрээ юү. Зардлын дээд хэмжээг тогтооход баримтлах зарчим, аргачлалаа сая Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиа шинэчлэн батлахдаа хуульчилсан уу.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард шинэчлэн баталсан. Уг хуулийн 45.2-т “Төрийн аудитын дээд байгууллага зардлын дээд хэмжээг тогтоохдоо нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил, өрхийн болон сонгогчийн тоо, энэ хуульд заасан бусад шаардлагыг харгалзах бөгөөд аргачлалыг Сонгуулийн ерөнхий хороотой хамтран батална” хэмээжээ. Юутай ч “аргачлал” гэдэг үг сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоохтой холбоотойгоор анх удаа хуульд тусгалаа олсон нь энэ, сайн хэрэг. Харин баталсан аргачлал нь “амьд” байж, сонгуулийг мөнгөний уралдаан болгохоос зайлсхийх бодитой алхам байж чадах болов уу.

Угтаа сонгуулийн зардлын дансанд төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгийг нам, эвсэл, нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө тайлбарлан таниулах, сурталчилгаа, уулзалт, хурал, цуглаан зохион байгуулах болон бичиг хэрэг, шуудан холбоо, томилолт, унаа, ажлын хөлс, урамшуулалд зарцуулах учиртай. Тэгвэл энэ удаа сурталчилгаанд ашиглах тээврийн хэрэгслийн тоог хүртэл хуульчилсан нь зардлыг бууруулахад нөлөөлж болох талтай. Тодруулбал, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 35.1-т “Нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгааны зорилгоор улсын хэмжээнд 100 хүртэл, аймаг, дүүргийн хэмжээнд 150 хүртэл тээврийн хэрэгсэл ашиглаж болно” гэж заажээ. Өмнөх хуульд ингэж тодорхой хуульчилж байсангүй.

Манай улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш сонгуулийн хууль, тогтоомжид зардлыг хязгаарлах, бууруулах, кампанит ажлын хугацааг богиносгох, дээд хэмжээ тогтоох гэх зэргээр шударга өрсөлдөөнийг дэмжих зорилготой өөрчлөлтүүд оруулсаар ирсэн. Тухайлбал, 2016 оноос сурталчилгаанд ашиглах хэвлэмэл материал, зурагт самбар зэргийн хэмжээг хязгаартай байхаар зохицуулснаас гадна сонгуулийн хэсэг бүрт ажиллуулах ухуулах байрны тоог хоёроос илүүгүй байна гэж тогтоосон. Түүнчлэн энэ сонгуулиар анх удаа бизнесийн зорилгоор байнга ашиглагддаг сурталчилгааны самбар, түүний орон зайг сонгуулийн сурталчилгааны зурагт самбарын зориулалтаар ашиглахгүй байхаар хуульчилсан юм. Мөн анх сонгуулийн сурталчилгаа 24 хоног үргэлжилдэг байсныг өдгөө 16 болгон бууруулсан. Гэсэн ч сурталчилгааны хугацаа богиносох тусам зарцуулах хөрөнгийн хэмжээ өсөж байгаа нь мөнгөний хүчин зүйлийн нөлөөг улам нэмэгдүүлж буй хэрэг. Өөрөөр хэлбэл, сүүлийн үед манай сонгуулиуд хэн нь, аль нь богино хугацаанд хамгийн их хөрөнгө зарцуулах вэ гэсэн уралдаанаас өөрцгүй болж байгаа юм.

Цаашлаад сонгуулийн үеийн санхүүжилт, түүний тайланг хянах тогтолцоо манайд хангалттай бий болоогүй. Энэ их хэмжээний мөнгө ямар эх үүсвэрээс бүрдэж, юунд зарцуулагдаж байгаа талаарх мэдээлэл хомс хэвээр. Мөн л зардлын тайланг хянах чиглэлд хуулийн зохицуулалт сайжирч, чангарч байгаа ч төрийн аудитын байгууллага үүнд бүрэн аудит хийхээр тусгаагүй, хянаж, нийтэд мэдээлнэ гэх буюу ёс төдий хяналт тавьж байгаатай цөөнгүй хүн санал нийлэх биз ээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.