Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сонгуулиас өмнө хариулах асуултууд

Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг ирэх тавдугаар сарын 5-ны дотор Сонгуулийн ерөнхий хороонд нам, эвсэл нь ирүүлэх ёстой. Үндсэндээ хоёр сарын хугацаа үлдсэн гэсэн үг. Гэвч үүнээс өмнө чухам ямар үйл явц өрнөхийг сонирхож, бас түгшиж хүлээх нөхцөл үүсээд байна. Уг нь энэ удаагийн сонгуульд МАН, АН, ХҮН, МАХН л нэр дэвшүүлэх эрхтэй. Гэтэл МАН, МАХН нэгдэх хийгээд эвсэх, АН-ын хагарал арилах, цаашлаад УИХ-д цөөнхийн бүлэг бүхий энэ намаас нэр дэвших магадлал өндөр, өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулга дахин өрсөлдөх үү гэх мэт олон асуулт байгаа юм.

…Гэхдээ хамт ярилцаж, зөвшилцөхөөс гадна дотооддоо ойлголцож, санал нэгдэх асуудал МАХН-д бий. Тэр нь тус намаас УИХ-д сонгогдсон гишүүн С.Ганбаатарыг ятгах явдал. Тэрбээр энэ нэгдлийг эсэргүүцэж, саналаас нь зөрвөл намаасаа гарахаа мэдэгдсэн. УИХ-ын гишүүн С.Ганбаатар МАХН-аас гарвал тус нам парламентад суудалгүй болж, Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхгүй үлдэнэ…

С.ГАНБААТАР ҮЛДЭХ ҮҮ

Угшил нэгтэй хоёр хүчин нэгдэх, үнэндээ Улс төрийн намын тухай хуулиар бол МАХН-ын үйл ажиллагааг зогсоож, МАН-д нэгтгэх яриа нэгэнт эхэлсэн. Гэхдээ Нийслэлийн МАХН-ын хорооны дарга Э.Эрдэнэжамъян хоёр нам нэгдэх тохиолдолд нэр нь МАН буюу МАХН, МАХН буюу МАН гэж давхцаж явах ёстой гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм. Юутай ч МАХН-ын дарга Н.Энхбаяр Гүйцэтгэх товчоогоо хуралдуулан, үүнийг хэлэлцэхээ уламжилсан. Энэ талаар зөвшилцөх хамтарсан ажлын хэсэг ч байгуулах юм билээ. Намуудын удирдлага нь нэгдэх тухайд ерөнхийдөө тохиролцсон байгаа тул ажлын хэсгийн түвшинд нарийн ширийн асуудлаа ярилцах гэнэ.

Гэхдээ хамт ярилцаж, зөвшилцөхөөс гадна дотооддоо ойлголцож, санал нэгдэх асуудал МАХН-д бий. Тэр нь тус намаас УИХ-д сонгогдсон гишүүн С.Ганбаатарыг ятгах явдал. Тэрбээр энэ нэгдлийг эсэргүүцэж, саналаас нь зөрвөл намаасаа гарахаа мэдэгдсэн. УИХ-ын гишүүн С.Ганбаатар МАХН-аас гарвал тус нам парламентад суудалгүй болж, Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхгүй үлдэнэ. Дээд шүүхийн 2006 оны 48 дугаар тогтоолоор Улс төрийн намын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлахдаа “УИХ-д суудалтай нам” гэдгийг “Ээлжит болон нөхөн сонгуульд нам буюу намын эвслээс дэвшсэн нэр дэвшигч гишүүнээр сонгогдсон бөгөөд тухайн намын гишүүнчлэлийг хадгалж байгаа тохиолдолд түүнийг нэр дэвшүүлсэн, сонгуулийн саналын хуудсанд бичигдсэн нам буюу намуудын эвсэл хамаарна. Нам буюу намын эвслээс нэр дэвшигч УИХ-ын гишүүнээр сонгогдсон бөгөөд бүрэн эрхийн хугацаандаа тухайн намаас гарч, өөр намын гишүүн болсон тохиолдолд түүний нэрийг дэвшүүлсэн намын УИХ дахь суудлын тоо хасагдаж, шинээр элссэн намд суудлын тоо нэмэгдэхгүй” хэмээжээ. Иймд УИХ-д цор ганц суудалтай МАХН-аас С.Ганбаатар гарчихвал энэ нам парламентад төлөөлөлгүй болно гэсэн үг. Тэгээд ч тэр МАХН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших магадлал хамгийн өндөр нэгэн, 2017 оны сонгуулиар саналаа өгсөн сонгогчдын гуравны нэгийнх нь дэмжлэгийг хүлээсэн хүчтэй өрсөлдөгч.

Хэдийгээр 100 жилийн ойг тохиолдуулан нэгдэх тухай яриаг дахин сөхөж байгаа ч Ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгууль үүнийг өдөөх түлхүүр хүчин зүйл гэдэг нь нууц биш. 2005 онд өнөөгийн МАХН-ын дарга Н.Энхбаяр Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш сойсон хүнээ Төрийн тэргүүний суудалд тухлуулж чадаагүй МАН нэгэн зууны босгон дээр нэр дэвшигчээ ялуулахыг туйлаас хүсэж буй нь лав. Тиймдээ ч Ерөнхий сайдаас нь чөлөөлөн байж намын даргаа Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээр шулуудсан биз. Ингэхдээ салсан цагаас нь хойш сонгуулийн саналыг нь хувааж ирсэн МАХН-ыг өөртөө нэгтгэх гэх нь зүйн хэрэг. Хэрэв МАХН УИХ-д суудалтай байхаа больчихвол нэгдэх тухай энэ яриа сонгуулиас өмнө, цаашлаад түүхт ой тохиосон жилдээ багтаж ажил хэрэг болох нь юу л бол. Мэдээж МАХН нэр дэвшүүлэх эрх ч үгүй, хүн ч үгүй хэлэлцээний ширээний ард суухгүй нь лав. Тэгэхээр нэгдэх тухай яриа С.Ганбаатар МАХН-ын гишүүн хэвээрээ цагт өрнөнө гэсэн үг. Иймд МАХН-ынхан эхлээд эрхэм гишүүнтэйгээ ойлголцох ёстой болж таарах нь.

Энэ хоёр намынхан эх орны эрх ашиг, улсын томоохон хөгжлийн төлөө нэгдэх ёстой хэмээн ярьж байгаа ч нийллээ гэхэд эрх баригчид МАХН-ын албан тушаалтнуудыг хаана, яаж байршуулах тухайд тохиролцохгүй байна гэж үгүй. Эхлээд С.Ганбаатарыг ятган үнэмшүүлэх нь чухал тул түүнд томоохон албан тушаал амлах зэргээр МАХН-ынхан дотроо ярилцах биз.

ХАГАРАЛ НЬ ХААНА ХҮРГЭХ БОЛ

Сонгуульд өрсөлдөх эрх бүхий хоёр хүчин ийнхүү учраа олох гэж ядаж байхад өөр хоорондоо, нам дотроо нэг ойлголтод хүрч чадахгүй хүчин байгаа нь АН. Үнэндээ хэдхэн сарын дараа болох сонгуулиас өмнө энэ нам хөл, толгойгоо олж чадах, эсэхэд нь эргэлзэж байна. Тамга тэмдэг, даргын суудал тойрсон хэрүүл, заргаа түр хойш тавьж, эхлээд удирдлагаа сонгохоор санал нэгдсэн гэдэгт ч итгэл үл төрөв. АН-ын даргад нэр дэвшигчдийг энэ сарын 4, 5-нд бүртгэж, сонгуулийн санал хураалтыг ирэх 28-нд явуулахаар маргалдаж байсан талууд санал нэгдлээ хэмээн тус намын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал уржигдар мэдэгдсэн. Харин түүний мэдэгдлийн дараа төд удалгүй тус тогтоолыг түдгэлзүүлсэн бас нэг шийдвэр гаргачихав. Тодруулбал, гуравдугаар сарын 28-нд санал хураалт явуулахаар шийдвэрлэсэн Дотоод сонгуулийн хорооны тогтоолыг түдгэлзүүлж, ирэх сарын 25-нд явуулах агуулгатай албан бичиг олонд ил болсон юм. Энэ нь С.Эрдэнийн томилсон, Үндсэн дүрмийн хорооны дарга Х.Ганболдын гарын үсэг бүхий, Дотоод сонгуулийн хороонд илгээсэн албан бичиг байлаа. Ийнхүү АН-ын даргын сонгууль хэзээ болох вэ гэдэг нь дахиад л эргэлзээ төрүүлэх нь тэр.

Харин өчигдөр С.Эрдэнэ АН-ын Үндэсний бодлогын хороо ээлжит бусаар хуралдуулж, дүрмийн зарим нэмэлт, өөрчлөлтүүдийг хэлэлцэн дэмжихийн зэрэгцээ Дотоод сонгуулийн болон Үндсэн дүрмийн хорооны бүрэлдэхүүнийг өөрчлөв. Энэ үеэр тэрбээр “Намын дараагийн дарга албан ёсоор сонгогдсон тохиолдолд АН-ын тамгыг хүндэтгэлтэйгээр гардуулж өгнө. Дээд шүүх болон Улсын бүртгэлийн ерөнхий газарт нэг л АН бүртгэлтэй, албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн даргаар С.Эрдэнэ миний бие ажиллаж байгаа” хэмээн мэдэгдсэн юм.

ЦЭЦ “ВИЗ” ӨГӨХ ҮҮ

Эрхбиш Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхийн тулд АН-ынхан дарга, удирдлагаа сонгох л байх. Харин тэр дарга хэнийг дэмжиж, нэр дэвшүүлэхээр зүтгүүлэх вэ гэдэг нь дахиад л хэл ам дагуулж болзошгүй. Ерөөс намаасаа дэмжлэг авч, нэр дэвших нь манай нөхцөлд хамаг л хар, хорыг хослуулсан ажил болчихсон гэхэд хилсдэхгүй.

Тэгвэл энэ удаагийн сонгуульд нэр дэвших туйлын сонирхолтой нэг хүн бий нь өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулга. Гэтэл нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө Цэц хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль Үндсэн хууль зөрчсөн, эсэхийг тогтоож, түүнийг энэ удаагийн сонгуульд нэр дэвших эрхтэй юү гэдэгт хариулах шаардлага үүсчихээд буй. Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгохоор хуульчилсан тул одоогийн Төрийн тэргүүн Х.Баттулга, ер нь өмнө энэ албанд сонгогдон ажилласан хүмүүс дахин нэр дэвших эрхгүй гэдгийг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд тодорхой зааж, хуульчлах байсан, эсэхийг Цэц хянан хэлэлцэх гэж буй хэрэг. Үндсэндээ нэр дэвших “виз”-ээ эхлээд Цэцээс авах болчихоод байгаа юм.

2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 22-нд Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаараа дүгнэлт гаргаснаар тухайн сонгуулийг холимог хувилбараар буюу мажоритар 48, пропорциональ (хувь тэнцүүлсэн) хэлбэрээр 28 гишүүн сонгохоор бэлтгэж байсныг орвонгоор нь эргүүлж орхисон билээ. Тодруулбал, тухайн үед мөрдөж байсан Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэж Цэц дүгнэснээс энэ бүхэн үүдэлтэй. Санал хураалтаас ердөө 45 хоногийн өмнө энэ бүхэн болж, УИХ хуулиа өөрчлөн, сонгуулийн тогтолцоогоо шинээр зурсан юм даг. Ердөө оны өмнөхөн баталсан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг ч ийм зүйл хүлээгээгүй гэх баталгаа алга.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.